“Big Bang”-ийн Сынри шөнийн клубын маргаантай дахин холбогдов


“Big Bang”-ийн Сынри шөнийн клубын маргаантай дахин холбогдов

 

Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийн гишүүн Сынри 2022 оны нэгдүгээр сард “Burning sun” шөнийн клубээс хөрөнгө завшиж, мөрийтэй тоглосон, хөрөнгө оруулагчдад зориулж биеэ үнэлэгч худалдаж авсан зэрэг хэргээр 18 сарын хорих ял авсан. Шүүх хурлын эхний шийдвэрээр Сынри гурван жилийн хорих ял авсан байсан ч тэрбээр бүх хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлсэн тул 18 сар болгож бууруулсан билээ. Түүний шоронд байх 18 сарын хугацаа энэ оны хоёрдугаар сарын 11-нд дууссан.

Тэгвэл Сынри дахин “Burning sun”-тай нэр холбогдов. Тодруулбал, энэ сарын 31-нд Индонезийн Сурабаяа хотод "Burning Sun Surabaya" олон улсын арга хэмжээ болох аж. Энэ арга хэмжээнд Сынри тусгай зочноор оролцоно гэж зарласнаар шөнийн клуын маргаан дахин сэргэв. Арга хэмжээг зохион байгуулагч "TVS Management" компани цахим хаягтаа уг үйл ажиллагаагаа "K-pop Night Party" гэж сурталчлан  зурагт хуудас байрлуулсан нь олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгараад байна.

Уг дуулианаас гадна Сынри Камбожид шөнийн цэнгээний газар нээхээр бэлтгэж байна гэсэн мэдээлэл ч өнгөрсөн тавдугаар сард цацагдсан.

Энэ мэт дуулианаас улбаалаад "Шоронд ял эдэлсэн атлаа гэмшээгүй байна" гэж Сынриг олон нийт шүүмжилж буй. “Дуулианы улмаас энтертайнмент салбараас хөөгдсөн хүн яг тэр клубын арга хэмжээнд оролцож байгаа нь үнэхээр аймшигтай. Тэр өмнөх гэмт хэрэгтээ харамсахгүй байгааг энэ нь тод харууллаа" гэж нэгэн сонсогч хэлжээ.

Эх сурвалж: KOREA HERALD


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.