Түүхэн сударт тэмдэглэснээр, манай тооллын 1130 онд Чинюань сянийн Лунянь тосгонд төрсөн Ү Сангун, хүн төрөлхтний түүхэнд хамгийн эртний модны анхилам мөөг тариалах арга буюу "Хигээсэнд суулгах арга”-ыг бий болгожээ. Тэрээр зэрлэг мөөгийг нутагшуулан тариалж, эгэл ардад амьжиргаагаа залгуулах боломж нээж өгсөн юм. Өмнөд Сүн гүрний мөөгний тариаланчид Ү Сангуны дурсгалд зориулж барилга барьсан нь өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Ү Сангуны "Хигээсэнд суулгах арга” Сүн гүрнээс хойш 800 гаруй жил хэрэглэгдэж ирсэн байдаг.
"Хигээсэнд суулгах арга”-аар анхилам мөөг ургуулахын тулд ойн тохиромжтой модыг сонгож унагаад хутга, сүхээр модыг ижил зайтай цавчиж хигээс гаргана. Ингээд тэрхүү хигээсэнд мөөгний спорууд аяндаа сууж үрждэг байна. Мөөг тариалах энэ процесс нь мөөгний мод сонгох мэргэжил, зан заншил, нутгийн иргэдийн "ой хамгаалах, тариалах" үзэл ойлголт, технологийг бүрэн илэрхийлдэг аж.
Тосгоны тариаланчид мөөг суулгаж ургуулахдаа 20 гаруй төрлийн мод сонгоно. Энэ нь нэг төрлийн модыг их хэмжээгээр огтлохоос сэргийлж, ойн экосистемийн олон янз байдлыг хадгалах боломжтой юм байна. Түүнчлэн энэ нутгийн үе үеийн тариаланчид хуучин мод тайрч, шинийг үлдээх, сахлаг ургасан модыг огтолж, сийрүүлэх, тогтмол давтамжтай огтлох, сэлгэж нүүлгэх зэрэг нутгийн тариалалтын аргыг дагаж мөрдсөөр ирсэн түүхтэй. Мөөгний модны ашиглалтын жилийн хэмжээ ойн дундаж өсөлтөөс бага байгаа тул ойн нөөцийг хэзээ ч шавхдаггүй. Эдгээр арга хэмжээ нь хүн ба байгалийн зохицонгуй хөгжилд зориулсан мөөг үржүүлгийн өвөрмөц тогтолцоог бий болгож уламжлагдсаар иржээ.
2022 оны арваннэгдүгээр сард "Жэжян Чинюаний ой мөөг нэгтгэн тариалах систем" нь дэлхийн хөдөө аж ахуйн соёлын чухал өвийн жагсаалтад орсон бөгөөд энэ нь хүнсний мөөгөнд голлон анхаардаг дэлхийн цорын ганц хөдөө аж ахуйн соёлын өв юм. Орчин үеийн шинжлэх ухаан, технологи хөгжихийн хирээр хигээсэнд суулгах аргыг анхилам мөөг тариалах шинэ технологиор орлуулсан ч соёлын үнэт өв болох энэхүү түүхэн уламжлалт арга нь устаагүй, 28 дахь үеийн өв залгамжлагч Ү Шинлунгийн гарт өвлөгдөж иржээ. Тэрээр шавь нараа сургаж, энэхүү нандин ур чадварыг үеийн үед уламжлуулна гэж хэлсэн юм.
Сэтгэгдэл