Улстөр судлаач Л.Эрдэнэтуултай хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Өнөөдөр асуух цаг нь болжээ гэж бодож байна. Тодруулбал С.Зориг агсны хэрэг илрэхгүй олон жил боллоо. Ардчилсан Ерөнхийлөгчтэй болоод ч, Улсын Ерөнхий прокурор нь Ардчилсан намын хүн байгаад ч С.Зоригийн хэрэг илэрсэнгүй. Хууль, хяналтын бүх байгууллагыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гартаа авчихсан хэрнээ яагаад С.Зоригийн хэргийг илрүүлж чадахгүй байна вэ?
-Илрүүлэх сонирхол эдэнд байхгүй гэдэг нь тов тодорхой байна. Илрүүлэх хүсэл эрмэлзэлгүй байгаа нь өөрсдийг нь хардах бүрэн үндэслэлтэй болголоо. 1998 онд “С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч нь АН дотор байх нь гарцаагүй” гэж би нэгэнтээ хэлсэн нь дахин нотлогдлоо.
Ц.Элбэгдорж, болих хэрэгтэй байхгүй юу. Цаазын ялыг болиулах, хаа байсан Европын холбооны стандартын араас хөөцөлдөх, эсвэл Н.Энхбаярын улыг шагайж явахын оронд С.Зоригийн хэргийг илрүүлэх эр зориг гаргах хэрэгтэй. Чаддаггүй юм аа гэхэд ядахдаа эд мөрийн баримт устгагдсан асуудлыг яривал яасан юм бэ.
-Эд мөрийн баримт устгагдсан гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Тэр үеийн Ерөнхийлөгчөөр Н.Багабанди ажиллаж байсан. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч нь Ц.Элбэгдорж байлаа. Цагдаагийн дарга нь Д.Мөрөн хурандаа, одоогийн АН засгийн эрхэнд байсан. Бүх абан тушаал одоогийн АН-ын нөлөөнд үндсэндээ байсан юм. Ийм нөхцөлд 60, 70 хүнийг хэрэг болсон газарт адуу мал шиг бэлчүүлэхээр ямар ул мөр үлдэх билээ. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Ц.Элбэгдорж энэ бүгдийг маш сайн санаж байх ёстой.
-Тухайлбал ямар эд мөр баллагдсан юм бэ. Тэр, энэ гээд хэлчих зүйл байна уу?
-Хэлж болохоор зүйлээс гэвэл хэргийн ойр хавиас олдсон мөнгөн дэвсгэртийн тасархай мэтийн зүйл алга болсон гэгддэг юм. Үсний асуудал ч гэсэн эргэлзээтэй. Талийгаач амьд үлдэхийн төлөө тэмцэлдэж байхдаа хэрэгтний үсийг тугаар нь зулгаасан байдаг. Гэтэл Англи улс руу криминалистикийн шинжилгээнд тухайн үсийг явуулахад тэнцээгүй. Учир нь туг үсний үндэс, уг нь байхгүйгээс гадна ерөөсөө л нэг см хүрэхгүй хэдхэн ширхэг үс явуулсан байсан. Тэгэхээр тэр үс замдаа солигдсон байх гэж боддог юм. Яагаад гэвэл амь тэмцэж байгаа хүн алуурчны үсийг зулгаахад угтайгаа л үлдэх ёстой биз дээ.
-Тэгэлгүй яах вэ. Угтайгаа үлдэх ёстой. Өөр ямар ул мөр баллагдсан байж болох вэ?
-Орчин үед техник, шинжлэх ухаан улам л хөгжих болж. Өчүүхэн дусал цус байтугай, бараг хөлсний мөрөөр нь алуурчныг олдог бололцоо бий болчихоод байна. Гэтэл хэрэг үйлдэгдсэн гэх талийгаачийн гэрийн коридор дахь хивсэнцрийг хэн ч эд мөрийн баримт болгож аваагүй. Айлд байлгаж байгаад, байлгасан айл нь сүүлдээ дургүйлэхэд нь хэн нэг албан тушаалтан наадах чинь хэрэггүй гэж хэлээд шатаалгасан байсан. Хэрэв тэр хивсэнцэр өнөөдөр бүрэн бүтэн байсан бол гадаадад шинжилгээ хийлгээд их олон зүйлийг тодруулж болох байлаа. Харамсалтай нь хэрэг үйлдэгдсэн талбай тэр чигээрээ утсгагдсан. Улсын нууц биш боловч үүнийг хичнээн жил дарах юм бэ.
-Бас Э.Бат-Үүл даргын малгай хэргийн газарт байсан гээд л үлгэр домог шиг зүйл яригддаг?
-Үлгэр домог биш. Малгай олдсон. Сүүлд нь Э.Бат-Үүлийн малгай хэзээ олдсон бэ гэдэг асуудал үүсч, үүнтэй холбоотойгоор шалгуулж ч явсан. Гэвч Э.Бат-Үүлийн малгай яагаад тэндээс олдсон бэ гэдэг асуултын хариуг хэн ч өгөөгүй.
-Ер нь талийгаачид өстэй хүн байсан уу. Та л сайн мэдэх ёстой доо?
-Өс хонзон нь хаашаа юм. Дургүй хүмүүс бол байсан. Одоогийн АН-ын лидерүүд гэх эрхэм Ерөнхийлөгчөөс авахуулаад бүгд дургүй байлаа. Бүгдээрээ л ар хударгаар нь энэ муу шар С.Зориг гэж муу хэлнэ. Манай М.Энхсайхан дарга ч гэсэн таатай харьцаатай байгаагүй. Ер нь С.Зориг агсан одоогийн АН гэдэг бүрэлдэхүүн дотроос цагаан хэрээ шиг л ялгардаг байсан даа.
-Тэгвэл дотны нөхөд нь хэн хэн байсан юм бэ?
-С.Зоригтой айхтар дотно хүн цөөхөн байлаа. Аргагүй найзалдаг, баар саваар явдаг найзууд бол байсан. Казино Энхбаатар, Социал демократ намын Ганбаатар нар гарцаагүй найз нь мөн. Харин хоёр Э шиг улстөрийн партнёр байгаагүй. Бүгд болгоомжилж, айж, жийрхдэг байсан. Илт дургүй хүмүүс ч байдаг байлаа.
-Илт дургүй нь хэн юм бэ?
-Илт дургүй нь Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарын нийлсэн фракци. Тэд энэ муу шар С.Зориг юу юм гэдэг байдлаар ил тод ханддаг байсан.
-Нууц биш бол С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж та хэн нэгнийг харддаг л биз дээ?
-Аль ч талаас нь харсан АН дотроос л хайх хэрэгтэй.
-Ер нь та алсуураа Ц.Элбэгдорж гэж хэлээд байгаа юм биш үү?
-Баримтгүй учраас арай ч тэгж гүтгэж болохгүй. Гэхдээ би Ц.Элбэгдоржийг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж хоёр нүгэл үйлдсэн гэж боддог.
-Та Ц.Элбэгдоржийг л чичлээд байх юм. Н.Энхбаярыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байхад С.Зоригийн хэрэг урагшилсан юм уу?
-Харин ч Н.Энхбаяр Ерөнхий сайдын үед С.Зоригийн хэрэгтэй холбоотой байгуулагдсан хамтарсан ажлын хэсэг чадлаараа ажилласан. Харамсалтай нь алдаатай зүйлүүд ч хийгдсэн нь илэрсэн. Жишээлбэл С.Зоригийн хэргийг илрүүлэх явцад Б.Хурц гэдэг хүн Д.Энхбатыг хулгайлсан нь алдаатай үйл явдал болсон.
-Франц явж, Д.Энхбатыг хулгайлах үүргийг Н.Энхбаяр дарга өгсөн юм биш үү?
-Үгүй. Тэр үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярт хэлээгүй юм билээ. Харин Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Батсайхан мэдэж байсан байх. Мэдэж байж л мөнгө санхүү, зардлыг нь зохицуулна шүү дээ.
Уг нь улсын зардлаар тийм үйл ажиллагаа хийхийн тулд их ул суурьтай хандах ёстой байсан юм. Зүгээр нэг авгай, хүүхнүүдийн хов жив сонсчихоод давхиагүй л юм бол Б.Хурц Д.Энхбат их том юм мэдэж байгаа, ноцтой хүн гэсэн ойлголтыг хэн нэг нь хэлж өгсөн байж таарна. Өөрөөр хэлбэл Б.Хурцаар хэн чулуу хөөлгөв гэдэг ноцтой асуудал бас үүсч байна.
-Нэг ёсондоо Б.Хурц гэмт хэрэг үйлдсэн атлаа АТГ-ын дэд дарга болоод дэвшчихлээ?
-Харин тийм. Д.Энхбатыг ноцтой гэмт хэрэгтэн байсан, үгүйг нотолж чадаагүйгээс гадна Б.Хурц өөрөө Германаас яаж суллагдсан нь ойлгомжгүй л санагддаг. Монгол Улсын Ерөнхийлөгч нь өөрөө очиж авч ирээд, ирэнгүүт нь АТГ-ын дэд даргын албан тушаалаар шагнаад л. Энэ чинь ямар морал, ёс жаяг вэ.
Миний мэдэхийн барууны орнуудын ямар ч хуулиар шоронгоос суллагдаж буй хүн барьцаа заавал төлдөг. Интернэтийн хов живээс харахад энэ төрлийн гэмт хэрэгтэн Германы хуулиар сая гаруй еврогийн барьцаа төлдөг юм билээ. Энэ барьцааг төллөө гэж бодоход хэн өмнөөс нь өгсөн байх вэ.
Мэдээж Монголын иргэн гадны шоронд суухад би ч гэсэн дотроо харамсаж л байсан. С.Зоригийн аллагыг илрүүлэх гэж яваад ийм хэрэгт орооцолдчихлоо доо гээд л. Тэгэхдээ Б.Хурц Монголд гай тариагүй юм аа гэхэд гавьяа байгуулаагүй хүн.
-Б.Хурц АТГ-ын удирдлагаар томилогдсоноос хойш Н.Энхбаярыг агнах дайнд мордсон нь ойлгомжтой байна?
-Н.Энхбаяр даргыг агнах дайнд С.Зоригийн хэрэгтэй ямар нэгэн байдлаар холбоотой, өөрсдөө гар бие оролцож, бас ч гэж хариуцлага алдаж явсан хүмүүс оролцоод байгаа нь хачирхалтай. АТГ-ын дарга Н.Ганболд л гэхэд тухайн үед Нийслэлийн Цагдаагийн газрын дарга байсан.
1998 оны 10 сарын хоёрны яг тэр өдөр одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Н.Ганболд нар Хандгайтад амарч байсан юм билээ. Тэгээд Н.Ганболд цагдаагийнхаа шугамаар мэдээлэл авангуутаа Хандгайтаасаа С.Эрдэнийг дагуулаад хэргийн газарт очсон байсан. С.Эрдэнэ энэ хэрэгт хамаагүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Тэгтэл хаа хамаагүй хүнийг хэргийн газар авч очоод, С.Зоригийн гэрт оруулсан байсан.
-Арай ч дээ, үнэн гэж үү?
-С.Эрдэнэ өөрөө ч гэсэн “Би С.Зоригийн гэрт орсон. Аягүй аймшигтай дүр зураг харсан” гээд нулимс нь цийлэгнээд ярьдаг юм. Харин би “Чи юу хийгээд хэргийн газар далдаганаад очсон юм. Тэнэг юм уу, хэргийн ул мөр баллачихна гэж боддоггүй юм уу. Наад Н.Ганболд чинь юу бодож байсан юм” гээд л уурлаж байсан.
Энэ утгаараа Н.Ганболд гэдэг нөхрийн хариуцлага яригдах ёстой. С.Эрдэнэ шоконд орж болно. Цагдаагийн хурандаа хүн сэтгэлийн хөөрлөөр хаа хамаагүй хүмүүсийг хэргийн газарт дагуулж очиж болохгүй шүү дээ.
-Уг нь С.Зоригийн хэргийг илрүүлчихвэл АН-ын рейтингэд маш өндөр оноо авч ирнэ дээ?
-Тийм. Тэгэхдээ энэ асуудлыг очков болгож чадахгүй байгаа нь нэгийг хэлээд байна.
Нэгэнт ар гэр нь С.Зориг агсны амь насыг нэхэхгүй байгаа нөхцөлд “босс”-оо гэж хүндэлдгийн хувьд би амийг нь нэхэх бүрэн эрхтэй. Үүнийг ямар ч иргэн нэхэж, шаардаж болно. Ер нь манай өнөөдрийн төр хүний амиар өргөл, барьц барьдаг муу муухай жишигтэй болчихлоо. Ялангуяа АН-ынханд хандаж энэ үгийг хэлмээр байна.
-Яагаад АН-ынханд хандана гэж?
-АН бараг дөрвөн жил Ардын намтайгаа нэг хөнжилд тэврэлдэж хэвтсэний өргөл барьц нь 7 сарын 1-ний таван хүний амь. Үндсэн хуулиараа Ардын нам дангаараа төрөө бариад явах ёстой байсан ч Ц.Элбэгдоржийн хуйвалдаанаас бүх зүйл болсон. Монгол төрийн хуйвалдаан болгон хүний амиар хийгдэх ёстой юм уу. Яасан ханаж, цаддаггүй юм бэ.
-Ц.Элбэгдорж яаж хуйвалдсан юм бэ?
-7 сарын 1-ний хэргийн үеэр Ц.Элбэгдорж Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн өрөөнд орж яаж агсарсныг монголчууд мартаагүй. ҮШН энэ тэр ямар хамаатай юм, хоёр нам л хоорондоо хаалттай ярилцъя гэх мэтчилэнгээр МАНАН-гийн эхлэлийг Ц.Элбэгдорж тавьсан.
-Тийм шүү. Ингэхэд та 7 сарын 1-ний асуудалд ямар бодолтой явдаг вэ?
-7 сарын 1-ний асуудал дээр хүн бүр цагдаа нарыг чичилж байна. Харин миний хувьд цагдаа нарыг өмөөрмөөр байна. Өнөөдөр зүгээр эргүүлийн цагдаа, цаашилбал Амарболд генералтай зууралдах биш, галт зэвсэг хэрэглэх шийдвэр гаргасан албан тушаалтнуудаас шүүж эхлэх хэрэгтэй. Ийм нөхцөл байдалд толгойноос нь эхэлдэг юм шүү дээ. Тэгтэл манайхан урвуугаар нь хөлнөөс нь эхэлж шүүн байцаагаад байна.
Ер нь эмх замбараагүй байдал үүсэх нь заавал улстөртэй холбоотой байдаггүй юм. Тухайлбал, дэлхийн хөлбөмбөгийн фанатууд байнга зодоон, цохион, эмх замбараагүй байдал үүсгэдэг. Иймэрхүү онц байдлын үед Монголын төр цагдаагаа гомдоох юм бол цагдаа чинь ажиллаж өгөхгүй шүү. Эцсийн бүлэгт цагдаа хэрэгтэй болоход ард түмнийг хэн хамгаалах юм бэ.
Тэгэхээр Магнай, Батзандангаас авахуулаад жагсаал, цуглаанаа хаяад зугтсан Ц.Элбэгдоржид ч гэсэн хариуцлага тооцох хэрэгтэй. Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд цугласан олон нийтийг баахан уриалж явсныг телевизүүд хангалттай харуулсан.
-Н.Энхбаяр дарга болохоор С.Баярыг л буруутай гэж хэлээд байдаг биз дээ?
-Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь цагдаагийн дарга нартаа шууд үүрэг өгдөг шүү дээ. Логик утгаараа гайхаад байх юмгүй. Хэрвээ Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө гэм буруутай, нууж хаах юмтай бол 7 сарын 1-ний асуудалд хариуцлага тооцох ёстой гэж зоригтойгоор дуугарахгүй. Дуугүй л өнгөрөөхийг хичээнэ. Харин тэр хүн тэгээгүй. Намайг ч гэсэн шалга гэж хэлдэг.
-Энэ хэргээс болж цагдаа, ард түмэн хоёр биенээ нэг нүдээрээ ч харахаа байлаа?
-Цагдаа, ард түмнийг таслан, хагаралдуулсан эзэд нь Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар гарцаагүй мөн. Аливаа асуудлыг хувийн өс хонзон, хувийн сэдэл тал руугаа чирдэг хачин зантай хүмүүс л дээ.
-Юутай ч өнөөдөр МАНАН-г эсэргүүцдэг хүн олон болж. Тийм ч болохоор гуравдагч хүчин сонгогдох цоорхой гарч ирж байх шиг?
-Ер нь бол гуравдагч хүчний шаардлага дээр үеэс үүссэн. Гэхдээ эрэлт хэрэгцээ байсан ч нийлүүлэлт нь байгаагүй. Тэр нь юу вэ гэхээр парламентад суудал аваагүй л бол нам төлөвших орчин манайд байдаггүй.
Хоёрдугаарт аливаа улстөрийн хүчин нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн лидертэй байх ёстой. Энэ нь дутмаг байсан. Харин шинэ зуун гараад даруй 12 жил өнгөрч байж бодит биеллээ олох бололцоотой боллоо. Тодруулбал өнгөрсөн 20 гаруй жил засгийн эрхийг ээлжилж барьсан МАН, АН жам ёсны улстөрийн дампууралд орчихлоо. Төрийн машин асар их бохирдож, үндсэндээ намаг шалбааг болчихсон байсан. Энэхүү эрэлт дээр бодит гуравдагч хүчнийг төвлөрүүлж чадах МАХН нэрээ сэргээж, зохион байгуулалтад орсон нь сайн хэрэг.
-МАХН нэрээ сэргээсэн гэхээсээ илүү шинээр мэндэлсэн гэвэл оновчтой юм биш үү?
-Ардын нам нэрээ сольсон нь алсын хараагүй, мулгуй үйлдэл болсон. Тэр үед би ийм алхам хийх хэрэгтэй юм уу гэж улстөр судлаачийн хувьд Ардын намын удирдлагуудад анхааруулж байсан. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай. Хичнээн муу, тааруу явдал болсон ч гэсэн МАХН нэрээ авч үлдсэн нөхөд хаа очиж зөв алхам хийсэн. Хамгийн албан тушаалын шуналгүй, ямар нэгэн байдлаар удирдлагуудаасаа мөнгө цаасаар хараат биш хүмүүс тунаж үлдээд МАХН-аа сэргээснээр гуравдагч хүчнийг бүрэлдүүлэх боломж гарч ирлээ.
-Та Н.Энхбаяр тэргүүтнийг ямар үндэслэлээр ашиг хонжоо хайгаагүй гэж дүгнэж байна вэ?
-Сонин хэвлэл, олны амаар л Н.Энхбаярыг элдвээр хэлдэг болохоос яг энэ хүний аваад идчихсэн зүйлийг бид мэдэхгүй. Түүний сүлжээ, мафи гээд үзүүлчих зүйл алга. Улстөрчийн хувьд мэдээж ямар нэг алдаатай алхмууд хийж байсан. Тэгэхдээ түүний хийсэн бүтээснийг, мөн улстөрийн туршлагыг аар саар алдаатай нь зүйрлэж болохгүй. Ерөнхийдөө Н.Энхбаярын улстөрийн замналыг авч үзэхэд том үсгээр лидер гэж хэлэхүйц цөөн хүний нэг.
Наад зах нь их өрийг тэглэсэн төдийгүй Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх 2000-2004 онд манай улсын өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн тогтвортой байж чадсан. 2000 онд Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад автобусны үнэ 200 төгрөг байсан бол 200-гаараа дууссан. Такси км нь 300 төгрөг байсан бол 300 төгрөгөөрөө л дууссан байх жишээтэй.
-Хэн тэр вэ?
-Ахмадын төлөө зүтгээд байдаг, миний мэдэхийн Ардчилсан холбооны архивыг хулгайлаад явсан эмэгтэй Н.Энхбаяр руу дайрч байна лээ. Тэсэлгүй хэлчихье.
-Баасан уу?
-Тийм. Эхлээд тэр хүн хулгайлж авсан 1990 оныхоо хувьсгалын архивуудыг эргүүлж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт ахмадуудаас хулгайлж зарсан хотын төвийн барилгынхаа учрыг олох ёстой.
Ахмадууд байр савгүй, хэцүү байна гээд уйлаад гүйгээд байсан. Өнөөдөр байр савтай болсон нь хаана байна. Өөрөө л улам толийгоод, баяжаад байгааг харж байна. Тэгээд бас цор цор хийнэ гэнэ ээ. Ядахдаа монгол төрийн өмнө зүтгэсэн зүтгэлээрээ Н.Энхбаяртай зиндаархаад байх юмгүй шүү дээ.
-Тэгэхдээ “Женко” Х.Баттулгын хувьд зөв зүйл яриад байна лээ?
-Женкогийн хувьд Монголынхоо төлөө цохилох зүрхтэй, хичээл, зүтгэлтэй залуу.
Нөгөөтэйгүүр Х.Баттулга МАНАН гэдэг аалзны торын мөн чанарыг ойлгож, үүнтэй тэмцье гэж бодож байгаа бол тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй. Өнөөдөр гуравдагч хүчин дээр төвлөрөхөөс өөр ямар ч зам байхгүй. Н.Энхбаяр тэргүүтний эвсэлд нэгдэж байж тодорхой амжилтад хүрнэ үү гэхээс биш дор дороо үсчээд нэмэргүйг сүүлийн арван жилийн түүх харууллаа.
Түүхэн шаардлагаар нийгэмд улстөрийн дахин хуваарилалт аль хэдийнэ явагдаж, Монголын улстөр бүр хоёр хуваагдчихаад байна.
-Яаж?
-Нэг нь олигархиудын төлөөх буюу МАНАН гэж тодорхойлоод буй бүлэг болон тэднийг санхүүжүүлэгчид. Гэхдээ үүнд би жирийн гишүүдийг хэлээгүй. Шийдвэр гаргагч, удирдлагуудыг нь хэлж байгаа юм. Нөгөө талд олигархи дэглэмд үндсээр нь өөрчлөлт хийе гэсэн улстөрийн хүчин бий. Тэгэхээр хүссэн, хүсээгүй энэ хоёр сонголтоос л сонголтоо хийх хэрэгтэй болж байна.
Эх сурвалж: Шударга.мн
Сэтгэгдэл