Н.Хэрлэнзаяа: Томуугын үед гэрээр дур мэдэн эмчилгээ хийхээс аль болох татгалзах хэрэгтэй


 

Ханиад томууны улирал эхэлсэнтэй холбогдуулан БЗД-ийн 22-р хорооны эрүүл мэндийн нийгмийн ажилтан Н.Хэрлэнзаяатай ярилцлаа.

 

-Сайн байна уу?  Хүйтэн сэрүүний улирал эхэлж  байгаатай холбогдуулан томуу томуу төст өвчний талаар мэдээлэл өгөөч.

Манай орны хувьд хүйтний улирал удаан үргэлжилдэг агаарын бохирдол ихтэй учраас ханиад томуу нь нийгмийг хамарсан өвчин болоод байна. Томуу томуу төст өвчин нь ханиалгах найтаах үед агаар дуслын замаар дамжин халдварлаж халуурах, ханиалгах, хоолой өвдөх, толгой өвдөх, нус гоожих, үе мөч өвдөх, бие сулрах, ядрах зэрэг шинж тэмдэгтэй бөгөөд хүндэрвэл вирусын болон бактерын гаралтай уушигны хатгалгаа үүсгэдэг.  Түүнчлэн бага насны хүүхдүүд өндөр халуурч, суулгах ба таталт өгч хүндэрдэг.

-Ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Танай эмнэлэг иргэдэд хэрхэн мэдээлэл өгч ажиллаж байна вэ?

Мэдээж  аливаа өвчнийг туссаных нь дараа биш тусахаасаа өмнө сэргийлж байх нь хамгийн зөв алхам. Манай иргэд ханиад томуу болон бусад өвчнөөр өвдөхөөсөө өмнө биш өвдсөнийхөө дараа эмнэлгийн тусламж хүсч ирдэг нь харамсалтай. Томуугын үед гэрээр дур мэдэн эмчилгээ хийхээс аль болох татгалзах хэрэгтэй иймд өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчийн зөвлөгөөг баримтлан, дэглэм сахиж бусдад халдвар тараахгүйн тулд эмчийн магадлагаа авч гэртээ эмчлүүлэх хэрэгтэй. Манай ӨЭМТ-ийн хувьд сургууль, цэцэрлэг, ААНБ-уудад сургалт, сурталчилгаа, өдөрлөг, мөн цахим хуудсаар дамжуулан иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна.

-Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? 

  • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж хангалттай амрах.
  • Улирлын байдалд  тохируулан хувцаслах, хүйтэнд малгай ороолт бээлий хэрэглэх
  • Витамин С-ээр элбэг жимс шүүс, витамин С-г хэрэглэх
  • Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх
  • Царван, содатой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших
  • Хамрын салстад сармисны тосон ханд, оксолины тос түрхэх
  • Гичтэй усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгэн иллэг хийх
  • Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэх хэрэгтэй.

-Эдгээр аргуудаас гадна дархлаажуулалтаар өөрийгөө хамгаалж болдог. Энэ талаар?

За тэгэлгүй яахав. ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс иргэд маань ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтанд ялангуяа 2-15 хүртэлх насны  хүүхэд, өндөр настан, уушигны архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

   Түүнчлэн томуугийн вакцин хийлгэсэн байхад ханиад томуугаар өвчлөхгүй, өвчилсөн ч харьцангуй хөнгөн тусч байгаа талаар вакцин хийлгэсэн хүүхдүүдийн эцэг эхчүүд хэлдэг. Үүнээс томуугийн вакцин ямар ач холбогдолтой талаар харж болох юм.

-Та урьдчилан сэргийлэх аргад цэгэн иллэг гэж дурьдсан түүнийг зааж өгөөч. 

Тэгэлгүй яахав  ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор биологийн идэвхит цэг дээр дарж дархлаагаа сэргээн цэгэн иллэг хийж байгаарай. 

-Бидэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн танд баярлалаа. Уншигчдад хандаж хэлэх үг байна уу?

Ханиад томуунаас урьдчилан сэргийлж дархлаагаа дэмжицгээе . Та бүхэнд мөн баярлалаа.

 

-Ажлын амжилт хүсье!

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.