Гадаад хэргийн яамныхан зочид буудлуудад зээл олгосон гэж худал мэдээлэв үү, “Хөгжлийн банк” мөнгөгүй байна уу?


 Гадаад хэргийн яамныхан зочид буудлуудад зээл олгосон гэж худал мэдээлэв үү, “Хөгжлийн банк” мөнгөгүй байна уу?

АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг ирэх оны долдугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар болж, бэлтгэл ажилдаа хэдийн ороод байгаа. Уулзалтад 51 орны төр засгийн тэргүүнүүд, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. 
 
Түүнчлэн хэвлэл мэдээлэл, ёслол, хамгаалалт, бизнесийн төлөөлөл гээд нийт 5000 гаруй зочныг хүлээж авна гэсэн урьдчилсан төсөөлөл байдаг. "Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн Монгол Улсад дээд хэмжээний олон тооны зочин хүлээн авах зочид буудлын нөхцөл байдлыг сайжруулахаар багагүй арга хэмжээ авч байгаа. Мэдээж эхний ээлжинд хаана байрлуулах вэ гэдэг асуудал яригдаж, сүүлийн байдлаар 44 зочид буудлыг шалгаруулан, батламжийг нь гардуулан өгөөд байгаа. Гэхдээ эдгээр буудлууд нь шуудхан л тавтай морил гээд зочдоо хүлээгээд авчихаж бас болохгүй. 
 
Тиймээс нэмэлт засвар хийх, үйлчилгээг нь сайжруулах, олон улсын зэрэглэлд хүргэх шаардлага тулгараад байна. Түүнчлэн дэлхийн зочид буудлын сүлжээний дөрвөн буудлыг шинээр нээх саналаа аж ахуй нэгжүүд ирүүлсэн байдаг. Тэдгээр буудлыг барихад мөн л багагүй хөрөнгө шаардагдахаар байсан. 
 
Зочид буудлуудын хөрөнгийн асуудлыг судалж үзээд 150 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг "Хөгжлийн банк”-ны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгоё гэсэн шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн зургаадугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ зээл нь тав хүртэлх жилийн хугацаатай 7-9 хувийн хүүтэй байхаар тусгасан юм. 
 
Гэтэл Гадаад хэргийн яамнаас энэ сарын 1-ний өдөр мэдээлэл хийхдээ АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны ахлах Л.Оргил "АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд 44 зочид буудалд 150 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гээд 77 тэрбумыг "Хөгжлийн банк”-наас "Голомт”, "Худалдаа хөгжлийн банк”-аар дамжуулаад олгож эхэлсэн. Зочид буудлуудад олгох санхүүжилтийг "Хөгжлийн банк”-наас гаргаж байгаа бөгөөд буцаж төлөгдөх нөхцөлтэй зээл юм. 150 тэрбум төгрөг бол сонгогдсон 40 хэдэн буудлаас хүссэн хөрөнгө оруулалтын зээлийн нийлбэр дүн юм.” гэж мэдэгдсэн. 
 
Өөрөөр хэлбэл АСЕМ-ын зочдыг хүлээн авах буудлуудад хүссэн зээлийнх нь мөнгийг олгосон гэж хэлсэн. Харамсалтай нь АСЕМ-ын зочдын хүлээж авахаар бэлтгэл хангаж буй 40 гаруй зочид буудал дээрх зээлээс ганц ч төгрөг аваагүй байгаа юм. Түүгээр ч зогсохгүй Зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбатаас энэ талаар асуухад "Би ч өөрөө тухайн мэдээллийн учрыг олоогүй. Гайхсан. Тэр үед андуурагдсан байх.
 
Манай холбоонд байдаг буудлууд зээлийн мөнгө гэж аваагүй шүү дээ” гэсэн юм. Харин "Хөгжлийн банк”-ны тухайд "Манай банк санхүүжилт хийх мөнгөтэй. "Хөгжлийн банк”-наас санхүүжүүлж буй төслүүдийнхээ жагсаалтад бүгдийг нь бичээд явж байгаа. Тэр зочид буудлуудын хувьд бол олгогдоогүй. Наад асуудал чинь Засгийн газрын түвшинд л яваа байх” гэв. 
 
Үнэхээр ч "Хөгжлийн банк”-ны тайланд "АСЕМ Велла цогцолбор хотхонд 60 тэрбум төгрөг” гэж бичсэн байна билээ. Харин бусад зочид буудлуудын талаар бол нэгэнт өөрсдийнх нь хэлснээр Засгийн газрын түвшинд яваа учраас тайлан мэдээнд нь юу ч байхгүй байгаа аж. 
 
Уг нь буудлуудыг санхүүжүүлэхэд Засгийн газраар шийдвэрлээд байх асуудал ердөө ч байхгүй. Учир нь нийт буудлуудад шаардлагатай 150 тэрбум төгрөгийг "Хөгжлийн банк”-ны эх үүсвэрээр олго гээд аль хэдийн шийдвэрлэчихсэн. 
 
Харин санхүүжилт авсан гээд байгаа нь "АСЕМ Велла” цогцолбор хотхон. Тэдний зээлийн мөнгийг Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа "АСЕМ Вилла” цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлэхэд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах санхүүжилтийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Монгол Улсын "Хөгжлийн банк”-ны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллахыг "Хөгжлийн банк”-ны ТУЗ-д зөвшөөрье” гэж шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр тус хотхоныг бүтээн байгуулахад зориулж 60 тэрбумыг "Хөгжлийн банк”-хан гэрлийн хурдаар гаргаад өгчихсөн байгаа юм. 
 
Харин бусад зочид буудлууд өнөөг хүртэл учраа ойлгохгүй болчихоод сууж байгаа аж. Засгийн газраас шийдвэрлэх юм байна гэж бодож байтал нь Гадаад хэргийн яамнаас АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны ахлах Л.Оргил "77 тэрбум төгрөгийн зээл олгосон” гээд мэдэгдчихсэн.
 
Талууд нь аваагүй гэдэг тайлбар хэлдэг. Тэгэхээр албаныхан нь АСЕМ-ын бэлтгэл ажлыг хурдтай зохион байгуулж буй нэр зүүхийн тулд андуу, ташаа мэдээлэл өгч, ард олныг алмайруулаад байна уу. Эсвэл "Хөгжлийн банк”-ныхан үнэхээр мөнгөгүй, данс нь улайчихсан, зээл олгох нөхцөлгүй байгаа юм биш биз. Хэрвээ үнэхээр мөнгөгүй болчихсон бол тодорхой хэмжээгээр бусад буудлыг санхүүжүүлэхийн тулд мөнгөний эрэлд мордох болно. 
 
Тодруулбал, чаддагаар нь Засгийн газартаа туньж, мөнгө хэрэгтэй буйгаа дуулгах бөгөөд гүйцэтгэх засаглал нь УИХ-д хүсэлт тавьж таарна. Монголбанк бол мөнгөний бодлого хэрэгжүүлдэг УИХ-ын харьяа байгууллага. Тиймээс аливаа төслүүдийг санхүүжүүлэх мөнгө болонгуутаа гүйж очоод төгрөг хэвлүүлээд байх боломжгүй юм. 
Юутай ч албаныхан нь тухай бүрт тайлбар өгч байгаа мэт боловч үнэндээ амьдрал дээр ямар нэгэн санхүүжилтгүйгээр зочид буудлууд нь "бор зүрхээрээ” л ажлаа гүйцэлдүүлж байх шиг байна даа.
 
Яг үнэндээ хүчний байгууллагын энэхүү үйлдэл нь хүний хувийн орон зай руу халддаг, эрх мэдлийг өөртөө агуулж байдаг цагдаа, тагнуул, цэргийн байгууллагад ийм асуудал олон гардаг ч нууцлаад л өнгөрдөг. Тэр тусмаа гүйцэтгэх ажиллагаа нь зөвхөн прокурорын зөвшөөрөлтэй явагддаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажиллагааг явуулах үүргийг эрх бүхий албан тушаалтан л өгдөг. Тиймээс энэхүү гүйцэтгэх ажиллагааг явуулах үүргийг хэн өгсөн бэ гэдэг нь ч удахгүй тогтоогдох бололтой. Эцэст нь хэлэхэд Н.Ууганбаяр, Б.Ариунболд нар үнэхээр цагдаагийн алба хаагчийн ёс зүй, хуулийг сахин биелүүлэх тангарагийнхаа төлөө үнэнчээр зүтгэсэн үү гэдгийн гогцоо тайлагдахаар боллоо. 
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.