2015 онд УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг олон улсын жишигт нийцүүлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.
Уг төслийг нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 тоот захирамжаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон юм.
Шийдвэрийн дагуу “Нью Семетри” ХХК Далан давхар (Самбалхүндэв)-ын оршуулгын газарт дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв барих төслийг хэрэгжүүлж байгаа аж.
Төслийн хоёр дах шатны ажил болох тохижилт бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Бүтээн байгуулалт, ногоон байгууламж бүхий тохижилтын ажил 10 га талбайд хоёр жилийн хугацаанд хийгдэж дуусна.
Цэцэрлэгт хүрээлэнгийн 70 хувь нь ногоон байгууламж байх бол 30 хувьд нь Буяны сүм, Бурхан бологсдын чандар шүтээн залах хэсэг, иргэдийн зорчих явган зам, амрах суух хэсэг, орчны гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдсэн тохижилтын ажлуудыг хийх юм байна.
"Төслийн хүрээнд тус оршуулгын газрын 10 га талбай дахь талийгаачдын булшийг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн газраас гарган чандарлаж, чандрыг шинээр байгуулах Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залахаар төлөвлөсөн" хэмээн Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл