Ашигт малтмалын газрыг шүүхэд өгчээ


Ашигт малтмалын газрыг шүүхэд өгчээМонголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Өлтийн аманд ашигт малтмал олборлож байгаа "АУМ” ХХК нь нөхөн сэргээлт хийхгүй байгаа талаар ашигт малтмалын газарт гаргасан нэхэмжлээ шүүхэд өгөөд байгаа гэнэ.

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөлийн дарга Д.Ганболд Ашигт малтмалын газрын буюу төрийн байгууллага, албан тушаалтнуудын хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй  гэж үзэж байгаа аж. Тиймээс тус холбооны зүгээс АМГ-ыг шүүхэд өгчээ.

"Эрэл” ХХК  нь 1993 онд анх Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Өлтийн аманд ашиглалтын 362А, 421А, 7104А гэсэн тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж эхэлсэн юм байна. 2008 онд Чех улсын хөрөнгө оруулалттай "АУМ” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн бол 2012 онд "АУМ Алт” ХХК нь тусгай зөвшөөрлийг эзэмших болсон байна. Эдгээр тусгай зөвшөөрөл бүхий талбай нь нийтдээ 1062.6 га талбайг хамардаг ба үүнээс 98.7 хувь нь гол мөрний урсац бүрэлдэх эхтэй, 2.9  хувь нь усны сан бүхий газрын хилийн заагтай, нэг хувь нь ойн сан бүхий газар байдаг аж.

 "АУМ” ХХК-ний  тусгай зөвшөөрөл бүхий талбайд алт олборлох ажиллагаанаас  улбаатай байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн сэргээх ажлын нийт зардал нь 32.788.334 сая төгрөгт хүрээд байгаа юм гэв. Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч  болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хэмээн байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15.1.2 хэсэгт заасан байдаг.

Мөн байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 хэсэгт заасан эрхийн хүрээнд Ашигт малтмалын газрын эсрэг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Ашигт малтмалын явцад эвдэрсэн газрыг хоёр жилийн хугацаанд нөхөн сэргээж нутгийн иргэдэд хүлээлгэж өгөхийг хүсч байгаа юм.

Х.Нямбаатар


Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.