Баянзүрх дүүрэг ирэх оныг Хүний хөгжлийн жил болгон зарлахтай холбоотой суурь судалгаануудыг хийж, ирэх оны төсөвт шаардлагатай ажлуудыг тусгахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд шуурхай хуралдааны үеэр "Хүүхдэд ээлтэй байдал” судалгааны ажлын тайланг доктор, профессор Я.Байгальмаа танилцууллаа.
Тэрбээр "Хүүхдийн асуудал бол улс орны хөгжлийн асуудал. Төр хүүхдэд зориулж чадаагүй төлбөрөө насанд хүрсэн хойно нь 12 дахин нугалж халамж болгон өгдөг гэсэн судалгаа байдаг. Тиймээс хүүхдийн асуудлыг нэн түрүүнд анхаарах нь чухал байна” хэмээн ярьсан юм.
Шуурхай хуралдаанаар Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Шүрэнцэцэг хэлтсийнхээ үйл ажиллагааны тайланг танилцуулж, Дотоод аудитын албаны дарга Х.Алтанзаяа дүүргийн харьяа байгууллагуудын шилэн дансанд хийсэн аудитын тайланг танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай зөвлөгөөг өглөө.
Мөн Баянзүрх дүүргийн хороод нэмэгдэж 43 болсонтой холбоотой иргэдийн хаягжилтыг солих ажил энэ сарын 15-ны өдрөөс эхлэх талаар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга П.Мөнхбаатар мэдээлэл өгсөн. Хуралдааны төгсгөлд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан намрын их цэвэрлэгээ болон өвөлжилтийн бэлтгэл ажил, хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж дуусгах талаар холбогдох алба хэлтсүүдэд үүрэг даалгаврыг өглөө.
Мөн иргэдийн хамгийн олон санал гомдол ирдэг асуудал бол золбин нохой устгал юм. Өнгөрсөн сард Нийслэлийн захирагчийн ажлын албанаас тус дүүрэгт 8 хоног ажиллаж 790 нохой устгасан. Энэ сард нохойн ороо орж буй тул дахин золбин нохой устгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл