
Болох, болохгүйг хэлчихдэг, бас болоогүй хоёрхон минутад ярих гэснээ бүгдийг нь багтааж чаддаг чадвартай "болдоггүй бор” бол УИХ-ын гишүүн Д.Ганбат. Тэрбээр Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа. Хэлсэн ярьснаасаа болж шүүмжлэлд өртөх нь их энэ гишүүн маань Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор хэвлэлээр ярих нь жирийн өдрүүдийнхээс ч ихэссэн. Чуулганы танхимд ч, байнгын хороон дээр ч, теевизийн дэлгэц, сонины хуудас, сайтын нүүрэн дээр ч хаа сайгүй Д.Ганбат гишүүн. Ингэж олон удаа ярьж байхдаа эрхэм гишүүн авлигын хэргээр шалгагдаж буй гэх "анги”-ийнхаа хоёр гишүүний нэрийг нийтэд зарлачихсан. Энэ бол буруу биш. Түүнийг шүүмжлэх ч эрхгүй. Шалгагдаж байгаа нь үнэн гэж АТГ-аас ч мэдээлэл тараасан. Үүнийг яагаад "нэг анги” гэдэг нуувчин дор чимээгүй орхих гэж. Д.Ганбат зөв зүйл хийсэн. Өөр ч олон хүний нэрийг ил болгох ёстой юм.
Гэтэл түүн рүү дайрах, шүүмжлэх хандлага нэмэгдчих юм. Магадгүй нэрээ зарлуулдаг хоёр "болдоггүй амнаасаа болж...” гэж ирээд л ил далд янз бүрээр хэлээ биз. Нэр нь зарлагддаг хоёрыг ч өмөөрөх, өмгөөлөх гишүүд ч байнгын хороо, чуулганы үеэр ярьж харагдана лээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат ингээд зөв зүйл хийснийхээ төлөө бурууддаг юм байж.
Аа бас хүмүүст таалагдахгүй ч зүйл ярьдагийг нэгэн. "Монгол бичгийг хүүхдүүддээ зааж, зовоож яах гээд байгаа юм бэ” гээд хэлчихсэн хүн дээ. Үүнийх нь төлөө "Болдоггүй бор”-ыг сошиалаар ёстой шүүмжлэх шиг болсон. Чуулганы хуралдаан дээр хааяа хэлэлцэж байгаа асуудлаасаа хол зөрүү зүйл ярина. Үүнийг нь дарга нь шүүмжлэхэд "Дарга аа би гол санаагаа хоёр минутад багтаагаад ярьчина шүү дээ” гэж хэлээд ангийнхныгаа хөгжөөгөөд авсан удаатай.
Ах Женкогоо дагасаар улс төрд анх удаагаа сонгогдож буй энэ хүн энэ парламентын бас нэг өнгө төрх болсоор яваа. Баянхонгороос сонгогдож, Женкогийн далбаан дор орж ирсэн ч, тэрбээр өөрийгөө сайнаар, муугаар ч харуулаад авсан. Дуугүй суудаг хүмүүсийг бодвол буруу ч гэсэн ярьдаг нь түүний давуу тал гэлтэй.
Х.Наранжаргал
Цензургүй.мн
Сэтгэгдэл