Иргэдэд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой байгууллага бол өрхийн эмнэлэг. Гэтэл иргэдийн сэтгэхүйд өрхийн эмнэлэг муу гэсэн ойлголт суучихсан. Үүнийг нь эмч нар хүлээн зөвшөөрсөн мэт нэг л янзаараа ажиллаж, нялхаст вакцин хийж, өндөр настануудыг даралтыг хэмжиж хөнгөлөлттэй эмийн бичиг үйлддэг байгууллага болоод удаж буй. Уг нь өрхийн эмнэлгийн эмч нар нь чадварлаг байж, ханиад томуу, шарлага, эхо зэрэг үйлчилгээг хийдэг болбол дунд шатны эмнэлгүүдийн ачаалал багасах учиртай. Гэтэл өрхийн эмнэлэг нь 2011 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн тухай хуульд төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага” гэж заасан байдаг учираас л төрөөсөө нарийн мэргэжлийн технологи шаардах эрхгүй, төр нь ч хувийн хэвшлийн байгууллагад нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж нийлүүлж, хөрөнгө оруулж болохгүй мухардмал байдалд байгаа нь тэднийг урагшлахгүй ч хойш нь татдаггүй царцсан байгууллага болж харагдуулахад хүрчээ.
Updown.mn
Сэтгэгдэл