Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28,083, мөрдөн байцаалтын 2,612 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар 246 хэргийг Прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Үүнд:
- Хүнийг алах тав,
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 89,
- Өмчлөх эрхийн эсрэг 109,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 12,
- Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг долоо,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг зургаа,
- Хууль сахиулагчийг эсэргүүцэх гурав,
- Хүүхдийн эсрэг хоёр,
- Цахим мэдээлэлд хууль бусаар халдах хоёр,
- Заналхийлэх нэг,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гурав,
- Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах долоон хэрэг байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан гэмт хэргүүдийн талаар Цагдаагийн Ерөнхий Газраас нэмж мэдээлэв.
- Тодруулбал, Энэ сарын 15-ны өдрийн 19:52 цагт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Хүн нас барсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж 20 настай, эрэгтэй "Б" гэгч нь согтуурсан үедээ 35 настай, эрэгтэйн биед халдан зодож, амийг нь хохироосон,
- Энэ сарын 15-ны өдрийн 12:50 цагт Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт "Нэг залууг зодоод, дээрэмдээд байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй "М" гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай явж байхад нь үл таних этгээд биед нь халдан зодож, улмаар хэтэвчтэй мөнгийг нь дээрэмдэн зугтаасан байна. Уг хэргийг 24 настай, эрэгтэй "М" гэгч нь үйлдсэн,
- Энэ сарын 16-ны өдрийн 12:06 цагт Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт "Бусдад хутгалуулчихлаа" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 39 настай, эрэгтэй "Т" гэгчийг 48 настай, эмэгтэй "Т" гэгч нь согтуурсан үедээ хутгалж, гэмтээсэн,
- Харин энэ сарын 15-ны өдрийн 15:18 цагт Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Ханангийн энгэр гэх газарт "Тал хээрийн түймэр гарсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус газарт оршин суух хаягтай 41 настай, эрэгтэй "М" гэгч нь ил задгай үнс асгасны улмаас гал алдаж, 200 га орчим талбайг хамарсан түймэр гарсан болон дээрх хэргүүдэд тус тус мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.
Сэтгэгдэл