Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хурал нь монголын парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар “төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал байна” гэж заагаад “Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” хэмээн баталгаажуулсаны дагуу манай улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжсэн юм.
Бүрэлдэхүүний хувьд 76 гишүүнтэй болж өргөжин бүтцийн хувьд ч өөрчлөгдсөн. Улсын Их Хурлыг сонгох сонгууль сонгуулийн можаритар системээр, 2-4 мандат бүхий томосгосон 26 тойрогт болж МАХН 70, Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшлийн нам, Ногооны намын “Ардчилсан холбоо” эвсэл 4, МСДН 1, бие даан нэр дэвшигч 1 суудал тус тус авсан юм. Сонгуулийн дүнд МАХН парламентын үнэмлэхүй олонхи болж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх болжээ.
1992-1996 оны Улсын Их Хурал нь өөрийн бүрэн эрхийн хугацаанд нийт 137 хууль шинээр баталж, 142 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Олон улсын 40 гэрээг соёрхон баталж 46 хууль хүчингүй болгожээ. Тэдгээрээс зарим онцлог хууль, тогтоолыг дурьдвал:
Шинэ Үндсэн хуулийн дагуу эрх зүйн шинэтгэл хийх ажлыг эхлүүлсэн. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу нийгмийн бүх салбарын харилцааг эрх зүйн хүрээнд шинээр уялдуулан зохицуулах өргөн хүрээтэй ажлыг хийжээ.
Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн засаглалын байгууллагуудыг шинээр бүрдүүлэн бататгаж, тэдгээрийн статус, хоорондын харилцааны тэнцвэрийг эрх зүйн хүрээнд бий болгож өгсөн. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Шүүхийн тухай зэрэг хуулийг шинэчлэн баталжээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлан орон нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлсэн.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль баталж, 1993 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүх нийтийн анхдугаар сонгууль явуулахаар товлоссон тогтоол батлав.
Энэ парламентын үед зах зээлийн эдийн засгийн харилцааны тулгуур хуулиудыг баталсан. Тухайлбал, Улсын төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэл, Татварын багц хууль, Онцгой албан татвар, Гаалийн болон Гаалийн тарифын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиудыг дурьдаж болно.
Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийх өмч хувьчлал дуусч, үнэт цаасны хоёр дахь зах зээлийг нээж ажиллуулсан нь шинэ нийгмийн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал алхам болсон.
Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хууль, Нийгмийн даатгалын тухай, Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай, Байгаль орчныг хамгаалах тухай , Усны тухай, Батлан хамгаалах тухай, Төрийн болон Байгууллагын, Хувь хүний нууцын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагуудын тухай хуулиуд тус тус батлан гаргажээ.
1992-1996 оны Улсын Их Хурал нь бүтцийн хувьд 10 байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Үүнд:
1. Байгаль орчныг хамгаалах байнгын хороо (даргаар нь Ч.Хурц, М.Мэндбилэг нар сонгогдон ажилласан)
2. Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хороо (Ж.Батсуурь, Б.Дэмбэрэл)
3. Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо (Д.Лүндээжанцан)
4. Дотоод асуудлын байнгын хороо (С.Чулуунбаатар)
5. Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо (А.Базархүү)
6. Хурал, захиргааны байнгын хороо (Д.Дашцэдэн, А.Болат)
7. Хууль зүйн байнгын хороо (С.Төмөр, Ц.Нямдорж)
8. Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хангамжийн байнгын хороо (Г.Зуунай, Д.Мөнхөө)
9. Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо (Ж.Норовсамбуу, Н.Баяртсайхан)
10. Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хороо (Г.Цэдэндагва)
Энэ удаагийн Улсын Их Хурал өөрийн бүтцээ боловсронгуй болгож 1995 оноос Байнгын хорооны тоог цөөрүүлэн Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалтын, Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын, Хууль зүйн, Хөдөөгийн бодлого, байгаль орчны, Эдийн засгийн бодлогын гэсэн нийт 6 Байнгын хороотой ажилласан байна.
1992-1996 оны Улсын Их Хуралд МАХН парламентын олонхи болж сонгуулийн мөрийн хөтөлбөр, бодлого, шийдвэрээ хэрэгжүүлсэн. Харин энэ удаагийн сонгуульд Ардчилсан хүчин нийтдээ 5 суудал авснаас С.Зориг, Да.Ганболд, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын лидерүүд сонгогчдын итгэл хүлээн УИХ-ын гишүүнээр сонгогджээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Анхдугаар сонгуулийн Улсын Их Хурал (1992-1996 он)
2015/07/06 18:07
Сэтгэгдэл