ЗӨВ ЗАМДАА ОРСОН Ч МӨЛХӨЖ БАЙГАА ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ ЯАХ ВЭ


 ЗӨВ ЗАМДАА ОРСОН Ч МӨЛХӨЖ БАЙГАА ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ ЯАХ ВЭ

Эхлээд нэг сүртэй тоо хэлье. Өнгөрсөн долоо хоногт "Гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөхөд төрийн болон Олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр албаны хүмүүс одоогийн байдлаар зах зээл дээр 80 мянган орон сууц байна. Түүний 30 орчим мянга нь бэлэн болчихсон, улсын комисс хүлээгээд авчихсан барилга гэсэн мэдээллийг өгч байсан. Үлдсэн 50 мянган орон сууц нь ямар нэг хэмжээнд баригдаж байгаа гэсэн үг л дээ. Ойрын 1-2 жилийн дотор ядаж л 20 мянга нь бүрэн ашиглалтад орчих байх.
 
Нөгөө талд Улаанбаатарын гэр хороололд 200 гаруй мянган айл өрх утаа үйлдвэрлээд л амьдарч байна. Тэдний ядаж л 25 хувь нь орон сууцанд ямар нэг байдлаар орох боломжтой байх. Бүгдээрээ л ямар ч орлогогүй, банкинд сардаа дунджаар 500 мянган төгрөг төлчих чадалгүй л байв гэж. Ингээд бодохоор ядаж л одоо ашиглалтад нэгэнт орчихоод байгаа 30 мянган айлын орон сууцийг авчих эрэлт бол байгаа.
 
Гагцхүү барилгачдын орон сууцаа зарах, иргэдийн авах "гүүр”- ийг холбож байсан ипотекийн зээл нь өөх ч биш булчирхай ч биш болчихлоо. МАН-ын Засгийн газар ипотекийн зээлийг эрүүлээр, зөв замаар урагшлуулна гэж байсан ч одоогоор санаж сэрсэн юм алга. Яах вэ, ипотекийн зээл одоохондоо зөв замаар явж байна. Өнгөрсөн хугацаанд бол Монголбанкнаас мөнгө хэвлээд л ипотекийн зээлийг санхүүжүүлчихдэг байсан.
 
Одоогоор ипотекийн зээл 3.95 тэрбум төгрөгт хүрчихээд байна. Үүний 3.05 нь "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл байгаа юм. Энэ мөнгөний ихэнхийг нь зүгээр л хэвлээд арилжааны банкуудад өгчихсөн. Энэ мөнгө төсөвт суудаггүй байсан, зүгээр л улстөрийн намуудын амлалтаа биелүүлэх гэсэн муйхар алхмын нэг хэсэг. Хөтөлбөр нь маш зөв зүйтэй, харин шийдэх алхам нь тэнэг байсан гэсэн үг.
 
Одоо бол Монголбанк мөнгө хэмээд энэ хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байгаа юм. Угаасаа тийм боломж ч байхгүй. Тэгэхээр одоо нэгэнт зээлчихсэн 3.05 тэрбум төгрөгөөс эргэн төлөлтөөр орж ирж буй 25 орчим тэрбум төгрөгийг буцааж зээлэх маягаар ипотекийн зээлийг санхүүжүүлж байна. Энэ бол одоохондоо энэ зээлийг хэрэгжүүлэх хамгийн зөв алхам. Угаасаа өөр мөнгө улсад байхгүй. Төв банк мөнгө хэвлэх алхмыг хийх ч боломжгүй.
 
Тиймээс эргэн төлөлтөөрөө ипотекийн зээлээ санхүүжүүлээд явахаас өөр арга байхгүй. Өнгөрсөн аравдугаар сард гэхэд банкууд 672 зээлдэгчид шинээр ипотекийн зээл олгосон байгаа юм. Түүний 419 нь "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 253 нь банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Гэвч аравдугаар сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 31.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 56.9 хувиар буурсан байна.
 
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн аравдугаар сард 34.7 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд өгч. Үүний 69.8 хувь буюу 24.2 тэрбум төгрөг нь "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийнх, 30.2 хувь буюу 10.5 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл байна.
 
Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ 2016 оны 10 дугаар сарын байдлаар 51.6 сая төгрөг байна гэсэн тоог Монголбанкнаас өгсөн мэдээлэлд дурьдсан байгаа юм. Ядаж байхад 34.7 тэрбум төгрөгийнх нь 23.2 хувийг нь хөдөө орон нутгийн зээлдэгчдэд өгчихсөн. Тэгэхээр Улаанбаатарт амьдарч байгаа иргэд орон сууцны зээлэнд ямархуу маягаар хамрагдаж байгаа нь тодорхой.
 

Ипотекийн зээлд Засгийн газрын ивээл дутаад байна

 
Монголбанк арваннэгдүгээр сард дээр дурьдсантай ойролцоо мөнгийг л ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зориулж арилжааны банкуудад өгсөн байж таараа. Удахгүй тайлан нь гарах байх. Гэхдээ тэндээс хараад байх шаардлага ч байхгүй. Хэрвээ ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр орж ирж байгаа мөнгийг л хуваарилсан бол 25 тэрбум хавьцаа л байна. Тэгээд банкууд өөрсдийн эх үүсвэрээс хэдэн төгрөг нэмээд, 30 гаруй тэрбумд л эргэлдэх учиртай. Ингээд л 700-гаад хүний зээлийн асуудлыг шийдэж өгч таарна. Өнөөдөр орон сууцны эрэлт ямар байгаа билээ. Хэдийгээр ипотекийн зээлийн санхүүжилт зөв замаар явж байгаа ч гэсэн арай л удаан байна Мөлхөж байгаа гээд хэлчихэд буруудахгүй.
 
Ядаж байхад ипотекийн зээлийн үлдэгдлийн 90.5 хувь нь "ХААН”, "Голомт”, ХХБ, "Төрийн банк”, "Хас” гэсэн 5-6 банкинд ногдож байна. Энэ дундаас арай гайгүй шалгууртайгаар, нааштай зээл өгч байсан нь Төрийн банк. Гэтэл хувьчлагдах сургаар зээлээ бараг хаачихлаа.
 
Одоо бол ипотекийн зээл өгч байгаа эсэх нь ч мэдэгдэхгүй шахам л байна, банкууд. Угаасаа ипотекийн зээлийн шалгуур ямар өндөр билээ. 30 хувиа яаж бүрдүүлснээ батлахаас авахуулаад бөөн юм болдог. Гэтэл одоо санхүүжилтэд нь өгч байгаа мөнгөний хэмжээ өнгөрсөн жилийнхээ даруй 60 хувиар буурчихаар хэнд зээл олдох вэ дээ, ойлгомжтой.
 
Тийм болохоор одоо МАН-ын "Мэргэжлийн” Засгийн газар энэ асуудалд жаахан анхаарлаа хандуулж, хайр ивээлээ хайрлаач ээ. Анхаарал хандуулаач гэхээр төв банкаа мөнгө хэвлэ гэж шахаж болохгүй. Гаднаас хөрөнгө оруулалт татаж, түүнийгээ улсын төсөвт суулгах замаар ипотекийн зээл рүү орж байгаа мөнгийг жаахан нэмэхгүй бол ойрын хэдэн жилдээ хурд нь нэмэгдэхгүй, сардаа 500 орчим хүний асуудлыг л шийдсээр байх болчихоод байна. Магадгүй 2020 он хүртэл энэ янзаараа, яст мэлхийн хурдаар урагшлах болчихоод байгаа юм.
 
Гэтэл тэр хооронд өнөөх зах зээл дээр байгаа 80 мянган айлын орон сууц чинь бүгд бүрэн ашиглалтад ороод дуусчих байх. Харин иргэд орон сууц авч чадахгүй хэвээрээ л байна. Өнөөх утаа, хөрсний бохирдол нь улам нэмэгдэх нь ойтгомжтой. Тийм болохоор яст мэлхийн хурдтай ипотекийн зээлийнхээ "алхаа”-г нэммээр байна.


Монголын мэдээ
Н.Пунцагболд



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.