Торгон дээр буусан бодлын тэмдэглэл


Уран бүтээлч Луо Чи

Бодол, мэлмийд төсөөлсөн бүхнээ нүднээ ил буулгаж чаддаг нь гагцхүү уран бүтээлч хүн заяагдсан хамгийн гайхалтай чадвар юм. Уран бүтээлчийн толгойд “нэрэгдэж” гагц охь шимийг нь л шүүж, оюун бодол, харах нүдийг нь хамтад нь баясгах чадвартай бүтээл туурвина гэдэг хүндхэн сорилт болдог нь лавтай.

Португал улсад амьдардаг Хятадын нэн орчин үеийн чиглэлээр бүтээлээ туурвигч уран бүтээлч  Луо Чи “Итиопын тэмдэглэл” бие даасан өрөг урлагийн үзэсгэлэнгээ ХААН галерейд олон нийтэд дэлгэжээ.

Энэхүү үзэсгэлэн бүхэлдээ торгон хэвлэлийн хэсгээс бүрдэх бөгөөд энгийн атлаа гүн гүнзгий утга агуулга бүхий хийсвэр ертөнцийг дүрсэлсэн аж. Торгон хэвлэл дээрх зургуудыг сайн ажваас тодорхой бус эртний бичиг мэт уран бичлэг дүрс тэмдэг, түүний хажууд дундад зууны үеийн хаад, хатад, хуяг дуулгат баатар эрс, бурханчилсан хүний дүрс, хээ, тэмдэг зэрэг нь нэгэн орон зайд оршин зурагдсан нь бодолд л биеллээ олох шидэт ертөнцийг өөрийг эрхгүй санагдуулна.

Уран бүтээлч Луо Чи бүтээлүүддээ өрнөдийн дундад зууны үеийн урлагийн хэлбэр, өнгө төрх болон Дорнын эртний бичээс, уран бичлэгийн хэв маягаас санаа авч өөрийн бодлын ертөнцөө бодит болгосноороо онцлог юм. Нөгөөтэйгүүр Хятадын уран бичлэг, чөлөөт бичлэгийн арга барилаар бүтээлээ туурвисан нь баригдмал үзэл бодлын чөлөөт дүрслэл мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн огтлолцол болсон “Итиопын тэмдэглэл” үзэсгэлэн ХААН Банкны төв оффисын 3-р давхарт байрлах ХААН галерейд 2024 оны 3-р сарын 29-нийг дуустал 09:00-18:00 цагийн хооронд нээлттэй байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.