Дэлхийн банкны тайланд дурдсанаар энэ жил Эрчим хүчний түүхий эд буюу газрын тос, байгалийн хий, нүүрсний үнэ 28 хувиар огцом өсчээ. Үнийн энэхүү өсөлт Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө авчирсан гэдгийг статистик тоо баримт илтгэнэ.
2016 онд манай улс 7.2 сая тонн нүүрс экспортолж 220 гаруй сая ам.долларын орлого олж байв. Харин энэ жил нөхцөл байдал өөрчлөгдсөн. Энэ оны эхний 9 сарын байдлаар Монгол улс 14.7 сая тонн нүүрс экспортолж 1.2 тэрбум ам.долларын орлого олсон. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас нүүрсний салбараас Улсын төсөвт төвлөрөх орлого өнгөрсөн онтой харьцуулахад 368.7 хувиар өссөнийг салбарын яамныхан онцолж байгаа.
2018 онд Эрчим хүчний түүхий эдийн үнэ дөрвөн хувиар өснө гэж Дэлхийн банкны эдийн засагчид таамаглаж байна. Энэ бол сайн мэдээ. Жилийн өмнө /2016 онд/ нэг тонн нүүрсээ 20-30 ам.доллараар урд хөршдөө экспортолж байсан манай улс эрчим хүчний түүхий эдийн үнэ олон улсын зах зээл дээр өсөхөд нэг тонн нүүрсний дундаж үнийг 70 орчим ам.долларт хүргэж чадсан. 2018 онд нүүрсний үнэ буурахгүй. Харин ч өснө гэдгийг Дэлхийн банкны тайлан мэдээ баталгаажуулаад байна. Дэлхийн түүхий эдийн зах зээл дээр үүсч буй энэхүү таатай нөхцөлийг Монгол улс ашиглах ёстой. Үүний тулд БНХАУ-тай хэлэлцээрийн ширээний ард суух ёстой болж байна.
Нүүрс экспортлогч Эрдэнэс ТаванТолгой, Энержиресурс, Орон нутгийн өмчит Тавантолгой зэрэг компаниуд олборлосон нүүрсээ 100 хувь экспортоор гаргаж чадахгүй байна. Одоогоос 4 сарын өмнө Гашуунсухайтын хилийн боомтоор хоногт 1000-1500 хүнд даацын автомашин БНХАУ-руу нүүрс тээвэрлэн нэвтэрч байсан бол энэ оны 7-р сараас хойш нүүрсний тээвэрлэлт огцом буурч хоногт 500-600 автомашин хилээр гарч буй аж. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр /2017.10.31-ний өдөр/ Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэсэн 661 автомашин нэвтэрч, боомт дээр 99 км-ын урттай цуваа байна.
БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа огцом бууруулсан шалтгааныг тайлбарлах хүн алга байна. Нүүрсний тээвэрт яваа хүнд даацын машины жолооч нар улс төрийн шалтгаантай гэж битүүхэн харддаг.
Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдэгдлүүд нүүрсний экспортод нөлөөлж, Гашуунсухайтын боомт дээр түгжрэл үүсэх шалтгаан болсон гэж тайлбарладаг. Долоодугаар сараас хойш буюу шинэ Ерөнхийлөгч ажлаа хүлээн авснаас хойш нүүрсний татан авалт буурсан нь ингэж хардах шалтгаан болсон гэдэг. Гэхдээ энэ бол хардлага төдий.
Үүнээс гадна Монгол жолооч нар "мими” гэх бодис хэрэглэдэг. Хууль бусаар мах, эмийн ургамал, мал амьтны гаралтай түүхий эд тээвэрлэж гаргадаг учир БНХАУ-ын тал хилийн хяналтаа чангатгасан гэх хардлага бий. Гэхдээ аль аль нь албан ёсны биш. Учир нь өнөөдрийг хүртэл нүүрсний татан авалт буурсан шалтгааныг БНХАУ-ын талаас тайлбарлаагүй.
Гашуунсухайтын боомт дээр үүссэн нөхцөл байдлыг нааштайгаар шийдэхийн тулд БНХАУ-ын талтай хэлэлцээрийн ширээнд суух шаардлагын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээвэр, хөгжлийн яам хамтран ирэх 7 хоногт өмнөд бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр БНХАУ-ын талтай хэлэлцээр хийж хоногт дунджаар 1000 автомашин Гашуунсухайтын боомтоор нэвтрүүлэх саналыг тавихаар бэлтгэж байгаа аж. Асуудал нааштай шийдэгдвэл нүүрсний экспорт нэмэгдэж үүнийг дагаад орж ирэх мөнгөн урсгал өснө. Мөн энэхүү хэлэлцээрийн үеэр төмөр замын асуудлыг ярилцах юм. Нүүрсний үнийн өсөлтийг Монгол улс ашиглаж чадах эсэхийг ирэх 7 хоногт болох Өмнөд бүсийн чуулга уулзалтын үеэр хийгдэх хэлэлцээр шийднэ. Ямартай ч өмнөд бүсийн уулзалтаас үр дүн хүлээх үлдээд байна.
Г.Дугар
Эх сурвалж: Zaluu.com
http://www.zaluu.com/read/1a9e9dec4
Сэтгэгдэл