Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагааны хүрээнд 92 хүнийг гадаад улсаас авчирна


Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагааны хүрээнд 92 хүнийг гадаад улсаас авчирна

 

“Шувуу” ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг гаднын улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр болсон гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

 

Тэрбээр "Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90, үүний дотор авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байсан 7 хүн байна. Тэдгээр хүмүүс дээр иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарын иргэд нэмэгдэж болзошгүй. Энэ хоёр хүн нь яллагдагчаар татагдахаас өмнө хилээр гарч явсан ба үүнийг оргон зайлсан гэж шууд хэлэх боломжгүй юм. АТГ-ын удирдлагуудтай бид өчигдөр уулзаж ярилцсан. Эл хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлнэ. Яллагдагчаар татах саналыг баталсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагаа явуулах болно. Ингэхээр 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна. 

 

Хоёрдугаарт, Улсын Ерөнхий прокурорт эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна гэсэн агуулгатай албан бичиг хүргүүлнэ. УЕП-оос санал ирвэл тэдгээр иргэний гадаад паспортыг нь түдгэлзүүлэх арга хэмжээг өнөөдрөөс хэрэгжүүлнэ. Монгол Улс өнөөдрийн байдлаар 23 улстай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэй бөгөөд тэдгээр орнуудад хандана. Нэр дурдагдсан хүмүүсийг аль улсад амьдарч байгааг ерөнхийд нь мэдэж буй. Эдгээр хүмүүсийн нэрсийг ил зарлах боломжтой" гэлээ.

 

Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил болгох тухай” тогтоолыг баталсан. Тус шийдвэрийн хүрээнд Шүгэл үлээх, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах, Шилэн ажиллагааг тус тус явуулахаар болсноо мэдэгдээд байгаа юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.