Амьдралдаа алх барьж, нэг ч удаа хадаас хадаж үзээгүй хүн нарийн мужааны хичээлийг бусдад яаж заах вэ? Амьдралдаа бийр будаг нийлүүлж үзээгүй хүн хэрхэн зотон дээр зураг зурахын ид бахыг үзүүлэх вэ? Яг түүнтэй адил уран зохиолоо уншдаггүй Уран зохиолын багш нар хүүхэд багачуудад хэрхэн яаж уран зохиол заах вэ?
Сүүлийн хэдэн жил Монгол орны зүүн баруун, төвийн нутгуудад, мөн Улаанбаатарт цөөнгүй уран зохиолын багштай уулзаж, ярилцаж явав. Гарын арван хурууныхаа тоог гүйцэх ном уншдаг багш нар ховор байна шүү. Арван багшийн нэг нь дунд зэрэг уншдаг, зуун багшийн нэг нь гайгүй уншдаг байдалтай. Уншиж буй номын чанар чансааны тухайд бол бүр ч тааруухан, Солонгос олон ангит кино шиг юм унших нь бишгүй.
ЕБС-ийн Уран зохиолын хичээл гэдэг бол бусад хичээлийнхээ адил хичээл биш, өвөрмөц онцлогтой. Гэтэл багш нар маань уншихгүй байгаа нь тун харамсалтай. Уншихгүй бол шавь нарын чинь сэтгэлгээ, мэдрэхүй хөгжихгүй, мэдлэг тэлэхгүй, монгол хэл нь сайжрахгүй, алдаа мадагтай бичсээр л байна. Хэлбэр хөөдөг, дүрэм ярьдаг, чанар мэддэггүй хүмүүс болно. Ерөөс боловсролтой хүн гэж уншдаг л хүнийг хэлдэг болохоос нэг үнэмлэх, дипломтой хүнийг хэлдэггүй. Боловсролтой хүний гол шинж нь үргэлжийн уншиж, өөрийгөө тал бүрээр хөгжүүлж, урагшилж, эрж хайж, сэтгэж, мэдэж байдаг.
ЕБС-ийн Уран зохиолын сурах бичгүүд ч, хөтөлбөр нь ч хангалтгүй байна. Гэтэл тийм хөтөлбөрийн, сурах бичгийн хүрээн дотроо өдөр өнгөрөөж, амьдрал аргацааж явна гэдэг мянга мянган хүүхэд багачуудын оюун тархинд, зүрх сэтгэлд асах учиртай гэрлийг асах цагт нь асаалгүй орхичихож буйтай, царцааж буйтай адил ноцтой муухай, хариуцлагагүй, сэтгэлгүй хүйтэн явдал шүү.
Манай Уран зохиолын багш мэргэжилтнүүд бэлтгэдэг Их дээд сургуулиудын удирдлагууд аа, ямар боловсон хүчин бэлтгээд байна вэ? Уншиж сураагүй, дадаагүй уран зохиолын багш нарыг бэлтгэнэ гэдэг нь алх барьж үзээгүй мужаан бэлтгэж буйтай, бийр будаг нийлүүлж үзээгүй зураач бэлтгэж буйтай адил шүү.
Уран зохиолын багш нар гэдэг бол бусдыгаа бодвол шинэ тутам гарч буй номуудыг сорчилж уншдаг, бараг л уран зохиолын мэргэжилтэн шахуу байх учиртай. Гэтэл тиймгүй байна. Хатуухан хэлэхэд "Ногоон нүдэн ламаар хариулгасан жаран цагаан хонь" шиг л байна.
Сайн ном уншсанаар хүн мэдрэл нь муудчихгүй, зөнөчихгүй, үхчихгүй, ядуу болчихгүй, харин ч эсрэгээрээ уншсан хүн илүү сэргэг, соргог, бүтээлч, мэдлэгтэй, чадвартай байж тэр хэрээр амьдралын чанарт нөлөөлдөг болохыг судлаачид хэлээд байгаа. Уншсан хүний тархи зөнөх нь харьцангүй бага байдгыг судлаачид хэлээд байгаа. Уншсан хүний эрүүл мэнд, урт наслалт ч харьцангуй илүү гэдгийг ч хэлээд байгаа.
Уран зохиолын багш нар минь ээ, уран зохиолоо уншдаг больё. Хариуцсан ажилдаа хариуцлагатай, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байцгаая аа. Нэр усаараа, сургууль, дүүргээрээ, аймаг сумаараа дуудуулалгүй шиг уншдаг хэвшилтэй болцгоочихвол олон ч юм өөрчлөгдөнө, таны, миний, бидний үр хүүхдийн, улс орны ч ирээдүй өөрчлөгдөнө,
Уран зохиолын багш бэлтгэдэг Их дээд сургуулиудын эрхлэгчид, удирдлагууд аа! Уншдаг уран зохиолын багш бэлтгэж гаргацгаая аа.
Уран зохиолын хичээлийн хөтөлбөр, бодлого боловсруулдаг эрхэм мэргэжилтнүүд ээ, бодлогоо эргэж нэг сайтар харж үзээч ээ! Хүүхдийг уран зохиолд дурлах биш, залхаах байдалтай хичээлүүд, сэдвүүд наад сурах бичгүүдэд чинь олон байна шүү. Шаардлагатай бол нэр заагаад, бичээд, учир шалтгааныг нь тодруулаад өгье.
Б.Номинчимэд
Эх сурвалж: unen.mn