Ерөнхийлөгчийн найз Х.Хэрлэн УБТЗ-д “сэлэм эргүүлж” байна гэв үү


Ерөнхийлөгчийн найз Х.Хэрлэн УБТЗ-д “сэлэм эргүүлж” байна гэв үү

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн байгууллага болсон “Эрдэнэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголросцветмэт” зэрэг байгууллагын Монголын талд ногдох хувь нь Засгийн газрын гэх тодотголтой байдаг ч үе үеийн Ерөнхийлөгч нарын “халаас”-ны газар шиг явсаар ирсэн байдаг. “Эрдэнэт” үйлдвэрт Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын эрх мэдэл Засгийн газрын бодлогоос илүү үйлчилдэг байсныг илтгэх олон жишээ бий. Хамгийн сүүлийнх нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Худалдаа хөгжлийн банкныхан “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувийг авч өгснийг бүгд мэднэ. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Төмөр замыг өөрийнх мэт аашилдаг байсан.

Тэгвэл “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хувьд дээрх “уламжлалт” эрх мэдлийн хувиарлалтын дагуу Ерөнхийлөгчийн найз Х.Хэрлэн оны өмнөхөн даргаар томилогдсон. Уг нь, Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд УБТЗ-ын даргын нэрийг Оросын талд санал болгосон гэдэг ч Ерөнхийлөгчийн хүслээр Х.Хэрлэнгийн нэрийг өгснийг хүн бүр шахуу мэднэ дээ.

Үнэндээ “Эрдэнэт”-ийг Оросын Монголын хамтарсан үйлдвэр байхад Монголын Засгийн газар хэд хэдэн удаа нэрийг нь санал болгосон ч Оросын тал хүлээж авалгүй босго мөргөөд бүдэрсэн Х.Хэрлэнг УБТЗ ХНН-ийн даргаа томилуулахад Ерөнхий сайдад амаргүй байсан гэдэг. АМГТГ-ын дарга Х.Хэрлэнг Оросын талтай тохиролцож чадалгүй шатахууны хомсдол үүсгэсэн хэрэгт нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага тооцох ёстой байтал харин ч дэвшүүлэх гээд энд тэндээс гуйж суугаа нь нутгийн ахын ачийг бодсондоо л гэхээс өөр яалтай.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук нарт Х.Хэрлэнг “УБТЗ” ХНН-ийн даргаар томилуулах тухай санал тавиад таатай хариу аваагүй. Арга ядаад “Оросын төмөр зам” компанийн Ерөнхий захирал О.В.Белозеровоос Ерөнхий сайд өөрөө гуйсан ч гэдэг мэдээлэл бий. Ерөнхий сайд Оросын нэг аж ахуйн нэгжийн захиралтай иймэрхүү зүйл ярьсан гэхээр МАН-д Х.Хэрлэн их л хэрэгтэй хүн аж. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд бүх л талаас нь зүтгүүлсээр байж, 2021 оны арванхоёрдугаар сард түүнийг “УБТЗ” ХНН-ийн даргаар томилуулсан. Гэтэл өнөөх нэр нүүрээ баран байж томилуулсан дарга нь байгууллагаа санхүүгийн алдагдал руу чирээд зогсохгүй, ажлаа аваад л баруун зүүнгүй халаа сэлгээ хийсээр байгаа аж.

Ажлаас халах болсон шалтгаан нь “Намын бодлого”, “Намаас өгсөн үүрэг даалгавар”, “Нэг баг болж ажиллаж чадахгүй”, “Өөрийн хүнээ тавина” гэдгээр хязгаарлагдаж байгааг мэргэжлийн төмөр замчид үнэхээр толгой сэгсрэн гайхаж байна. Стратегийн онцгой салбар төмөр зам бол МАН-ын бодлогоор хөдөлдөг, үүрэг даалгавраар ажилладаг газар биш.

Гэтэл Х.Хэрлэн даргын халсан хүмүүсийн жагсаалт Хөдлөх бүрэлдэхүүний засвар ашиглалт хариуцсан замын орлогч дарга, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга, Тээвэр зохион байгуулалтын албаны дарга, Вагоны аж ахуйн албаны орлогч дарга, Худалдан авалт, борлуулалтын албаны орлогч дарга, Катеринг зочлох үйлчилгээний хэлтсийн дарга, Худалдааны албаны дарга, Улаанбаатар худалдааны төвийн дарга, Статистик бүртгэл мэдээллийн технологийн албаны дарга, Дотоод аудит хяналт шалгалтын албаны хэлтсийн дарга, Хууль зүйн албаны орлогч дарга, Зорчигч тээврийн төвийн дарга, Тээвэр зохион байгуулалтын албаны захиран хувиарлах хэлтсийн дарга, Эрчим хүч ус хангамжийн дарга, Хүний нөөцийн албаны орлогч дарга гэх мэтээр нэлээн урт болоод байгаа гэнэ. Харамсалтай нь, дээрх хүмүүсийн оронд томилогдсон этгээдүүд дунд “ёстой нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр муу нэртэй луу данстангууд цөөнгүй шургалжээ.

Наад зах нь мэргэжлийн бус хүмүүс томилогдсон бөгөөд даргыг магтах их ажилд ханцуй шамлагсдаар дүүрсэн хэмээн салбарынхан таагүй хандаж байгаа юм.

Хэрвээ Ерөнхийлөгчийн найз Х.Хэрлэнг “ажил сайжруулаад ир” гэж томилсон бол Ерөнхий сайд түүний араас хяналт тавих цаг нь болж. Харин “Ерөнхийлөгчийн найз” хэмээн ач хариулж томилсон бол толгойг нь илээд УБТЗ-ыг ОХУ-ын “РЖД” компанийн араас дефольт зарлахыг хараад суух биз.

 

http://www.newszone.mn/view/52738


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.