Хөршүүдэд тавьсан санал
ОХУ-ын Башкир улсын нийслэл Уфа хотноо өчигдөр /2015.07.09-нд/ Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын 15 дугаар хуралдаан эхэлж, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн дээд түвшний уулзалт боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хөрш гурван орны төрийн тэргүүнүүдийн анхны уулзалт өнгөрсөн жилийн есдүгээр сард Душанбе хотноо зохион байгуулагдсан түүхтэй. Энэ үеэр ОХУ ШХАБ-ыг даргалах эрхийг гардаж байсан юм. Харин ирэх жилийн уулзалтыг Хятадад хийх санаачлагыг БНХАУ -ын дарга Си Зиньпин Уфагийн уулзалтын үеэр гаргасан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дараах саналыг хөршүүддээ тавилаа. Үүнд:
1. Гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг
боловсруулах, төслийн гүйцэтгэл, уялдаа холбоо, зохицуулалтыг хангах зорилго бүхий
гурван талын тэгш оролцоотой төсөл, судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулж
ажиллуулах.
2. Монголын уул уурхай, экспорт, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг
Орос, Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч зах зээлд гаргахтай холбогдсон
асуудлыг шуурхай шийдвэрлэхэд шаардлагатай хил орчмын хамтын ажиллагааг сайжруулах
нөхцлийг тохирох.
3.Байгалийн хий, газрын тос дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан барих
боломжийг судлах, хамтран ажиллах.
4.Гурван улсын харилцан хэрэгжүүлэх худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах
явцыг өргөжүүлэх болон худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан холбогдох
байгууллага хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах.
5.Монгол Улс дотоодын хэрэгцээндээ зориулж ОХУ, БНХАУ-аас авч буй импортын цахилгаан
эрчим хүчний үнэ тарифыг урт хугацаанд тогтвортой байлгах, цаашид бууруулах чиглэлд
хамтран ажиллах.
Ингэхдээдээр дурдсан асуудлыг ажил хэрэг болгох зорилгоор тогтмол Гадаад хэргийн болон
Тээврийн дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулах нь чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн юм.
Монгол Улс нь ШХАБ-д 2004 онд ажиглагчийн статустай болсон байна. Өнгөрсөн жилээс эхэлж Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн орон болно гэж гадаадын хэвлэлд мэдээлж байсан ч энэ удаад ажиглагчийн байр сууриа хадгалж үлдлээ. Одоогоор тус байгууллагад Монголоос гадна Энэтхэг, Иран, Пакистан улс ажиглагчийн статустай бол Беларус, Шри-Ланк, Беларус, Турк улс нь түншийн статустай аж.
Харин ШХАБ-ыг анхлан байгуулагчид нь ОХУ, Хятад, Казахстан, Киргизстан, Тажикстан улсууд юм. Цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх зорилготойгоор байгуулагдаж байсан ШХАБ-ын үйл ажиллагаа өргөжсөөр бүхий л салбарыг хамарч, эдүгээ эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү ач холбогдол өгөх болжээ.
Хөрш орнуудын төрийн тэргүүнүүдийн хамтарсан уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин Хятадын Торгоны зам, Оросын Евро Азийн коридор, Монголын Талын зам төслүүдийг Хятад, Монгол, Орос гурван улсыг хамарсан эдийн засгийн коридор байгуулах замаар хэрэгжүүлэх боломжтойг онцлов. Энэ тухайгаа Си Зиньпин дарга “Европ, Ази тивийг холбосон эдийн засгийн коридор байгуулах нь гурван улсын хөгжил болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой” хэмээн тэмдэглэсэн юм. Мөн Монгол Улс газар зүйн давуу талаа ашиглаж, холбогдох улс орнуудын уламжлалт харилцааг бэхжүүлж, ШХАБ-ын хүрээнд бүхий л салбарын хамтын ажиллагаанд оролцоход Хятадын тал дэмжиж ажиллах төдийгүй ажиглагч улсын хамтын ажиллагааг цаашид ШХАБ-ын хөгжлийн чухал хэсэг болгож бүх улсын эрх ашгийг харилцан шингээхэд чиглэсэн сайн нөхцөл бүрдүүлэх болно гэдгээ тэмдэглэсэн юм.
ОХУ-ерөнхийлөгч В.В.Путин хөршүүдийн уулзалт жил хүрэхгүйн хугацаанд тодорхой үр дүн дагуулсныг тодорхойллоо. Тухайлбал, бүтэн жил өнгөрөөгүй байхад Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд гурван удаа уулзалт хийсэн. Өнгөрсөн тавдугаар сард Уфа хотод зам тээврийн байгууллагуудын удирдлага цугларч уулзсан. ОХУ-ын тал энэ үеэр Замын зураг гаргах баримт бичгийг санал болгосон байна.
Харин энэ удаад гурван талт уулзалтын хүрээнд Эдийн засгийн коридор байгуулах тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын ерөнхий хэлэлцээр болон Хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Хилийн бүтээн байгуулалтын газар хоорондын ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурав.
Улаанбаатар төмөр замын баазад тулгуурлан тээврийн коридор байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг холбогдох байгууллага нь боловсруулж эхэлжээ. Аялал жуулчлалын маршрут гаргах чиглэлээр “Их цайны зам”, “Евроазийн од” буюу Бээжин-Чита-Улаан-Үд, Эрхүү гэсэн аялал жуулчлалын хамтарсан кластер байгуулах хамтарсан тодорхой төслүүд хэрэгжүүлэхээр ярилцаж байна.
ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын төрийн тэргүүн нарын уулзалт өнөөдөр өргөтгөсөн хуралдаанаар үргэлжилнэ.
Онцлоход, Уфа хотноо ШХАБ -ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн БРИКС буюу ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн БНУ-ын эвслийн дээд хэмжээний уулзалт давхцан холын зочид олонтой байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр дээрх арга хэмжээнүүдэд оролцоно, энэ үеэрээ үг хэлнэ.
Гурван улсын Ерөнхийлөгч нарын уулзалтад дараах төлөөллүүд оролцлоо.
Монголын талаас:
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн
Зам тээврийн сайд Н.Төмөрхүү
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга О.Очиржав
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Г.Зоригт
Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын дэд захирал Э.Булган
Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын шадар туслах Д.Сайнбаяр
Оросын талаас:
Ерөнхийлөгчийн туслах Ю.В.Ушаков
Гадаад хэргийн сайд С.Лавров
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.С.Песков
Тээврийн сайд М.Ю.Соколов
Эрчим хүчний сайд А.В.Новак
Эдийн засгийн хөгжлийн сайд А.В.Улюкаев
Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын дэд захирал Г.В.Зиновьев
Хятадын талаас:
Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Коммунист намын дэргэдэх Улс төрийн судалгааны газрын дарга Ван Хунин
Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Коммунист намын нарийн бичгийн дарга нарын газрын дарга Ли Жаньшу
Бүгд найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Зечы
Гадаад хэргийн сайд Ван И
Хятадын Коммунист намын Хэрэг эрхлэх газрын нэгдүгээр орлогч дарга Дин Сюесен
Бүгд найрамдах Хятад Ард улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Хуй
Гадаад хэргийн дэд сайд Чөн Гуопин
Гадаад хэргийн яамны Азийн орнуудын газрын захирал Кун Сюанью
Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн газрын захирал Жан Зюнь
Си Зиньпин даргын Ёслолын дарга, Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Цинь Ган
Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн газрын захирал Лу Кан
Си Зиньпин даргын туслах Люй Лухуха
Си Зиньпин даргын туслах, нарийн бичгийн дарга Хань Шимин
Гадаад хэргийн яамны Европ, Төв Азийн орнуудын газрын дэд захирал Гуй Цуню нар оролцсон болно.
Г.НЭРГҮЙ news