Тайвань 1200 орчим км-ийн тусгалтай далавчит пуужин туршжээ


Тайвань 1200 орчим км-ийн тусгалтай далавчит пуужин туршжээ

 

Тайванийн зэвсэг хөгжүүлэгч Жүншаны шинжлэх ухаан, технологийн хүрээлэн өнөө өглөө хамгийн сүүлийн үеийн далавчит пуужин туршлаа гэж Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Тус сонины мэдээлж буйгаар, 1200 хүртэлх км-ийн зайд байд тусах чадалтай уг далавчит пуужинг Пиндүн хошууны Зюпэн баазаас харвасан байна. “Газар-газар” ангиллын энэхүү пуужин нь тусгалын хүрээг нь нэмэгдүүлсэн “Hsiung Feng IIE” пуужингийн шинэчлэн сайжруулсан хувилбар болохыг хэвлэлд онцолжээ.
Жуншаны шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн мэдэгдэж байгаагаар, далавчит пуужин нь Хятадын зүүн эрэг дээрх Чиндао эсвэл Хятадын төв хэсэгт орших Ухань зэрэг эх газрын томоохон хотуудад хүрэх чадалтай гэнэ. 
Туршилтын өмнөх өдөр Тайванийн загас агнуурын газраас агаар, далайн орон зайг хаах мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд дурдсанчлан, энэ сард дахин дөрвөн туршилт болно. “South China Morning Post” сонинд мэдээлж буйгаар, өнгөрсөн оны сүүлчээр дор хаяж зургаан пуужингийн туршилт явуулахаар төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас эсвэл Хятадын Ардын чөлөөлөх армийн сургуулилалтаас шалтгаалж цуцалсан байна. Өнөөдрийн туршилт нь Жуншаны Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн хувьд энэ жилийн анхны туршилт юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.