Энэтхэгийн өмнөд хэсгийн Керала мужид хүчтэй аадар бороо орсны улмаас 123 хүн амиа алдаж, олон арван хүн нурангид дарагджээ. Тодруулбал, мужийн оршин суугчид Мягмар гаригийн үүрээр унтаж байх үед Ваянад дүүргийн уулархаг хэсгүүдэд хөрсний гулгалт үүссэн байна. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч аадар борооны улмаас гүүр нурсан тул нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа удаашралтай байна.
Онцгой байдлын албаныхан мэдэгдэхдээ, машинаар очих боломжгүй газруудад 100 орчим хүн нурангид дарагдсан хэвээр байгаа тул амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэж магадгүй гэжээ.
Хөрсний гулгалт нь 2018 онд үерийн улмаас 400 гаруй хүний аминд хүрсэн харамсалтай явдлаас хэд дахин том гарз хохирлыг авчраад буй. Албаныхны мэдээлснээр, эрэн хайх, аврах ажиллагаанд аюулгүйн хүчнийхэнд туслахаар 200 гаруй албан хаагчаа илгээсэн байна. Ерөнхий сайд Пинари Вижаян хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Мягмар гаригт болсон хөрсний гулгалт бүхэл бүтэн газар нутгийг устгасан байна.
Орон нутгийн эмнэлгүүд дор хаяж нурангинаас болж шархадсан 123 хүнийг эмчилж байгаа бөгөөд 3000 гаруй хүнийг аварч, 45 хүнийг тусламжийн хуаранд шилжүүлсэн аж.
Ваянадад 65 хүн нас барснаас гадна хөрш зэргэлдээх Малаппурам дүүрэгт цутгадаг Чалияр голоос 16 хүний цогцос олджээ.
Эх сувалж: CNN
Сэтгэгдэл