Монгол
Улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болоход хагас жил хүрэхгүй хугацаа үлдлээ.
Улс төрийн хүчнүүдийн дотоодод нэр дэвшигчдийн марафон аль УИХ-ын сонгуультай
зэрэгцэн эхэлсэн. Харин иргэдийн дунд дараагийн ерөнхийлөгчөөр сонгох сонголтод
хэн хэн нэр дэвших бол гэсэн асуулт одоогийн ерөнхийлөгчийн нэр дэвших
эрхийн эргэн тойронд эрчимжиж, талцаж, мэтгэлцэхэд хүрээд буй. Албан
ёсоор нэр дэвшихээ илэрхийлсэн ганц хүн бол УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл. Гэхдээ
түүнийг Х.Баттулгын талаас шидсэн "чулуу” гэж харж байгаа хүн цөөнгүй бий. Ер
нь Ардчилсан намд нэр дэвших хүсэлтэй хэд хэдэн хүн байгааг тус намд
гарсан маргаан тодхон харуулж байгаа билээ. Одоогийн
ерөнхийлөгч Х.Баттулга ч нэр дэвших хүсэлтээ дурдаад амжсан. Тэгвэл ийм
боломж байхгүй гэдгийг Үндсэн хуулинд тов тодорхой заагаад өгчихсөн
гэдгийг нэр бүхий УИХ-ын гишүүн өчигдөр сануулаад, улмаар Ерөнхийлөгчийн
сонгуулийн тухай хуульд энэ талаар тусгах ёстой гэсэн үндэслэлээр Үндсэн
хуулийн цэцэд хандахаа мэдэгдээд буй. Нөгөөтээгүүр Х.Баттулга
нь ерөнхийлөгч болсон цагаасаа л дараагийн сонгуулийн бэлтгэлээ базааж
эхэлсэн гэлтэй. Тэтгэврийн зээлийг тэглэж, оффшор дансыг илрүүлэн, оффшор
дахь мөнгийг иргэдэд зориулна хэмээн олон нийтийн итгэлийг хүлээж гарч ирсэн
тэрээр хэлсэндээ хүрэх гэж хэтэрхий улайран пиардахдаа "урт хэл
хүзүү орооно” гэгчийг умартах шахсан бололтой.
Саяхан
үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа "Оффшороос миний мөнгийг олбол, гаргаж
ирсэн хүмүүс нь өөрсдөө аваарай” хэмээн ам алдсан. Үүнийг дагаад оффшортой хүн
оффшор дансны талаар сайн мэднэ гэсэн ойлголт олны дунд бий болсон. Удалгүй
Монгол Улсын ерөнхийлөгчийн Сингапур дахь оффшор компанийг ikon.mn сайт батлан,
баримтуудыг дэлгэсэн. Гэхдээ төрийн тэргүүн маань "GENCO
HOLDINGSPTE LTD” компаниа 2020 оны арван нэгдүгээр сарын 9-нд амжиж татан
буулгасан байж. Ийм л учраас ав гэж ам бардам дуугарсан юм уу даа
гэлтэй.
Ерөнхийлөгч
болсон цагаасаа л оффшор гэх үгийг яриа бүрдээ ашиглаж олон хүмүүсийн анхаарлыг
сарниулж байгаад өөрийн хууль бус дансаа хав дарсаар өдийг хүрсэн ч, энэ удаад
нөхцөл байдлыг мэдэрсэн үү, хааж амжжээ. Ийм
л арга залиар манай улс төрчид өнөөдөр ч төрийн өндөр сэнтий
өөд мацаж байна. Ямартай ч ерөнхийлөгчийн сонгууль
ойртохын хэрээр ардын, ардчилсан гэх мэт намуудын ард түмний амыг ангайлгах
сюрприз уйдах завдал өгөхгүй нь лавтай.