Шүүгчээс татгалзсаныг гэмт хэрэг гэж үзжээ


Шүүгчээс татгалзсаныг гэмт хэрэг гэж үзжээ"Муу муудаа дээрэлхүү. Мухар үхэр гадсандаа дээрэлхүү” гэх зүйл болж байна, цаана чинь. Шүүхийн ерөнхий зөвлөл гэх Монгол Улсын хамгийн их эрх мэдэлтэй байгууллагын гаргасан гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс өмгөөлөгч Ц.Баасандоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл өмгөөлөгчийг гэмт хэрэгтэн болгож, торны цаана суулгах гэж улайрч байгаа дүр зураг сүүлийн үед тод харагдаж эхлэв. Шүүхийн ерөнхий зөвлөл өмгөөлөгч Ц.Баасандоржийг гарах гарцгүй болгожээ гэдгийг "Өдрийн сонин”-ы 2015 оны 10.19-ний даваа гаригийн 5206 дугаартай сонины VI нүүрт хэвлэгдэн гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Нөлөөллийн мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан референт Ж.Түвшинжаргалын өгсөн ярилцлагаас олж мэдлээ.

Ж.Түвшинжаргалын өгсөн ярилцлагад Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандорж өмгөөлөгчийг юуны учир буруутган, цагдаад шалгуулах болсон талаар тодорхой ярьжээ.

"Шүүгч Х.Идэр өмгөөлөгч Ц.Баасандоржийг шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж үзэн, нөлөөлийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн. Нөлөөллийн мэдүүлэгт "Өмгөөлөгч Ц.Баасандорж Л.Гансүхийн хэргийг шүүж байгаа шүүгч Х.Идэрийн ах Х.Тамир прокурор хүн. Хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Хэргийг нь АТГ-т ахлан шалгаж байна. АТГ юу ч хийж магадгүй байгууллага. Тийм учраас шүүгчийг барьцаалсан байж магадгүй” гэж зэрэг үндэслэлээр  шүүхээс  татгалзсан.  Шүүх хурлаас гарч ирээд сэтгүүлчдийн шүүхээс татгалзсан үндэслэлээ тайлбарлаж хариулсан.

Шүүгч Х.Идэр өмгөөлөгч Ц.Баасандорж надаас татгалзсан үндэслэлээ хэвлэл мэдээллээр ярьсан учраас  шалгаж өгнө үү” гэсэн нөлөөллийн мэдүүлэг ирүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандоржийг буруутай гэж үзээд цагдаад шалгуулж байгаа” гэж ярьжээ. Шүүгч Х.Идэр Ц.Баасандорж өмгөөлөгчид их гомдсон бололтой. Гомдсон гомдлоо аавдаа эрхэлж байгаа хүүхэд шиг л Шүүхийн ерөнхий зөвлөлд нөлөөллийн мэдүүлэг нэрээр "ховлоод” авчээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл ч эрх танхил хүүхдээ бусдаас өмөөрч байгаа  аав, ээж  шиг асуудалд хандаж, өмгөөлөгчийг гарах гарцгүй болтол нь шахаж байгаа юм байна. Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандоржийг буруутай, хууль зөрчсөн гэж үзэж байгаа гол шалтгаан нь ийм учиртай аж. Л.Гансүхийн шүүх хурлын үеэр Ц.Баасандорж шүүх болон шүүгчээс хэд хэдэн үндэслэлээр татгалзсан байдаг.

Шүүх хурлын үеэр сэтгүүлчид Ц.Баасандоржоос шүүх, шүүгч нараас татгалзаж байгаа үндэслэлүүдийг нь асуусан гэнэ. Сэтгүүлч нарын тавьсан асуултад хариулснаас болж буруутан болжээ. Ердөө л ийм зүйлээс болоод буруутан болжээ. Сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан нь гэмт хэрэгтэн болгох гол үндэслэл болсон байна. 

Цагдаад шалгуулж байгаа Ц.Баасандорж буруутан болох уу гэдэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Нөлөөллийн мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан референт Ж.Түвшинжаргал "Цагдаагийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэх юм бол хуулийн дагуу хэргийг прокурор хянаад шүүхэд шилжүүлнэ. Шүүх гэм буруутай эсэхийг шийдвэрлэнэ” гэж хариулжээ.

Үүнээс цагдаа, прокурор Ц.Баасандоржийн хэрэг гэх зүйлийг шүүхэд шилжүүлчих юм бол шууд гэмт хэрэгтэн болохоор харагдаж байна. Удирдлага байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн гаргасан гомдлыг шүүгч нар хэлэлцэнэ. Мэдээж даргынхаа эсрэг цэрэг нь ажилладаггүй байгалийн хууль бий. Тиймээс  Ц.Баасандоржийг шууд гэмт  хэрэгтэн болгож торны цаана суулгах нь  100 хувийн магадлалтай байна. 

Цагдаа, прокурор Ц.Баасандоржид холбоотой хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзвэл яах вэ. Үүнд  Ж.Түвшинжаргал ингэж хариулсан байна.

-Гэм буруугүйгэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзвэл?

-Өмгөөлөгч Ц.Баасандоржтой холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд албан ёсоор мэдэгдэх учиртай. Энэ нөхцөлд Ц. Баасандоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Гэхдээ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Ц.Баасандоржийг шүүгчийн хараат бус байдалд халдсан эсэхийг ерөнхий зөвлөл  харьяаллын дагуу шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх бүрэн  нээлтэй байгаа. Шүүх өмгөөлөгч  Ц.Баасандорж шүүгчийн хараат бус байдалд халдсан байна гэж үзвэл хуульд зааснаар  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэн хэмжээний  мөнгөн торгуулиар торгох юм уу, албан тушаалаас нь огцруулах хүртэлх арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэж болно” гэж ярьжээ.

Цагдаа, прокурор энэ хүн гэмт хэрэгтэн биш. Гэмт хэрэг үйлдээгүй байна гэж гэм буруугүйг нь тогтоогдчихоод байхад  Шүүхийн ерөнхий зөвлөл заавал буруутан болгох юм байна. Гэм буруугүй байсан ч гэсэн хамаа байхгүй юм байна. Гэм буруугүй хүнийг шүүхээр дахин шүүж мөнгөн торгуулиар торгох эсвэл өмгөлөгчөөр ажиллах эрхгүй болгох аж. Ц.Баасандорж ажлаа хийж хүн өмгөөлснийхөө төлөө, сэтгүүлчдийн асуултад хариулсныхаа төлөө шоронд суух. Аз нь таарвал ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж дахиж хүн өмгөөлж, мэргэжлээрээ ажиллах боломжгүй болоод гудамжинд лааз өшиглөөд алхах ийм л хоёр зам дурайтал хүлээж байна.

Ц.Баасандорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн хорхойтой араанд гарах гарцгүй болтлоо зуугджээ. Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй болно гэдэг нь энэ буюу. Л.Гансүхийн шүүх хурлыг шоронд хийлгэхгүй, шүүх хурлыг  телевизээр шууд дамжуулаад, өмгөөлөгч хүнд байдаг шүүх, шүүгчээс татгалзах ганц эрхээ шал дэмий эдлэх гэж оролдсон юм. Бусад өмгөөлөгч нар шиг  загас шиг л дуугүй, номхон тэмээ шиг хүлцэнгүй байсан бол өнөөдөр шоронд орох уу, эсвэл ажилгүй болж, хэдэн сая  төгрөгөөр  торгуулах уу гэдэг дээрээ тулж хүнд байдалд орохгүй байлаа. "Гарьд магнай” кинон дээр гардаг шиг энэ нийгэм чинь харцын хүүхэд түрүүлж болдоггүй наадам шүү дээ. Ажлаа сайн хийж, үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах гэж оролдсныхоо горыг ингэж л амсаж байгаа юм. Таван сая төгрөгний цалинтай, Тахарын албаар хамгаалуулсан. Төрөөс байр орон сууцаа бүрэн хангуулчихсан, Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог "тэнгэрийн амьтад”-ыг газрын "амьтан” өт хорхой шиг өмгөөлөгч шал дэмий оролджээ. Үхлээ эрсэн оготно муурын сахлаар оролдвол зажлахгүй залгилуулдаг юм шүү дээ. Бусад өмгөөлөгч та бүхэн үүнийг мэдэж аваг гэсэндээ үүнийг бичив. Шүүгч нараас татгалзаж болохгүй, муухай харж болохгүй шүү. Аль сайхнаараа инээмсэглээд л хэлсэн үгийг нь бурханы сургаалиас ч илүү хүлээж ав. Буруу тогтолцоо, эрх мэдэлтнүүдийн гарт хувь тавилан нь хэрчигдсэн хэн ч мэдэхгүй өмгөөлөгч Ц.Баасандорж хөөрхий.

М.БАТ-ОРШИХ

 
medee.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.