Наадмаас өмнө зүүн дөрвөн замын хөдөлгөөнийг хязгаарлана


Наадмаас өмнө зүүн дөрвөн замын хөдөлгөөнийг хязгаарлана

 

Улаанбаатарчуудын хамгийн том "толгойны өвчин” бол замын хөдөлгөөний түгжрэл. Одоо ч энэ асуудал иргэдийг бухимдуулсаар байна. Дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ныг хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж зарим гудамж, замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Үүнтэй холбогдуулан авто замын ачаалал, түгжрэл нэмэгджээ.

Олимпийн гудамжны замыг хааж гүүрэн гарц барихаар болсон. Ингэснээр Нарны зам, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Замын цагдаагийн уулзварын замын хөдөлгөөн энгийн үеэс 30-40 хувиар нэмэгдлээ. Хэдийгээр ЗЦА-аас нүхэн гарц, түр зам гарган ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн ч ачааллаа дийлэхгүй түгжрэл хэвийн хэмжээнээс хэтэрсэн байдалтай байна. Уг нь НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар түгжрэлийг бууруулах чиглэлд тогтоол гаргасан. Гэвч хаврын бүтээн байгуулалт нэрийдлээр зарим байршилд замын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа нь түгжрэлийг улам даамжруулсан хэрэг боллоо. Сонирхолтой тоон мэдээлэл дурдъя. Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа нэг жолооч 1 цагт түгжрэхэд 1328 төгрөг алддаг байна. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцож буй 200 мянган жолооч цагт 265 сая төгрөгийг зөвхөн түгжирснээс болж машиныхаа яндангаар гаргадаг гэсэн үг юм. Энэ тоог сараар, жилээр тооцвол хэдэн тэрбум төгрөг гарч ирэх нь харагдана.

Олимпийн гудамж, нарны зам орчмоор замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар бухимдалтай байна. Бүтэн өдөр түгжирч байж ажилдаа очиж байна, автозамын буруу хуваарилалт, зохион байгуулалтаас болж түгжрэл үүсч байгаа зэргээр байр сууриа илэрхийлсэн юм. Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хаасан нь дөнгөж эхлэл гэж хэлж болно. Цаашид гүүрэн гарц барихын тулд зүүн дөрвөн замын уулзавыг баяр наадмаас өмнө мөн хаахаар болжээ. Ингэснээр Зүүн 4 зам, Нарантуул, Жуков, Сансар чиглэлийн замын хөдөлгөөн мөн ачаалалтай болно гэсэн үг юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.