Дарга та бүхэн сувилагчийн цалингаар ганц сар амьдрах гэж оролдоод үзнэ үү


 

Дарга та бүхэн сувилагчийн цалингаар ганц сар амьдрах гэж оролдоод үзнэ үүНагац эгч маань нэгэн томоохон эмнэлэгт 31 дэх жилдээ сувилагчаар ажиллаж байна. Ажилдаа маш сайн, хамт олныхоо дунд нэр хүндтэй, өвчтөнүүд бол эмнэлгээс гарахдаа эмч нараас илүүтэй нагац эгчид минь талархал илэрхийлнэ.

Ерөөс ажлын үзүүлэлт туйлын сайн гэсэн үг. Нөгөөх төрийн шагнал, медалиудын ихэнхийг нь бас авчихжээ. Гэвч эгч минь сайн ажилласан шигээ сайн цалин авч үзэлгүй өнөөдрийг хүрлээ. Идэр насандаа хань ижлээ алдсан эгчийн нуруун дээр амьдрал тэр чигээрээ буусан. Гурван хүүхдийн сургалтын төлбөр, байр, хоол, унааны зардал, бусад хэрэгцээ гээд хөөрхий эгч минь бүхнийг амжуулахын тулд сүүлийн 10 жил хотын төв дэх нэг өндөр үнэтэй рестораны шалыг амралтын өдрүүдээр угааж байна. Мөн ээлжийн амралт авсан хугацаандаа сувилал, рашаан, аялал гэж явсангүй хувийн эмнэлгүүдэд ажилладаг.

Тэгээд эгч маань сар бүр илүү цаг, рестораны шал угаасны цалин гээд нийт 700 орчим мянган төгрөг гар дээрээ авдаг. Дээр нь гурван жилийн өмнө бага охиноо сургах гээд цалингийн зээлээ тулгаж авсан. Том хүүгээ гадаадад сургахын тулд байрныхаа ордерийг барьцаалсан. Хүмүүс гайхах л байх, ийм хэцүү юм бол яах гэж хүүхдүүдээ ингэж  сургадаг юм гэж. Харин эгч минь өөрийнхөө үүрсэн, туулсан амьдралыг хүүхдүүдээ битгий үүрээсэй, арай илүү бүтээлч ажил хийгээсэй гэсэндээ ингэж шүд зуужээ.

Үр дүнд нь гурван хүүхэд нь гайхалтай хүмүүжилтэй, ээжийнхээ ачийг заавал хариулна гэсэн чин эрмэлзэлтэй, өндөр боловсролтой хүмүүс болж төлөвсөн. Гэхдээ одоо 52-хон настай эгч минь мэдрэлийн архаг ядаргаа, бараг сохрох шахсан нүд, үений үрэвслээс болоод мойногор гар хуруу, кальцийн дутагдлаас үүдэлтэй нурууны үенд ургасан яс, өвчилсөн нойр булчирхайтай хоцорч байна.

Гэтэл тэтгэвэрт гартал дахиад гурван жил гүрийх ёстой. Хоёр охиноо төгстөл нь шүд зууна гэсэн болохоор нөгөөх амралтгүй илүү цагийн ажил, шал угаалт хэвээр үлдэнэ. Тэгээд гар дээрээ 700 мянган төгрөг авна.

Энэ бол Монголын сувилагч нарын өнөөгийн амьдрал. 32 мянга шахам сувилагч, асрагч нарын дунд эгчээс минь илүү гарч амьдарч байгаа хүн бий болов уу. Харин ч манай эгч ажилдаа сайн, хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн нэгэн тулдаа амралтын өдрүүдээр ажиллах боломж гарч.

Өнөөдөр сувилагч нар жагсаж байгаа нь урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай эсэргүүцэл биш. Тартагтаа тулж, тэвчээрийн хязгаар нь энд хүрээд тэсэрсний л илэрхийлэл. Тэглээ гээд тэд ажил хаясангүй. Учир нь өөрсдийнх нь ажлын цаана хүний амь нас, эрүүл мэнд бий гэдгийг тэд яс махандаа шингэтэл ухамсарласан тул тийм алхам хийх ч үгүй.

Тиймээс л аргагүйдэн үсээ хусаж байгаа. Гэтэл энэ өдрүүдэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үзэгдсэнгүй. Зүй нь сайд та ганцаар цалин нэмүүлэх гээд хүчрэхгүй тул сувилагч нартайгаа жагсахад ч буруудахгүй л байв.

Тэгж байтал Ерөнхийлөгч Х.Баттулга тэдэн дээр ирсэн. Ирсэн хойноо хүүхэд аргадахын дайтай юм ярьж байгаад явсныг бүгд харсан. Энэ бол шийдэл биш ээ, эрхэм Ерөнхийлөгч, сайд нар аа.

Улстөрчид бол сувилагч нарыг улстөрийн шоу хийж байна гэх ухааны юм хэлэх нь яав ч эрүүл бусын шинж гэлтэй. Та бүхэн анзаарсан бол эмч, сувилагч, асрагч нар Монголд ажилтай хэдий ч эмзэг бүлгийнхний тоонд орж байгаа. Тэднийг төсвийн мөнгөн дээр сандайлж, эмнэлэг удирдсан Ерөнхий эмч, дарга нартай битгий л харьцуулж үзээрэй.

Статистик дүнгээс харахад, дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эрүүл мэндийн салбартаа ДНБ-ийнхээ 12.3 хувийг зарцуулдаг. Тэр хэрээр хүмүүс нь эрүүл, эмч, сувилагч нар нь өндөр цалинтай байдаг. Харин дундаж орнуудын тухайд энэ хувь 6.2 байдаг бол буурай орнуудынх 4.5 хувь байдаг ажээ. Буурай гэдэгт Африк, Латин Америк, Дундад Азийн орнууд ордог. Тэгвэл Монгол Улс эдгээр ядуу орнуудынхаас ч бага буюу эрүүл мэндийн салбартаа ДНБ-ийнхээ 2.9 хувийг л зарцуулдаг юм билээ.

Ийм байхад Ерөнхий сайд, салбарын сайд, УИХ-ын гишүүдийн амнаас бодлогоор эднийг дэмжье гэхийн оронд "Цалинг нэмэхгүй” гэхээс өөр үг гарсангүй. Өөрчилье ч гэж бодсонгүй.

Энэ яг ямар тогтолцоо вэ, эрхэм Ерөнхий сайд аа, Эрүүл мэндийн сайд аа

Erennews.mn




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.