МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг Азийн олимпын зөвлөлийн соёлын байнгын хорооны даргаар сонгогдлоо


Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн 44 дэх удаагийн Eрөнхий ассамблeй БНЭУ-ын Дeли хотноо өнөөдөр буюу 2024 оны есдүгээр сарын 8-ны өдөр болж тус байгууллагыг 2024-2028 оны циклд удирдах Гүйцэтгэх зөвлөлийн сонгууль явагдлаа.

Энэ удаагийн ерөнхий ассамблейд АОЗ-ийн гишүүн 45 ҮОХ-д цахимаар болон танхимаар оролцож, нууц санал хураалтын дүнгээр 44 ҮОХ-ны дэмжлэг авсан Ража Рандхир Сингх АОЗ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон, тус байгууллагыг ирэх дөрвөн жилд удирдах боллоо. АОЗ-ийн Eрөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2021 оноос ажиллаж байсан Ража Рандхир Сингх нь өдгөө 77 настай бөгөөд Олимпын наадамд 5 удаа, Азийн наадамд 4 удаа оролцож байсан тамирчин бөгөөд 2001-2014 онд ОУОХ-ны гишүүн, 2014 оноос Хүндэт гишүүнээр ажиллаж байна.

Мөн түүнчлэн энэ үeэр АОЗ-ийн Байнгын хороодын дарга нар сонгогдож, улмаар ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Eрөнхийлөгч Б.Баттүшиг “Соёлын байнгын хороо”-ны даргаар ирэх дөрвөн жил ажиллахаар болжээ.

АОЗ-ийн дүрмийн дагуу Удирдах зөвлөлийн гишүүд болон Ёс зүйн хорооны дарга, гишүүдийн сонгуулийг тус тус явуулсан бөгөөд “Ханжоу 2022” Азийн наадмын тайланг хэлэлцэж, “Айчи Нагояа 2026” Азийн наадмыг Зохион байгуулах хорооны бэлтгэл ажлын мэдээллийг хүлээн авч, улмаар 2025 онд Азийн танхимын болон тулаан спортын наадмыг зохион байгуулах Ряд хотноо тус наадмын тугийг гардуулан өгөв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.