Монгол Улсад орлогын албан татвар төлөгчөөр бүртгэлтэй 143 805 аж ахуйн нэгж бий. Гэтэл өнгөрсөн онд эдгээр аж ахуйн нэгжээс 25000 нь татвар төлжээ. Үлдсэн 118 802 аж ахуйн нэгж огт татвар төлөөгүй гэсэн үг. Магадгүй эдийн засгийн хямралд өртсөнтэй холбоотойгоор эдгээр аж ахуйн нэгжийн 20 орчим мянга нь хаалгаа барьж, үйл ажиллагаагаа зогсоосон гэж үзвэл Монголд татвараас бултдаг 100 гаруй мянган аж ахуйн нэгж байна гэж тооцож болохоор байна.
Харин татвар төлдөг 25 мянган аж ахуйн нэгж нийтдээ 2.84 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Гэвч энэ мөнгөний 90 гаруй хувийг ердөө 500 хүрэхгүй аж ахуйн нэгж бүрдүүлжээ.
2015 оны шилдэг татвар төлөгч тодруулах ёслолын ажиллагаан дээр албаны хүн "Эрдэнэт”, Эм Си Эс” групп тэргүүтэй "Топ 100” аж ахуйн нэгжийн төлсөн татвар гэхэд л 2.5 их наяд төгрөгтэй тэнцэж байна” гэж мэдэгдсэн. Тэгэхээр, бусад бүх аж ахуйн нэгж нийлээд 384 сая төгрөг л татварт төлсөн болж таарах нь. Эндээс үзэхэд, эдийн засгийн төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ч цалингаас өөр орлогогүй иргэдээс бага татвар төлдөг компаниуд хэтэрхий олон байдаг ажээ. Үндэсний статистикийн хорооны судалгаанд энэ оны зургадугаар сарын байдлаар улсын хэмжээнд дундаж цалин 844 мянган төгрөг байна гэжээ. Ажил хийж байгаа хүн бүр сард 84.400 төгрөгийг хүн амын орлогын албан татварт төлдөг гэсэн үг. Цалин хөлс ба түүнтэй адилтгах орлогод ногдуулсан татвараар өнгөрсөн жил 442.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байхад аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 621.4 тэрбум төгрөг хуримтлуулсан байна. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт юм. Үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд татварын албанд зориулан хуурамч тайлан гаргах нь элбэг. Орлогын албан татвар бүрдүүлэлт багасах үндсэн шалтгаануудын нэг нь энэ. Татвар шударга ногдохгүй байгаагийн баталгаа. Тиймээс Засгийн газар татварыг нэмэх тухай санаашрах биш, харин татварыг хэрхэн адил тэгш авдаг тогтолцоог бүрдүүлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй болжээ.
Д.Ирээдүй
Breakingnews.mn
Сэтгэгдэл