Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу өдгөө 801 хүн гарын үсэг зураад л байгуулж буй намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувь буюу 20 мянгаас доошгүй иргэн эвлэлдэн нэгдэж байж бүртгүүлэхээр болж байгаа. Гэхдээ үүнийг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө. Магадгүй тэр үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуух хориглолтын найман жил дуусах тул хүчингүй болгохгүй, Үндсэн хуулийн уг нэмэлтийг өөрчлөхгүй гэх газаргүй. Учир нь эл заалт иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, төр энэ эрхийг нь хамгаалах, иргэд болон намыг ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш үйлчлэх, олон ургальч үзлийг дэмжих зэргийг зөрчиж байна хэмээн нэлээд шүүмжлэлд өртөж буй. Тиймээс ч манай эрх баригчид “гал унтраах” арга хэмжээ авч, мөрдөх хугацааг нь хойшлуулан, 2028 он болгочихоод байгаа нь тэр.
2028 он болтол хаа ч байсан юм гэж алгуурлах хэрэггүй. Улс төрийн нам байгуулах шаардлагыг ийн өндөрсгөхөөр тэдний орон зайг төрийн бус буюу иргэний нийгмийн бусад байгууллага эзлэх, бүр ч дүрэмгүй тоглох эрсдэл бийг анхааруулж буй судлаачдын үгийг хайхрахгүй өнгөрч болохгүй. Учир нь манайд бүрэлдэн буй иргэний нийгмийн дүр төрх тун ч хөөрхийлөлтэй. Уншигчдын гар дээр очоод удаагүй, үндэсний залуу, дунд үеийн өмнөө барих судлаачдын манай ардчиллын эдийн засаг, социал, нийгэм-сэтгэл зүйн олон талт өөрчлөлт, тулгамдсан асуудлыг хөндөн бичсэн “Монгол дахь ардчиллын хөгжил, бэхжилт, асуудал, сорилт (1990-2019)” номд “Бүхэлдээ төр ба иргэний нийгэм улс төрийн нам хэмээх институцдээ залгиулсан нь ардчиллыг гажуудуулах үндсэн нөхцөл болж байна. Улс төрийн нам болон улстөрчдийн далласан газар ил гарч, далайсан газар далд ордог иргэний хөдөлгөөнүүд иргэний нийгмийг муухай харагдуулж байна” хэмээн онцолсон нь чухам оносон дүгнэлт мэт. Өөрөөр хэлбэл, манай иргэний нийгмийн байгууллагуудын нэр хүнд намаас дутахгүй унасан, үнэлэмж нь доогуур байна. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй. Хуулиар босго тавьж намуудыг шахчихаад, тэдний үлдээсэн орон зайд
...Тэд иргэд, олон нийтийн дуу хоолой болж, төлөөлөхийн тулд сайн дурын үндсэн дээр нийтийн эрх ашгийн төлөө зохион байгуулалтад орохоосоо илүүтэй улс төрийн хүчин, эрх мэдэлтний захиалга, түлхээсээр л ажиллаж байгаа нь нууц биш...
орж ирэх “этгээдүүдэд” хяналт тавьж чадахгүй бол одоогийнхоороо байсан нь бараг дээр. Төлөвшөөгүй төрийн бус байгууллагууд “самраад” хаячихаж мэднэ.
Тэдний үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах харилцааг одоогоор Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулж байна. Харин үүнийг одоо Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль болгон өөрчлөхөөр, төслийг нь Засгийн газар боловсруулаад буй. Уг төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжин, УИХ-д өргөн барихад бэлэн болгосон байна. Саяхан УИХ-аар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг өргөн барихаар эдгээрийг хамтад нь ярилцах
ёстой гэх байр суурь илэрхийлсэн. Тиймээс ч хэлэлцүүлгийг нь хойшлуулаад байгаа. Өргөн бариагүй байгаа эл төслийг өнгөц харвал нааштай заалтууд бий. Тухайлбал, Иргэний хуульд ашгийн төлөө бус хуулийн этгээд нь холбоо, сан, хоршоо гэсэн төрөлтэй байхаар заасан бол Төрийн бус байгууллагын тухай хуульд “төрийн бус байгууллага” гэх ангилал бий болгож, зөрүүтэй хуульчилсныг засна гэж байгаа. Түүнчлэн хууль зүйн хувьд төрийн бус байгууллагын хэлбэрийг зөв тодорхойлоогүйн улмаас улс төр, шашны байгууллага төдийгүй ашгийн төлөөх хуулийн этгээд ч ТББ гэх нэрийг хэт хавтгайруулан хэрэглэж, олон хүний хэлээд байгаачлан шантаажлах хэрэгсэл болгож буйг ч өөрчилнө гэж уг төслийг боловсруулсан мэргэжилтнүүд тайлбарласан. Юутай ч Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль батлагдсанаар одоогийн төрийн бус байгууллагууд холбоо, сангийн хэлбэрээр ажиллах нөхцөл бүрдэж, эрх зүйн зохицуулалтын хүрээнд үүсээд байгаа зөрчил, хийдэл арилах гэнэ. Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа буюу мөнгө угаах зэрэг үйл ажиллагаа эрхэлж буй холбоо, санг ялгах, хариуцлага тооцох боломж бүрдэх аж. Санхүүжилтийн зарчмыг нь тодорхой болгохын тулд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх зохицуулалтыг ч ойлгомжтой болгох учиртай.
Уул уурхайн салбарын үйл ажиллагааг эсэргүүцэн тэмцдэг иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаа 2000 оноос идэвхжсэн. Тэдний нэг болох “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр бусадтайгаа эвсэж “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” болж өргөжин, 2010 онд хэд хэдэн уурхай руу зэвсэглэн халдсаныг мартаагүй биз ээ. Ингээд зогсохгүй тэд үндсэрхэг үзэл бүхий хөдөлгөөнүүдтэй нэгдэж, “Гал үндэстэн” холбоо байгуулан 2011 онд бас л уурхайн эзэмшилд халдаж, гал нээсэн байдаг. Удалгүй тэд зэвсэг, хөсөгтэйгөө Сүхбаатарын талбайд буудаллаж, Төрийн ордон руу нум сумаар харвах нь тэр. Ингээд баривчлагдаж, шүүхээс ял сонссон ч 2015 онд Өршөөлийн хуулийн дагуу суллагдсан юм. Гэвч шоронгоос суллагдсан даруй тэмцлээ үргэлжлүүлж, “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын хүрээнд үйл ажиллагаа явуулан, бас л Төрийн ордон руу халдахыг завдсан. Эцэст нь, тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн юм. Харин саяхан “Монголын үндэсний фронт” хөдөлгөөнийхөнтэй нэгдэж, Төрийн ордныг гороолж яваа харагдсан.
Популист улстөрчдөөс дутуугүй эх орон, ард түмний нэр барин “тэмцэж” байгаа хүмүүс бүгд л төрийн бус байгууллагын нэр, тамга ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа. Тэд улс төр, бизнесийн бүлэглэлийн захиалгаар хөдөлж, аль нэг сэдвийг улстөржүүлэх замаар ашиг хонжоо хайдаг, бослого, тэмцэлд өдөөдөг, турхирдаг. “Босоо хөх Монгол”, “Даяар Монгол”, “Хөх Монгол” зэрэг үндсэрхэг үзэлтэй хөдөлгөөнүүдээс гадна “Амлалт нэхэгч ард түмний холбоо”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” “Миний Монголын газар шороо” гэх мэтчилэн дурдаж болно. Нэн ойрын жишээ гэвэл “Нэхүүл”, “Хэвтүүл” хөдөлгөөн. Тэд үе үе ичээнээсээ гарах аятай идэвхжиж, голдуу улс төрийн шахалт, шаардлага тавьдаг. Түүнийгээ “бизнес” болгож, нохойд барьдаг мод аятай аашилдаг нь ч нэгэнт танил болчихож. Үнэндээ манай төрийн бус байгууллагуудад санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр байдаггүй нь хамгийн том асуудал. Тиймээс ч тэд амархан худалдагддаг, жагсдаг, өлсдөг, мэдэгдэл хийдэг. Тэд иргэд, олон нийтийн дуу хоолой болж, төлөөлөхийн тулд сайн дурын үндсэн дээр нийтийн эрх ашгийн төлөө зохион байгуулалтад орохоосоо илүүтэй улс төрийн хүчин, эрх мэдэлтний захиалга, түлхээсээр л ажиллаж байгаа нь нууц биш.
“Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн” байгуулж, Төрийн ордны гадаа жагсаж явсан Ж.Батзандан өдгөө дотор нь тухалж суугааг бүгд мэднэ. Хэдийгээр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн хүрээнд сонгуульд зөвхөн улс төрийн нам, эвсэл, эсвэл бие даан нэр дэвших боломжтой ч нэгэнт хуулиа шинэчлэх гэж байгаа бол төрийн бус байгууллагын нэрээр улс төрийн үйл ажиллагаа явуулдгийг нэг мөр зохицуулах ёстой. Нэгэнт тэднийг нам болж “тоглохыг” нь хориглох гэж байгаа ч 2028 он хүртэл хангалттай хугацаа бий. Энэ хугацаанд төрийн бус байгууллагаа нам болгон томруулж болно. Амжаад нам байгуулахын тулд тэд улс төрийн салбар луу улам хошуурахыг үгүйсгэхгүй. Төлөвшөөгүй төрийн бус байгууллагууд төр барих гэж дайрах вий.
Б.Номин
Эх сурвалж: Өнөөдөр сонин