Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл албан үүргээ авсан цагаасаа эхлээд томоохон худалдааны төв болон захуудыг нүүлгэх тухай ярьж эхэлсэн. Үүний нэг нь "100 айл” дахь барилгын материалын захыг Налайх дүүрэг рүү нүүлгэх асуудал юм. Уг нь 2011 оноос яригдаж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл, хэзээ нүүх нь шийдэгдээгүй байгаа. Үүнтэй холбогдуулан, 100 айлын ойролцоо амьдардаг иргэд бидэнд хандсан юм. Тодруулбал, 100 айлын зах байнга цемент, шохой бужигнуулж, агаар бохирдуулж бидний эрүүл мэндийг ноцтойгоор хордуулж байна. Саяхан л гэхэд тэнд ажилладаг Хятад иргэд Монгол улсад худалдаалахыг хориглосон хорт хавдар үүсгэдэг Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүндийг хууль бусаар оруулж ирээд ил задгай зардаг нь НМХГ-ын шалгалтаар илэрсэн. Тиймээс яаралтай нүүлгэх хүсэлтэй байгааг минь нийслэлийн удирдлагуудад хүргэж өгөхийг хүсэж байна” гэсэн юм. Тиймээс бид энэ асуудлыг хөндлөө.
Уг нь "100 айл”-ын захыг нүүлгэнэ, хотоос гаргана гэж сүүлийн хэдэн жил ярьсан ч, ажил хэрэг болсон юм алга. Ер нь Улаанбаатарт байгаа үйлчилгээний газруудыг төрөл төрлөөр нь ангилаад, нэгтгэх нь хамгийн зөв шийдэл. Харин юунаас нь эхлэх вэ гэдэг сонголтоо зөв хийх ёстой юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байгаа 100 айлын барилгын материалын ил задгай худалдааг яаралтай хотоос гаргах хэрэгтэй байгаатай маргах хүн байхгүй биз. Учир нь тус захтай ойролцоо амьдардаг олон мянган оршин суугчдын эрх зөрчигдөж байгаа юм.
Саяхан нийслэлээс "Авто худалдааны цогцолбор”-ыг барьж ашиглалтад оруулсан. Тэр том цогцолборыг барьж болж байгаа юм чинь Барилгын матералын нэгдсэн том төвийг барьчихад асуудал биш л байлтай.
Зогсоол дээр байгаа машин, дэлгүүрт байгаа сэлбэг яах вэ, тийм ч хортой зүйл биш. Тэгж байгаад хотоос гаргачихаж болно. Харин ил задгайгаар худалдаалж байгаа барилгын материал гэдэг маш хортой. Цемент, шохой, эмульс, Асбест зэрэг агаарт бужигнаж, иргэдийг чимээгүйхэн хордуулж байгаа элдэв барилгын материалыг тоолоод барахгүй.
Утаагаа яая гэж байхад дээрээс нь барилгын материал ч бас нэрмээс биз дээ. Тиймээс хамгийн түрүүнд "100 айл”-ын барилгын материалын захыг нийслэлийн гадна гаргамаар байгаа юм.
100 айлын барилгын материалын захын ойролцоо амьдардаг нэгэн иргэний сэтгэгдлийг сонслоо.
Иргэн Б: Бидний эрүүл мэнд, амь насанд заналхийлж байна
-100 айлын барилгын материалын захыг нүүлгэхийг та дэмжиж байгаа юу?
-100 айлын зах байнга цемент, шохой бужигнуулж, агаар бохирдуулж бидний эрүүл мэндийг ноцтойгоор хордуулж байна. Саяхан л гэхэд Монгол улсад худалдаалахыг хориглосон хорт хавдар үүсгэдэг Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүндийг хууль бусаар оруулж ирэн зарж байгаа нь НМХГ-ын шалгалтаар илэрсэн. Тэд иймэрхүү байдлаар бидний эрүүл мэнд, амь насанд заналхийлж байна. Тиймээс нүүлгэхийг дэмжиж байна. Мөн 100 айл дээр худалдаа эрхэлдэг хүмүүсийн ихэнх нь Хятад хүмүүс байдаг. Тэднийг нэн яаралтай хөөж явуулах хэрэгтэй байна. Бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Эрхээ эдэлмээр байна.
-Нүүлгэнэ гэж яригдаад багагүй хугацаа өнгөрсөн. Та нарт яг хэзээ нүүлгэх талаар мэдээлэл өгсөн үү?
-Үгүй нэг хэсэг нүүлгэнэ гэж яригдаад л одоо ямар ч чимээ сураггүй болчихсон. Бид нүүлгэхээ больсон байх вий гэхээс их айж байна.
Өнөөдрийн байдлаар, "100 айл” дээр томоохон худалдаа, наймаа хийж байгаа хүмүүсийн ихэнх нь хятадууд байгаа. Тиймээс бид нэн түрүүнд "100 айл” орчмын агаарын бохирдол, тоосжилт, цемент, шохойжилтыг бууруулж, түгжрэлийг багасгах зайлшгүй шаардлага байгаа. Нөгөө талаар тус газрыг Хятад иргэдэд алдах аюулаас сэрэмжлэх хэрэгтэй байна. Аль аль талаа бодсон ч 100 айлын барилгын материалын захыг маш яаралтай нүүлгэх хэрэгтэй шаардлагатай байгаа нь нууц биш.
100 айлыг нүүлгэх шийдвэр эсэргүүцэлтэй тулгарах нь мэдээж. Худалдаа эрхлэгчид дуртай нүүхгүй нь ойлгомжтой. Гэхдээ хэдхэн хүний эрх, ашиг орлогын төлөө иргэд эрүүл мэндээрээ хохирох нь зөв зүйл биш байлтай.
Т.Болормаа
Сэтгэгдэл