Эмчийн зөвлөгөө буланд "SM гоо сайхны мэс заслын” эмнэлгийн Мэс заслын эмч Ц.Энхжаргалтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
- Ярилцлагаа эхлэхээс өмнө нүүрний пластик мэс заслын тухай мэдээлэл өгөх байх гэж бодож байна.
- Гоо сайхны пластик мэс засал ярихаасаа өмнө гоо сайхны болон нөхөн сэргээн засах мэс засал гэдэг тухай мэдээлэл өгсөн дээр байх. Анагаах ухааны маш олон салбарууд дундаас гоо сайхны мэс засал, нөхөн сэргээх мэс заслын салбар нь өөрөө маш том байр суурь эзэлдэг. Тухайлбал, анагаах ухаанд зүрхний эмч гэхээр зүрх болон дотор эрхтэнээ үздэг бол гоо сайхны эмч нь тал талын мэдлэг, ур чадвартай байхыг шаарддаг. Энэ нь тухайн хүнийг нярайгаас эхлээд амьдралын төгсгөл хүртэл нас, хүйс, шашин, шүтлэг зүйлийг харгалзахгүйгээр хийгддэг мэс засал гэдгээрээ онцлог юм. Яагаад чухам нярайгаас эхлэж байна вэ гэхээр энэ насан дээрх уруул амны сэтэрхий дээр хийгддэг сэтэрхийг нөхөх мэс засал буюу нөхөн сэргээх мэс засал гэж хийгддэг.
Тэгэхээр гоо сайхан нь бүх насны, бүх хүнд хийгддэг юм. Орчинд үед хүчээ авч хөгжиж байгаа салбарын нэг бол нөхөн сэргээх мэс засалаасаа илүү пластик гоо сайхны мэс заслын салбар байдаг. Тэгэхээр гоо сайхны пластик мэс заслын салбар маань өөрөө нүүрнийх, биеийнх, нөхөн сэргээх тал руугаа хийгдэх мэс засал уу гэдгээсээ шалтгаалаад дотроо өөрөөр янз байдаг.
-Нүүрний мэс заслын тухайн хамгийн эрэлттэй хийгдэж байгаа хагалгаа нь нүдэнд давхраа оёх болон хамрын мэс засал байна. Нүдний мэс засал дотроо хэдэн төрөл байдаг вэ?
-Давхрааны үндсэн төрөл нь дотроо 3 төрөл байдаг. Гэхдээ давхрааны мэс заслаас гадна хүний зовхинд хийгддэг мэс засал нь дотроо 5 төрөл байдаг. Үүнд дээд болон доод зовхи татах мэс засал, харин давхраа оёх мэс заслын тухайд бүтэн болон хагас зүсэлттэй. Мөн зүсэлтгүй оёх аргын мэс засал гэж хуваагддаг.
-Эдгээр мэс заслуудыг эдгэрэлтийн хугацаа өөр хоорондоо адилгүй байдаг байх.
-Түрүүн хэлсэн 3 төрлийн мэс засал хийгдлээ гэхэд тухайн хүнээ үзэж байгаад зовхины болон арьсны онцлог, зовхинд өөх хэр их байгаагаас шалтгаалан мөн түүнчлэн үйлчлүүлэгчийн наснаас хамааран хагас зүсэлттэй эсвэл бүтэн зүсэлттэй давхраа хийх үү гэдгээ сайтар ярилцаж байж шийддэг. Оёх аргын давхраа буюу ямар нэгэн шарх сорив үүсэхгүй хийдэг давхраа нь 18-25 болон хамгийн дээд тал нь 30 насны хүмүүст хийх боломжтой байдаг. Үүнд эрэгтэй, эмэгтэй гээд аль ч насны хүнд хийх боломжтой. Яагаад гэхээр энэ насныхан илүү залуу учраас зовхины арьс чанга байдаг. Арьс чанга байхаар хиймэл биш илүү натурал ордгоороо илүү давуу талтай. Мөн түүнчлэн оёх аргын давхрааны давуу тал нь хийсний дараа үйлчлүүлэгчийн хүсэлтийн давуу утасаа буцаагаад авчих боломжтой байдаг.
- Зовхинд хийх мэс засалд насны заалт бий юу?
- Одоогоор тэдээс тэдэн насанд тийм мэс засал хийнэ гэсэн тусгайлан гаргасан зүйл байхгүй. Түрүүний хэлсэнчлэн оёх аргын давхраа хийлгэх нас нь 28 гэж хэлсэн боловч тухайн үйлчлүүлэгчийн нүдний зовхи өөх ихтэй, уутанцартай буюу бүлцэн байвал оёх аргын давхраа зохимжгүй сонголт болно. Харин үйлчлүүлэгчээ үзэж байж зовхиноос өөх авах шаардлага байдаг учир бүтэн болон хагас зүсэлттэй давхрааг нь санал болгож зөвлөх шаардлагатай юм.
- Давхрааны мэс заслын дараа гарч болох хүндрэлийн тухай яривал?
- Нүдний давхрааны мэс заслын дараах хүндрэл бол шархны үрэвсэл байдаг. Мөн түүнчлэн хоёр нүдний давхраа өөр болох байж болно. Түүнчлэн хагалгааны дараа гам дэглэм бариагүйгээс шалтгаалан давхрааны оёдол цаагуур цус хурах эрсдэл бий. Тийм учраас хагалгаа хийгдсэний дараа барих ёстой гам болох ороо 45 градус өндөрлөж унтана, хүнд зүйл өргөж болохгүй, нүдэндээ цохилт авж болохгүй гэхчлэн зөвлөмжүүдийг сайтар өгдөг. Харин зөвлөмжөө дагаж байгаад жоохон хүнд юм өргөснөөс болоод нүдний зовхины хялгасан судаснууд нь хагараад гемотон буюу цус хуралт үүсэх эрсдэлтэй гардаг.
Хэрвээ гемотон үүсэн бомбойж хавдсан бол тухайн оёдлуудаа авч байгаад цэвэрлэх ажилбар дахин хийгдэнэ гэсэн үг.
- Тэгэхээр нэгэнт оёчихсон давхраа өөр болчихсон тохиолдолд дахин засах боломжтой гэсэн үг үү?
- Тийм, боломжтой. Тухайн шархны эдгэрэлтээс шалтгаалан хийх боломжтой байдаг. Тухайн хүний давхрааны хэмжээг аваад яг адилхан хийсэн ч гэсэн дараа нь хоёр өөр болох нь мэс заслын шархны арчилгаа, эдгэрэлтийн процес соривжилтийн онцлогоос хамаараад нэг нүдний давхраа нөгөө нүднийхээсээ арай илүү гүн суух, намхан болох эсвэл соривжилтондоо татагдах тиймэрхүү эрсдэлүүд байдаг. Тэгэхээр бидний зүгээс оёдол авсны дараа шархаа ингэж арчлаарай хэмээн зөвлөгөө өгдөг. Тэгэхгүй бол хоёр нүдний давхраа хоёр өөр болох тохиолдол их гарна. Хэрвээ үнэхээр хоёр өөр орчихсон тохиолдолд давтан орох шаардлагатай.
- Тэгвэл хамрын гоо сайхан талдаа хийгдэж байгаа хагалгаа нь дотроо хэдэн янз байдаг вэ?
- Хамрын хагалгаа нь гоо сайхны заалтаар уу, нөхөн сэргээх заалтаар уу гээд үндсэндээ дотроо 3 хуваагдаж байна. Гоо сайхны заалтаар хийгдэж буй хагалгаа нь эрүүл байгаа эд эрхтэнг үйлчлүүлэгчийн өөрийн хүсэлтээр өөрчилж буй үйл явцыг хэлнэ. Энэн нь хамар өндөрлөх, хамрын урд хэсгийг шонтойлгох, самсайг багасгах гэж хийгддэг бол клиник тал руугаа таславч тэгшлэх, самалдаг тайрах хагалгаанууд хийгдэж байна. Нөхөн сэргээх тал руугаа гэхээр хамрын яс цөмөрсөн, нэг талын хацрын яс цөмөрсөн байвал тухайн хэсгийг орлуулагчаар хиймэл гадны биет тавих, эсвэл арьс нь зулгарч байхгүй болсон тохиолдолд биеийн аль нэг талаас нь арьс авч нөхөн сэргээх, шилжүүлэн суулгах мэс заслууд хийгддэг.
Гоо сайхны хагалгааны хувьд хамрын мэс заслыг яаж хийдэг вэ гэж их асуудаг. Зүсэлтээ хаагуур нь хийх вэ, хүн харахад сорив шарх их харагдах уу гэж асуудаг. Зөвхөн имплант буюу силикон гадны биед тавьж хамар өндөрлөхөд хамрынх нь баруун юмуу зүүн нүхэн дотор нь зүсэлт хийж имплантаа байрлуулах боломжтой байдаг. Тэгэхээр гадна талаас нь хүн харахад шарх сорив мэдэгдэхгүй. Харин хамрын имплантаар хамраа өндөрлөнгөө үзүүрээ янзлуулах эсвэл хамрын бөөрөнхий үзүүрээ шөнтгөх болгоё гэвэл хамрын голын зүслэгээр нээлттэй орж хамрын хагалгаа хийдэг. Ингэж орсон тохиолдол хамрын голд жижиг сорив харагдана.
Мөн түүнлчэн хамрын самсай буюу сартгар багасгах мэс заслыг Монголчууд их хийлгэдэг болж байна. Учир нь юм хөгжихийн хэрээр гадаад дотоодын мэдээлэл авдаг болчихсон ээнэ үед "Би яг энэ мэс заслыг хийлгэмээр байна. Яг л энэ болмоор байна” гэж ирдэг болчихсон. Яг үүнтэй адилхан хамрын самсай багасгах мэс заслыг өмнө нэг их мэддэггүй байсан бол одоо хүмүүс их мэдэж ирж хийлгэдэг болсон. Самсай багасгах мэс заслын хувьд хоёр янзын аргаар зүсэлт үүсэж байна. Хамрын дотор болон хамрын гадна тал буюу угалзаа тойруулан зүсэлт хийгдэж болно.
-Түрүүний таны хэлсэнчлэн хамрын имплант буюу гадны биетийг суулгахдаа хамрын аль хэсэгт хэрхэн байрлуулаад байна вэ? Хүмүүсийн сэтгэгдлээс харахад суулгасан биет сул хөдлөөд байна гэдэг зүйлийг их харсан. Энэ яг яагаад хөдөлгөөнд ороод байна вэ?
- Хамарт өөр мэс ажилбар хийгдэхгүйгээр дан ганц имплант хийлгэхийн Монголд маш их хийгддэг болсон. Имплант хөдөлгөөнт орох нь хагалгааны дараа барьж байгаа гам дэглэмтэй салшгүй холбоотой байдаг. Тухайлбал, хамрыг гадны биед буюу силиконоор өндөрлөхөд тухайн үйлчлүүлэгчийн хамрын нуруу ясан дээр, хамрын нүдний голоос үзүүр хүртэлх хэмжээ аваад тохирсон өндөртэй имплантыг тавьдаг гэсэн үг. Ингэж тавихдаа ясны хальсны доогуур нь шургуулж тавьдаг. Ингээд хамрын ясан дээр мордуулан тавьсан имплант 6 сарын дараа гадна талаараа капсул гэх нимгэн хальс үүсдэг. Тухайн нимгэн хальс нь гадны биет ороод ирэх үед хамгаалах нимгэн бүрхүүл үүсдэг гэсэн үг юм. Энэ хальс нь үүсэх хугацаа нь 6-аас 1 жилийн хугацаанд үүсдэг. Энэ хугацаанд нүдний шил зүүж болохгүй, хагалгааны дараах 14 хоногт хажуу тийш харж хэвтэж болохгүй ба дээшээ харж хэвтэхдээ дэрнийхээ өндрийг 45 градус налуу болгон хэвтэнэ. Мөн түүнчлэн гаднаас санаатай болон санамсаргүйгээр цохилт авч болохгүй зэрэг дэглэмүүдийг алдахгүй сахих нь мэс заслын дараах эдгэрэлтэд болон 6 сарын дараах имплант хөдөлгөөнгүй өөрийн мэт сууж өгөхөд нэмэр болно. Зарим тохиолдолд гаднаас ямар нэгэн байдлаар цохилт өгсөн тохиолдолд гадна үүссэн бүрхүүл буюу капсул нь суларч хөдөлгөөнд ордог. Ийм тохиолдолд гадна талаас харахад хамрын хэлбэр далийсан, хавар хавдар үүссэн, үрэвссэн, хамрын үзүүр нимгэрч улайсан болон цайрсан тохиолдолд үйлчлүүлэгчийн өөрийн хүсэлтээр имплантыг авч шарх бүрэн гүйцэд эдгэрсний дараа дахин хийлгэх боломжтой.
- Гадны хэвлэлүүдээс харахад хамрын хагалгаанд орсон бүсгүйчүүдийн хамрын үзүүр урдаасаа үхжсэн гэх мэдээлэл харж байсан. Тэр яг ямар тохиолдолд үхждэг юм болоо?
- Тэр бол тухайн хүний арьсны эзэлхүүнд таараагүй том имплант хийлгэсэнтэй холбоотой. Хамрын имплант ашиглаж байгаа үед хамрын эхний хүндрэлүүдийн нэг бол хамрын үзүүр цоорох, нимгэрэх, гэрэлтэх асуудлууд хамгийн их тохиолддог. Энэ нь урт имплант хийчихсэн тохиолдолд хамрын үзүүр хэсэг цусан хангамжгүй болоод цоороод байна гэсэн үг. Тэгэхээр одоо ирж буй үйлчлүүлэгчид нэг зураг бариад яг үүн шиг өндөр хамартай болмоор байна гэж их ирдэг болсон. Тэгэхээр бид тухайн хүнээ үзэж байгаад арьсны сунах чадвар хэр байна гэдгээс хамаараад имплантын хэмжээг хэр томруулж болхоор байгаа талаар зөвлөгөө өгнө. Үнэхээр тухайн үйлчлүүлэгчийн арьсны сунамтгай чанар муу тохиолдолд өндөр имплант хийвэл түрүүний хэлсэн хүндрэлүүд гарна. Тийм учраас арьсны онцлогт тохирсон хэмжээтэй имплантыг хийлгэх нь зөв.
- Нүүрний пластик мэс засалд хүнд хагалгаандаа тооцогдох нүүрний шанаа тайрах мэс заслын тухай асуумаар байна. Манай улсын хувьд энэ хагалгааны эрэлт хэр байдаг вэ?
-Манай улсын хувьд нүүрний пластик мэс заслын хувьд хамгийн том мэс засал бол шанаа тайрах, хацрын яс тайрах мэс засал ордог. Үүнийг бид бүхэн гоо сайхны пластик мэс засалдаа хийх бол тухайн үйлчлүүлэгчийн өөрийн хүсэлтээр хийдэг. Харин өвчин эмгэгийн заалтаар хийх бол нөхөн сэргээх зарчмаар хийгдэнэ. Гоо сайхан пластик талдаа гэвэл үйлчлүүлэгч өөрөө зорьж ирж хийлгэдэг ба нүүрний үндсэн шинжилгээ авч үйлчлүүлэгчийн нүүрний хэв шинжийг тодорхойлж байж ямар мэс засал хийгдэх нь шийдэгддэг.
- Хагалгааны үйл явцын талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
- Энэхүү хагалгаа нь маш том, өргөн цар хүрээтэй хагалгаа учраас тухайн хүнд маш олон төрлийн шинжилгээнүүдийг бүрдүүлэх шаардлагатай болдог. Хагалгааны баг хамт олны тухайд мэдээгүйжүүлэлтийн эмч зэрэг 6-10 хүний бүрэлдэхүүнтэй хийгдэх хагалгаа юм. Түүнчлэн бүтэн унтаалагатай ордог ба хагалгааны нийт хугацаа 2-4 цаг хүртэл үргэлжилдэг. Үйлчлүүлэгчийн нүүрний хэлбэр хэмжээнээс хамаараад хэр их тайрах тухайгаа маш сайн ярилцана. Бага зэрэг тайрах шаардлагатай бол тусгай аппаратаар ясыг үрэх мэс засал хийгдэнэ. Эсвэл тайрах хэмжээ том тохиолдолд эрүүний булан тайрах мэс засал хийгдэнэ. Хэрвээ эрүүний булан тайрах мэс засал хийгдсэн бол яснаас тайрч авна гэсэн үг. Тэгэхээр эрүүний мэс засал нь дотроо 3 төрөл болж байгаа юм.
- Эрүү, шанааны яс тайрах мэс засалд орсон эмэгтэйчүүдэд нийтлэг ямар төрх гардаг вэ? Мэдээж өргөн шанаагүй, том хацрын ясгүй болох байх.
- Жижигхэн нүүртэй болно. Өмнөх төрхөөсөө арай илүү залуу харагдах ба охид бүсгүйчүүдийн хэлдгээр V-line буюу жижигхэн шанаатай, шөмбөгөр эрүүтэй харагдана. Энэхүү хагалгааг ихэвчлэн азиуд буюу солонгосчууд их хийлгэдэг. Яагаад гэхээр Солонгос эмэгтэйчүүд нүүр жижигхэн байх тусмаа залуу, өхөөрдөм, хөөрхөн харагддаг гэж үздэг. Тэгэхээр манай монгол охидууд гадна дотны олон дуу, клип сериалууд үзээд яг л ийм нүүртэй болмоор байна гэж их ирдэг.
- Энэхүү хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ, гарч болох хүндрэлүүд хэр байдаг вэ? Түүнчлэн эдгэрэлтийн хугацаа бусад пластик мэс заслуудаас арай илүү удаан үргэлжлэх байх гэж бодож байна.
- Эрүү шанаа тайрах мэс засал өөрөө том мэс засал. Үүнийгээ дагаад гарч болох эрсдэл, хүндрэлүүд бас бий. Жишээлбэл, эрүү яс тайрах, шанаа яс багасгах тэс засалд орсноор нүүрний мэдрэл булчингууд гэмтэх байж болно. Мөн түүнчлэн цочрох болон хэсэг хугацаанд саажиж болно. Нэг талын болон хоёр талын нүүрний булчин цочирсноос болоод мэдрэхүй алдагдах асуудал байж болно. Аяандаа шарх эдгэрэх тусам саажсан мэдрэл, эсүүд буцаад хэвийн шинжиндээ орно. Эдгэрэлтийн хугацаа 1-2 жилийн хугацаанд бүрэн гүйцэд эдгэрнэ. Тэгэхээр энэ хугацаанд нүүрэнд гарсан ямар нэгэн өөрчлөлт асуудлууд мөн адил хэвийн болоод ирнэ гэсэн үг. Яагаад эдгэх хугацаа ийм өөр байна вэ гэхээр арьс, өөх зэргийг аваагүй нүүрний яснаас тайрч авсан учраас эдгэрэх хугацаа хамаагүй өөр болж байгаа юм. Эдгэрэх хугацаандаа арьсны даруулгын 6 сараас 1 жилийн хугацаанд тасралтгүй, тогтмол зүүх шаардлагатай байдаг. Тэгэхгүй бол яс нь өөрөө эдгэхдээ овгор товгор болоод бороолох, хагалгаанд орохоосоо ч илүү том болж эдгэх магадлал өндөр байдаг учраас хагалгааны дараах гам барилтыг сайтар барьсны дараа өөрийн хүссэн үр дүнд хүрнэ.
Эрүү, шанаа багасгах мэс засалд орсны 14-30 хоногийн хугацаанд амаа том ангайж болдоггүй. Түүнчлэн хүнд юм өргөх, нүүрэнд янз бүрийн даралттай массаж хийж болохгүй ба нэмэлтээр нүүрэндээ өөр төрлийн хагалгаа хийлгэж болохгүй. Амаа том ангайж, хатуу зүйл идэж болохгүй гэдэг нь тухайн хүнд өгөх зовиурыг нь багасгаж байгаа хэрэг. Харин урт хугацаанд барих гам нь түрүүний миний хэлсэнчлэн нүүрний даруулгийг л сайтар зүүх. Ясны бороолох хугацаанд л даруулгаа сайтар зүүгээд эдгээчихвэл асуудалгүй.
Мэс засал гэдэг нь өөрөө маш ярвигтай зүйл учраас үйлчлүүлэгчийн асуудлыг нэн тэргүүнд сонсож дараа нь өгөх зөвлөгөө зөвлөмжөө өгнө. Юун түрүүнд ирсэн үйлчлүүлэгчийн хүсэлтээр шууд хагалгааг санал болгоод байж болохгүй. Дөрвөлжин эрүүтэй бол V-line ботокс хийх ч юм уу, эрүүгээ шонтгор болгоё гэвэл эрүүгийн филлер, имплант суулгах зэрэг хагалгаанд орохоос өмнөх бүх зүйлсийг санал болгож хийж үздэг. Хэрвээ үнэхээр үр дүнд хүрэхгүй, эсвэл үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцэхгүй тохиолдолд эрүү, шанаа тайрах мэс засал хийлгэж болно. Мөн гадуур борлуулагдаж байгаа V-Line болгодог аппарат нь хэсэг хугацаанд л гоё нарийнхан харагдаж байгаад буцаад хэвийн хэмжээндээ ордог зүйл юм. Хүмүүсийн рекламдаад байгаа шиг амархан шөмбөгөр гоё болоод байгаа нь тухайн хүний эрүүний хэмжээнээс хамаараад өөрөөр байдаг. Бүр дөрвөлжин эрүүний ястай хүн бол тийм аппарат зүүвэл огт өөрчлөлт гарахгүй.
- Тэгэхээр нүүрний аль ч төрлийн мэс засалд орсон бай эдгэрэлтийн хугацаа өнгөрөхийн хэрээр яг өөрийн мэт харагдана байх тэ?
-Тийм. Хамрын хагалгаа хийлгэлээ гэхэд 6 сарын дараа бүх хаван, хавдар буучихсан тохиолдол яг өөрийн мэт төгс, натурал харагдана.
- Нэг хийлгэчихсэн тохиолдолд тодорхой хугацааны дараа солиулах зэрэг шаардлага гарахгүй гэсэн үг юм байна тийм ээ?
- Хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт нь хөхний, эрүүний, хамрын зэрэг имплантыг 10 жилийн дараа солиулдаг гэнээ, Энэ үнэн үү эмчээ гэж их асуудаг. Хөхний болон хамрын имплантын тухайд заавал 5 эсвэл 10 жилийн дараа солиулаарай гэсэн заалт бол байхгүй. Тухайн хүнд маань харшлахгүй, үрэвсэл өгөхгүй, тухгүй байдлыг үүсгэхгүй байвал насан туршдаа байх боломжтой. Хэрвээ хамрын имплант хийлгэчихээд хамрын үзүүр улайгаад, нимгэрээд, гэрэлтээд байх юм бол үйлчлүүлэгчийн хүсэлтээ авчиж болдог. Энэ тохиолдолд хамар шамбийж унаад онцгүй болно гэсэн юм байхгүй, хагалгаанд орохоосоо өмнөх шигээ л хамартай болно.
- Хамрын имплант гэхээр ямархуу хэлбэр хэмжээтэй зүйл байдаг бол гэж бодоод байна. Хөхнийх бол зөөлөн зүйл байдаг шүү дээ.
- Хөхний имплант бол зөөлөн, дотроо шингэн, нялцгай байдаг. Хамрынх нь яг силиконон хатуу байдаг. Хамрыг хэмбэржүүлж байгаа учраас хатуу, зүсээд үзэхэд нэг л хэвийн хатуу байдаг.
- Түүнчлэн хагалгааны дараах шархны эдгэрэлтийн тухайд хүн бүрийн шархны эдгэрэлтийн онцлог өөр өөр байдаг гэж сонссон. Энэ тухайд?
- Пластик мэс засалд орж байгаа хүмүүсийн шархны онцлог их чухал байдаг. Соривжилт ч мөн адил чухал. Бид үйлчлүүлэгчидтэйгээ хагалгааны талаар ний нуугүй ярьж байгаатай адил биеийнх нь соривжилтийг нь харж байж хагалгаа хийгдэх, хийгдэхгүйгээр шийднэ. Хүний биенд үүсэж байгаа сорив дотроо их олон төрөл. Бид пластик буюу гоо сайхны мэс засал хийж байгаа учир нүүрэнд үүсэх соривыг тооцоолж байж хийдэг. Нүүрний хагалгааны дараах соривт хамгийн аюултай нь клоёт буюу овгор улаан том сорив үүсэхийг хэлнэ. Энэ нь арьсан дээр зүсэлт хийсний дараа эдгэрэлт явагдахдаа хэт урвал буюу хэтэрхий их идэвхижилтэй явагдаж байна гэсэн үг. Хэрвээ тухайн хүний биеийн онцлог клоёт сорив үүсэж эдгэдэг бол биед ил харагдах хэсэг буюу нүүрэнд хийх мэс заслыг хийхийг шууд зогсоодог.
Нүдний давхрааны тухайд таньд том улаан сорив бий юу гэж асууж байгаад хэрвээ байгаа тохиолдолд давхраа хийхээс татгалзана. Учир нь давхрааны оёдол эдгэхдээ том улаан болоод эдгэчих учраас гоо зүйн хувьд ч онцгүй харагдана. Харин эрүүл мэндийн шалтгаанаар мэс засалд орох гэж байгаа бол ямар сорив үүсэх нь хамаагүй байдаг.
Мөн тухайн үйлчлүүлэгч маань клоёт соривтой болсон бол тухайн соривын эдгээр эмчилгээг давхар хийдэг. Эсвэл үйлчлүүлэгчийн өөрийн хүсэлтээр сорив хамаагүй гээд мэс засал хийлгэсэн тохиолдолд оёдол авагдсаны дараагаас эхлээд соривны арчилгаагаа шууд шууд хийж эхэлдэг. Энэ нь тухайн үйлчлүүлэгчид зориулсан соривны менежмент гаргаж хийдэг маш том зүйл юм. Ингэж хийснээрээ клоёт сорив үүссэнээсээ 2-3 дахин бага сорив тогтох боломжтой байдаг. Тийм учраас гоо сайхны эмнэлэг зорьж байгаа үйчлүүлэгчид маань өөрийнхөө биеийн онцлогийг мэдэж, эмчтэйгээ ний нуугүй ярилцвал хамгийн зөв алхам болно.
- Ярилцлагынхаа төгсгөлд гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа эсвэл хийлгэчихээд удаагүй байгаа хүмүүстээ ямар зөвлөгөө өгөх вэ?
- Хэрвээ та гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж мөн сонирхож байгаа бол 2-3 өөр төрлийн эмчтэй уулзаж зөвлөгөө, зөвлөмж аваарай гэж хэлмээр байна. Тэгэхгүй анх уулзсан эмчийнхээ зааварчилгаагаар мэс засалд орчихоод өөрийнх нь сэтгэлд нийцэхгүй болбол өөр эмчид үзүүлдэг байж гэж харамсдаг. Мөн эмч бүр хүнийг харах нүд өөрөөр байдаг учраас аль эмч нь таныг илүү ойлгож байгаа вэ гэдэг дээр төвлөрч эмч болон эмнэлэгээ зөв сонгоорой гэж хэлмээр байна. Түүнчлэн олны танил хүмүүсийн рекламдсан эмнэлэгийг сайн гээд шууд тухайн эмнэлэг, эмчийг сонгодог явдал хамгийн буруу байдаг учраас өөрийн үзэж сонссон зүйлдээ итгэхээсээ илүү мэргэжлийн эмчийн зөвлөгөө зөвлөмж дээр үндэслэн сонголтоо хийгээрэй. Хэрвээ хагалгааны дараа ямар нэгэн байдлаар хүндрэл гарсан тохиолдол цахим хуудаст хандаж нийтэлхээсээ илүүтэйгээр сонгосон эмнэлэгтээ, эмчдээ очиж учир байдлаа хэлж байгаарай гэж хүсэж байна.
- За баярлалаа, ажлын амжилт хүсэе.
OTOCH.MN
Сэтгэгдэл