Хэмнэж чаддаггүй Засгийн газар, хэмнэхийг хүсдэггүй улстөрчид


Хэмнэж чаддаггүй Засгийн газар, хэмнэхийг хүсдэггүй улстөрчид

УИХ өнөөдөр төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батална. Сангийн сайд Б.Болор ирэх оны төсвийн төслийг оруулж ирэхдээ нэлээд хэмнэлтийг оруулж өгч байгаагаа хэлсэн. Ялангуяа зардлаа хэмнэх бодлогыг барьж байгаа гэдгээ олон ч удаа ярьсан. Гэвч төсвийн хэлэлцүүлгийн явцад юун Засгийн газраас оруулж ирсэн хэмнэлтийн төсөв болж орхив. Уг нь Б.Болор сайдын хэлснээр бол одоогийн бүтцээрээ ажилласан нөхцөлд 8.7 их наяд төгрөгийн зардал гаргаж төсөв алдагдах учраас ирэх оны төсвийг 7.8 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Үүнийг дагаад улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг бууруулж 6.9 их наяд болгон тооцсон. Дутаж байгаа 900 тэрбум төгрөгийг урсгал зардлуудаас танах байдлаар шийднэ. Өөрөөр хэлбэл, бүтэц, чиг үүрэг давхардсан яам, агентлагуудыг нэгтгэж, цөөлөхөөр шийдвэрлэсэн. Түүнчлэн төрийн өндөр дээд албан тушаалтан, улс төрийн албан тушаалтны цалинг 30 хувиар, төрийн захиргааны албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулна гэж тооцоолж оруулж ирсэн.

Гэтэл төсвийн хэлэлцүүлгийн явцад төсвийн алдагдал 917 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.3 хувьд хүрчихээд байна. Засгийн газар өөрөөр бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах хуулиа татаад авчихсан. Өнөөх хэмнэлтийг эндээс хийнэ гээд байсан нь худлаа болж байгаа юм. Яамдын тоог цөөлөх, төрийн албан хаагчдын цалинг 10 хувь, өндөр дээд албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулах, сангаа татан буулгах зэрэг саналуудаа татаад авчихсан. Иймээс л бүх зардал нэмэгдэж орхисон. Нэг үгээр хэлбэл, нийт 110 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Энэ нэмэгдлийг тэнцүүлэхийн тулд шинээр эхлэх бүтээн байгуулалтын ажлыг 130 тэрбум төгрөгөөр бууруулаад байгаа аж.

Хэлэлцүүлгийн явцад тодорхой өөрчлөлтүүд гарснаар 906 тэрбум байсан төсвийн алдагдал 917 тэрбум болж нэмэгдэж буй юм. Төсвөө алдагдалгүй батлах боломж байсан ч Засгийн газар үүнд санаачилга гаргасангүй гэж зарим гишүүн хэлж байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын зардлыг багасгаж, урсгал, нийгмийн хамгааллын зардлаа хөндөхгүй байх боломжийг Засгийн газар ашигласангүй гэж үзэж байгаа аж. Ирэх 2016 оны төсөв хэмнэж болох зардлаа хэмнэнэ гэсэн хэдий ч, мөн л хэмнэхээргүй болоод батлагдаж байна. Сангийн сайдын хэлж байгаагаар зардлаа бууруулж, төсвөө хэмнэж, алдагдалгүй батална гэж байсан нь өөрөөр эргэлээ.

 

Х.Наран

Цензургүй.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.