
Хятадын умард хилийн Эрээн хотноо 05-р сарын 11-ний өдөр нар налайн навчис ногоорон хүн зон амар амгалан. Үүнээс яг нэг сарын өмнө буюу 04-р сарын 11-ний өдөр, Өвөр Монгол нь Хятадын 23 дахь Чөлөөт худалдааны туршилтын бүсээр баталагдаж, Хятадын “Умардад нээлттай байлгах” стратегийн ажил алхам дэвшиж, Өвөр Монгол дэлхийн дэвжээнд гарах шинэ дүр төрхөө дэлгэсэн бол Эрээн хот нь Чөлөөт худалдааны туршилтын бүсийн салбар бүсийн хувиар хөгжлийн шинэ боломжоо нээж билээ.
Юм юмны анхных нь үнэ цэнтэй байдагтай адил энэ өдөр Хятад, Монголын 40 гаруй сэтгүүлчид Өвөр Монголын Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжлагын салхийг хагалснаар хоёр орны сэтгүүлчид хувь хувьдаа олзуурхаж байлаа.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн дэд ерөнхийлөгч Г.Ариунчулуун:
- Хятад, Монголын сэтгүүлчид маш олон удаа хамтарсан сурвалжилга хийж ирсэн уламжлалтай. Энэ удаа Монгол улс 23 сэтгүүлчийн өргөн бүрэлдэхүүнтэй, Монголын сэтгүүл зүйн салбарт хамгийн их уншигчтай, үзэгчтэй Сонин, радио, телевиз, вэбсайтуудын сэтгүүлчид хүрэлцэн ирсэн. Бид зөв мэдээ мэдээллийг газар дээрээс нь хүргэхээр хичээнгүйлэн ажиллаж байгаа. Чөлөөт худалдааны бүс нь олон жил яригдаад ирсэн ч өмнөхөн Хятадын засгийн газраас албан ёсоор захирамж гаргаад ажил маш хурдтай болж байгааг хараад их баяртай байна. Зөвхөн хил орчмын хүмүүс биш, харин цаад гүндээ хол байгаа хүмүүс хил гарахгүйгээр хоёр талын худалдаа үйлчилгээнд оролцох боломжтой болохыг хоёр орны хүн бүрийн хүсэж байгаа зүйл. Хятадын худалдаа эрхлэгч, Монголын үйдэвэрлэгч нарын хүсэж харж байгаа зүйл. Энэ бүх барилга байгууламж нь хурдан байгуулагдаад, Чөлөөт худалдааны бүсийн үр шимийг нь ард түмэн хурдан хүртэх болтугай гэж харж байна. Өнөөдрийн хувьд ийм том төлөвлөлттөй том бүс болж байгааг би ч мэдээгүй, энэ олон сэтгүүлчдээр дамжуулаад Монголын ард түмэн гэрэл гэгээтэй боломжтой ирээдүйд бий болох том төсөл явагдаж байгааг харна гэдэгт найдаж байна.

Өвөр Монголын Чөлөөт худалдааны туршилтын бүсийн Эрээн хотын салбар бүс нь чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг шинэ эхлэлийн цэг болгон авч, шинэ нээлт, шинэ алхам, шинэ ололт амжилтад анхаарлаа төвлөрүүлэн, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал төв, хөрш орнуудтай найрсаг хамтын ажиллагааны загварыг бий болгоход хүчээ төвлөрүүлж байгаа талаар сэтгүүлчид газар дээр нь хүрээд ойлгож мэдлээ.
Өвөр Монголын туршилтын чөлөөт худалдааны бүс нь Хятадын хойд хил дэх Орос, Монголын аль алинд нь нэгэн зэрэг нээгдсэн анхны чөлөөт худалдааны бүс юм. Хятад, Монголын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сэтгүүлчдийн төлөөлөгчид энэхүү эрч хүчтэй нутгаар анх удаа чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтын талаар хамтарсан сурвалжилга хийсэн нь утга төгөлдөр арга хэмжээ болжээ.

Өвөр Монголын Өдрийн сонины сэтгүүлч Сүнь Лю:
- Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгад оролцсондоо маш баяртай байна. Ялангуяа Өвөр Монголын туршилтын чөлөөт худалдааны бүсэд анхны сурвалжилга хийж байгаа маань их аз тохиол болж байна. Чөлөөт худалдааны туршилтын бүс нь хоёр оронд цоо шинэ боломж олгоно гэдэгт найдаж бий.
Хоёр орны сэтгүүлчид Эрээн хотод чөлөөт худалдааны салбар бүс байгуулагдсанаар Хятад-Монголын хамтын ажиллагаанд авчирсан шинэ уур амьсгалыг харж мэдэрч явлаа. Эрээн хот нь Хятад улсын Монголд нээлттэй хамгийн том хуурай замын боомт бөгөөд Хятад, Монголын хоорондох хүн ардын солилцооны 70 гаруй хувийг, зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний экспортын 80 гаруй хувийг хариуцдаг ба Чөлөөт худалдааны бүсийг баталсны дараа 18.35 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий олон улсын худалдаа, олон улсын ложистик, хил дамнасан аялал жуулчлал, олон улсын эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг өвөрмөц салбаруудыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал төв болох зорилготой юм.

Ярилцлагын үеэр хоёр улсын сэтгүүлчид 12-ны өдөр Эрээн хотод Хаоган жимс, хүнсний ногоо, амуу будаа, хүнсний тосны импорт, экспортын парк, Мэн Кэ Лүн арилжаа худалдааны сүлжээ ХХК зэрэг газаруудаар сурвалжилга авч, Хятадын жимс хүнсний ногооны экспортын байдалтай танилцав.
Монголын жимс, хүнсний ногооны импортын 70-80 хувийг Эрээн хотын "Хао Ган" компани хангаж байдаг. Тус компани өдөрт дунджаар 30 хөргөгчтэй ачааны машинаар Монгол улс руу жимс ногоо тээвэрлэдэг юм байна. Хао Ган компанийн дэд дарга Жан Юйчэн:
- 2025 онд Монгол руу 173,600 тонн жимс хүнсний ногоо экспортолжээ. 2026 онд 180,000 тонн экспортлох боломжтой.
Тэр бас чөлөөт худалдааны бүс батлагдаснаар хүйтэн агуулахын талбайг өргөтгөн байгуулж, Орос руу эспортолох үйл ажиллагаа нэмэгдүүлэхээр байна гэж хэлэв.

Жолооч Т.Гүнжаргал:
- Монголд жимс, ногоо авдаг 60 гаруй компани байдаг. Бүх жимс ногоог энэ агуулахаас 200 гаруй жимс ногоо тээвэрлэх зориулалттай машинаар ачаа тээвэрлэдэг. Эрээнээс гараад Улаанбаатар хүртэл 10 цаг явдаг. Энд хятадын гааль шалгалтаа явуулж, Монголын хил дээр гаальд шалгуулаад шууд Улаанбаатарт ачаагаа хүргэдэг. Эрээн хотын энэ жимс ногооны агуулах нь цэвэрхэн, стандарт нормтой учраас жимс, ногооны чанар бол маш сайн байдаг. Нэг машинд бүдүүн ногоо 20-25 тонн, нарийн ногоо 19-22 тонн ачиж тээвэрлэдэг. 7 хоногт 2 удаа явах тохиодол бий.
Монголын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчид чөлөөт худалдааны бүс нь Хятад-Монголын хамтын ажиллагаанд илүү өргөн хүрээг нээж өгөх бөгөөд хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд харилцаа холбоонд гүүрэн үүрэг гүйцэтгэсээр байх болно гэж байлаа.

Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс нь Хөх хот, Манжуур, Эрээн хот гэсэн гурван томоохон бүсийг байгуулж, мэдээлэл солилцох, тээвэр, ложистик, нөөцийн хуваарилалт, технологийн инновац, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны "таван төв" болгон хөгжлийн байр сууриа тогтоосон. Сэтгүүлчид өөрсдийн дуран, үзгээр дамжуулан Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн дүр зургийг хоёр орны уншигчдад толилуулж, "Бүс ба Зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалтын шинэ бүлгийг тод томруунаар бичиж байна.

Сэтгэгдэл