Хорих 413 дугаар ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнийг SWAT-ынхан зодож, яргалсан хэмээн гэр бүлийнхэн нь мэдээлж, харин ШШГЕГ үүнийг худал хэмээсэн билээ.
Тэгвэл харьцангуй хөндлөнгийн байгууллага буюу ХЭҮК-ийн гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар тайлбар өгөв.
Тодруулбал тэрээр: "Д.Мөнх-Эрдэнийн биед хохирол учирсан эсэхийг хорих ангийн эмнэлгийн рапорт, мөн хорих ангийн удирдлагууд Д.Мөнх-Эрдэнийн биед нүцгэн биеийн үзлэг хийж байгаа камерын бичлэгийг авч хянаж үзсэн. Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзаж асуудлыг тодруулсан. Түүнтэй биечлэн уулзах үед Д.Мөнх-Эрдэнэ комисст тодорхой тайлбар өгөөгүй. Албан ёсоор, бичгээр санал хүсэлтээ гаргана гэдгээ илэрхийлсэн. Энэ үеэр зөвхөн Д.Мөнх-Эрдэнэ рүү чиглэсэн тусгай ажиллагаа зохион байгуулагдаагүй. Биднийг ажиллаж байх хугацаанд түүний эрүүл мэндэд илт мэдэгдэхүйц хохирол, шарх сорви үүсээгүй байсан. Хөдөлгөөн болон өөрийгөө илэрхийлэх чадвар нь мөн хэвийн байсан. Артерын даралт ихэссэн гэдэг шалтгаанаар хорих ангийн эмчийн байнгын хяналтанд байгаа юм байна. Биднийг ажиллах үед эхнэртэйгээ удаан хугацааны буюу 72 цагийн эргэлт авсан байдалтай байсан. Д.Мөнх-Эрдэнэ нь ар гэртэйгээ цахим уулзалт хийх үедээ уулзалтын ярианы бичлэгт хяналт тавиулаагүй. Албан хаагчдын хууль ёсны шаардлагыг зориуд удаа дараа биелүүлээгүй, эсэргүүцсэн гэх үндэслэлээр ангийн даргын 2023 оны 9-р сарын 27-ны өдрийн Б47 тоот тушаалаар "Түр хугацааны уулзалтыг нэг сараар хасах" сахилгын шийтгэл авсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даргын тушаалаар цахим уулзалт авах журам гэж батлагдсан. Энэхүү журам нь хүний эрхэд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт хийж байна. Комиссын гишүүдээс ШШГГ-т хүргүүлэх шаардлага, зөвлөмжид тус асуудлыг тусгахаар ажиллаж байна." гэсэн юм.
Ер нь эх сурвалжуудын өгүүлж буйгаар лайвчин гэх Д.Мөнх-Эрдэнэ шоронд ч үе үе бусад руу салаавч гаргаж, хашгирсаар яваа ажээ.
Сэтгэгдэл