“MCS”-ийнхэн хүүхэд усан санд осолдсон хэргийг нуун дарагдуулав уу?


“MCS”-ийнхэн хүүхэд усан санд осолдсон хэргийг нуун дарагдуулав уу?Нийслэл Улаанбаатарт өдрөөс өдөрт өндөр барилгууд сүндэрлэж, хүн ам өсч байгаа хэдий ч улсын сургууль, цэцэрлэгийн тоо хүрэлцээ муутай байдаг нь нууц биш. Улсын цэцэрлэг, сургуулийн ачаалал нормоосоо хэтэрсний улмаас хоёр ээлжээр хичээллэж, энэ нь эргээд сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх болсон.

Энэ байдлыг хөрөнгө бэлтэй, сүүхэйтэй нэгэн нь ашигтайгаар сэтгэж хувийн цэцэрлэг, сургууль барьж өндөр төлбөрөөр эцэг эхчүүдийн халаасыг шавхдаг. Гайгүйхэн хөрөнгө, мөнгөтэй эцэг эхчүүд нь үр хүүхдээ бусдаас дутаахгүйг хичээж өндөр төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэг бараадана. Монголдоо нэлээдгүй нэр хүндтэй, томоохонд тооцогдох "Орчлон сургууль”-д баян айлын хүүхдүүд л сурдаг гэх ойлголт Монголчуудад бий.

"М-Си-Эс” группийн "Орчлон” сургуулийн салбар болох "Орчлон-2” цэцэрлэг өнгөрсөн жилээс ашиглалтад орсон. Нэг дор төвлөрсөн дээд зэрэглэлийн сургууль, цэцэрлэг нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрладаг. Тэгвэл өндөр зэрэглэлийн "Орчлон 2” цэцэрлэгийн усан бассейнд өнгөрсөн 7 хоногт 4 настай хүүхэд унаж эмнэлэгт хүргэгджээ. Азаар хүүхдийг уснаас шуурхай гаргасан бөгөөд түргэн тусламжаар эмнэлэгт хүргэж эрчимт эмчилгээнд оруулсан гэнэ. Тэрээр 15.40 минутын орчимд тус цэцэрлэгийн усан санд дунд ангийн сурагчдад багш нь бассейний хичээл орж байсан гэнэ. Гэтэл 4 настай О нь шалан дээр хөл нүцгэн гүйж яваад халтирч унан усанд унажээ. Хичээл зааж байсан багш хүүхдийг яаралтай уснаас гаргахад живсэн байдалтай гарсан байна. Үүнээс анхаарал татсан зүйл гэвэл тус усан бассейнд дөрвөн настай хүүхэд юу хийж явсан тухай асуудал байлаа. Багш нарын анхааралгүй байдлаас болж хорвоод мэндлээд дөрөвхөн жил болсон хүүхэд буцаж явах шахсан нь зүгээр өнгөрч болох асуудал яавч биш. Хар ухаанаар бодсон ч хүүхдийн биеийн байдал болон цэцэрлэгийн тоног төхөөрөмж хүүхдэд зориулсан аюулгүй байдал хангасан баймаар. Усан бассейн эргэн тойронд ядаж л хүүхэд хөл алдан унах боломжгүй эд материал ашигласан байх нь дээд зэрэглэлийн гэх тус газарт байх зүйл.

Сүүлийн үед манай улсад бага насны хүүхдүүд томчуудын анхаарал болгоомжгүй байдлаас болж эндэх болсон. Энэ нь нийгэмд ч ихээхэн цочрол үзүүлж байгаа учир хүүхдэд хандуулах асуудалд аль аль талаас нь сэрэмжтэй байх хэрэгтэй. Гэтэл "Орчлон 2”-т болсон хэрэг явдлыг эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй дарга удирдлагууд нь нуун дарагдуулж эцэг эхийх нь ч амыг таглаж чаджээ. Бүр цагдаагийн байгууллагад ч хандалгүй хэргийг гадагш задруулахгүй байгааг харахад хүүхдийн амь нас, эрүүл мэндэд огтхон ч анхаардаггүй бололтой. Ямартай ч усанд унасан хүүхэд амь насаараа хохироогүй нь их аз. Харин дээд зэрэглэлийн өндөр төлбөртэй тус газрын багш нарт бүрэн итгэхэд бэрх санагдав.

Эх сурвалж: Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.