Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж баталлаа. ОУВС-гаас хөтөлбөрийн хэрэгжилт сайн, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсөв, гадаад валютын нөөцийн гол зорилтууд давж биелэн Монгол Улсын эдийн засаг төсөөлж байснаас илүү хурдацтай сэргэсэн хэмээн дүгнэсэн юм.
Үүний үр дүнд манай улсад 30.55 сая ам.долларын хөтөлбөрийн санхүүжилт 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүллээ. Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол улсад олгосон санхүүжилтийн дүн 152.8 сая ам.долларт хүрэв.
Түүнчлэн
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн
байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын
санхүүжилт Монгол Улсад хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын
санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байгаагаас ийнхүү эхний 30.55 сая
ам.долларын санхүүжилт орж ирлээ.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл