Улстөрчдийн "наадам, "зодоон" хэзээ дуусч өвөлдөө бэлтгэх бол...


 
Улстөрчдийн "наадам, "зодоон" хэзээ дуусч өвөлдөө бэлтгэх бол...Наадмын дараа намар эхэлдэг гэж монголчууд дэмий хэлээгүй юм. Хадлан тэжээл бэлтгэх, тариагаа хураах  идээ, цагаагаа зэхэх гээд ажил ид оволздог.Энэ жилийн тухайд Еренхийлөгчийн сонгууль хоёр шаттай болж, төвлөсон ажлууд хойш сунав. Дараа нь эрчтэйхэн дайрч амжуулах болов уу гэтэл УИХ дахь хоёр том нам "60 тэрбум”-ын хэрүүл, "Бондын мөнгөний нэхэл” гэхчлэн талцсаар юун өвөл гэгч болов.
 
Бас болоо ч үгүй намуудын аль аль нь дотооддоо хэрүүл, зодоонтой. Ардын нам л гэхэд УИХ-д 65 суудал авсан ялалтын бялуурал нь дотоодоо эрх мэдлийн төлөөх тэмцлийн галыг өрдөж, бүлэглэл, фракцуудын талцал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ татаж унагаад зогсохгүй, одоо намаа сөхрөөхөд хүрч байгааг өнөөдөр өрнөж буй үйл явдлууд харуулж байгаа юм.
 
Тэгвэл Ардчилсан намынхан ч ялгаагүй, Ерөнхийлөгчийн сонгуульд гарчихлаа хэмээн хөл хөөрцөг болж, ялалтаа тэмдэглэж дуусалгүй өнөөг хүрлээ. Хажуугаар нь Ерөнхийлөгчийн бүтцэд орж ажиллах, янз бүрийн дотоод томилгооны "дажин” дуусахгүй, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын үүдний өрөө өдөр бүхэн пиг дүүрэн хүнтэй, сонгуульд ажилласан, зүтгэсэн хүмүүс нь ажил, алба нэхэж буй гэх мэдээллүүд дуулдсаар байгаа.
 
Түүнээс гадна энэ жил аймаг, сумын ой, бүсийн наадмууд хамгийн олон тохиосон онцлог жил. Энэ мэтчилэн улс даяар хавтгайрсан зугаа, цэнгэл тасарсангүй. Сүүлийн үед хоёр намын талцал дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал бас нэг гол сэдэв болж нэмэгдээд байна.
 
Өнөөдөр өвлийн бэлтгэл ямархуу байна вэ гэдэгг цаг үеийн мэдээлэл бараг л алга. Өвлийн тухай "Ө” үсэг хэлж буй хүн ч ховор, ийм л байна. Гэтэл энэ жил "Бичин жилийн дараах тахиа жилийн сүүл, өвөл хатуу болно” гэдгийг байгаль цаг уураа шинжиж, тэнгэрээ "уншиж” сурсан малчид, ахмад настнууд хэлэх боллоо. Улстөрчдийн "наадам, "зодоон” хэзээ дуусч өвөлдөө бэлтгэх бол...гэдэгт харин хариу алга.
 
Л.Хэрлэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.