Их Британи улс Европын холбооноос 2019 оны гуравдугаар сард бүрэн гарна гэж тус улсын Brexit хариуцсан сайд Дэвид Дэвис Би-би –си телевизээр мэдэгдсэн байна. "Энэ үйл явдал 2019 оны гуравдугаар сард болно” гэж Их Британи Европын холбооноос хэзээ гарах вэ гэсэн асуултад тэрээр хариулжээ.
"Европын холбооноос гарах шийдвэрийг британийн ард түмэн өнгөрсөн жил болсон бүх нийтийн санал асуулгаар гаргасан. Энэ үйл явдал заавал болох ёстой” гэж Дэвис хариулсан байна.
Тэр бас парламентаа даваа гарагт болох хуралдаанаараа Brexit-ийн тухай хуулийг дэмжихийг уриалжээ. "Бид энэ хуулийг гаргах ёстой. Үүнийг Ерөнхий сайдтай бүү холбож ойлго” гэсэн байна.
Их Британи улс Европын холбооноос гарах эсэх асуудлаар өнгөрсөн оны зургадугаар сарын 23-нд бүх нийтийн санал асуулга болж нийт хүн амын 51,9 хувь нь евроинтеграцаас гарах нь зөв гэсэн хариу өгсөн юм.
Сэтгэгдэл