Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “МҮЭХ төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын байр, цалин хөлсний асуудлаар байр сууриа УИХ, Засгийн газарт уламжилсан. Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдааны дараа мэдээлэл хийхдээ бидний тавьж буй асуудал шийдэгдсэн мэтээр мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны зүгээс Засгийн газрын шийдвэр албажиж ирэх хүртэл энэ асуудлыг нухацтай авч үзнэ. Нөгөө талаар тэмцэл, хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Зарим аймаг, орон нутагт өмнөх шийдвэр хэвээрээ байгаа мэтээр үйл явц өрнөж байгаа. Тиймээс Засгийн газар шийдвэрээ аль болохоор хурдан буюу он гарахаас өмнө албажуулах хэрэгтэй байна.
Ирэх онд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжид ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэж бид ойлгож байгаа. Мөн ажилчдын зөвшөөрөлгүйгээр гэрээт болгох, өөр байгууллагад шилжүүлэхгүй гэж ойлгосон. Гэсэн ч албан ёсны шийдвэр орон нутагт очоогүй байгааг салбар хороодоос бидэнд мэдээлж байна” гэдгийг хэллээ.
Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл “Боловсролын салбарын 70 мянга гаруй гишүүдийн төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэг жагсаал цуглаан хийх шийдвэр гаргаж, холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авахаар хандаад байна.
Нийгмийн үйлчилгээний салбар маш онцлог гэдгийг дахин дахин хэлж байгаа. Сангийн сайд цалин хөлс буурахгүй гэж хэлсэн. Нэмэхгүй юм уу?. Инфляцаас үүдэн хүндэрсэн байгаа санхүүгийн байдалд анхаарлаа хандуулна уу” хэмээн ярилаа.
Хэвлэлийн хурлын төгсгөлд Засгийн газар энэ сарын 25-ны дотор ажилчдыг гэрээт болохгүй, ТҮ-ний ангиллаас гаргахгүй, одоо ажиллаж байгаа байранд нь цаашид ажиллуулна гэсэн мэдээллийг албан ёсоор МҮЭХ-нд ирүүлэхийг хүслээ.