Баруун Үзэмчин хошууны Жирийнгол суурингийн малчин Хөгжилтийг сурвалжилсан тэмдэглэл
Нутаг, малынхаа хишиг буянаар өег тансаг аж төрдөг хөдөө нутгийн хүн ард хөгжил дэвшлийн шинэ зуунтай алхаа нэгтгэн шинэ үеийн малчин алдрыг өргөж яваа нь юутай сайхан.
Шилийнхотоос Баруун Үзэмчин хүрэх авто замын хойд хажуугийн 70 километрт хээнцэр сайхан хоёр давхар байшинтай, хашааныхаа хажуу хавиар хэдэн монгол гэр жигдрүүлэн барьж, олон унага зэллэн уясан нэгэн айл нааш цааш зорчих хүмүүсийн анхаарлыг татна. Зарим нь энэ айлын адуу малыг шохоорхон, бууж мордоод гаръя хэмээн замаасаа чиглэдэг бол зарим нь энэ айлыг зориод очдог нь бий. Энэ гэрийн эзнийг Хөгжилт гэдэг. Баруун Үзэмчин хошууны Жирийнгол суурингийн Загастай багийн уугуул малчин айл. Харах нүдэнд чимэг болсон адуугаа өсгөн 300 гаруй болгож, унага зэллэн, гүү саан цэгээ исгэн, адууныхаа ашиг шимээр олз омог дүүрэн яваа энэ айл маань хол ойрдоо алдар нэрээ дуурсгасан байдаг. Туранхайвтар намхан биетэй, үг дуу цөөн, хөрслөг бор царайнд нь үл мэдэг үрчлээс суусан гэрийн эзэн Хөгжилт маань ер бусын малчин ухаантай хүн юм.
Насаараа нарны доор, сүргийн дэргэд, нутгаа сахиж нарны бор малчин явна гэдэг их ухаан. Цаг үеийн хөгжлийн айзамтай алхаа нэгдүүлэн, мал аж ахуйн бүтцэдээ үргэлжийн чанартай төлөвлөлт хийж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлөө тасралтгүй сүвэгчилж явах нь малчин хүний амьдралаас сойх ухаан билээ. Хөгжилт маань ч сүүлийн жилүүдэд мал аж ахуйн үйлдвэрлэлдээ төлөвлөлт хийж, нутаг орныхоо онцлог, зам харилцааны таатай нөхцөлийг түшин, жуулчны ажил үйлсээр хөтөч болгож, адууны ашиг шим, адуун соёлын нөөц баялгийг бүрэн гүйцэд ашиглаж, ашиг орлогоо нэмэгдүүлж, шинэ үеийн малчны алдрыг өргөж явна.
Хөгжилтийн адуу өсгөж, унага зэллэн, гүү сааж, цэгээ боловсруулсан аян зам нэлээд эртнээс эхэлсэн мөртөө олон үлгэр учиртай юм. Мөн олон хүнд асуудалтай тулгарч, ухаан сууж томоожин өнөөгийн амжилтад хүрсэн байжээ. Хар багаасаа адуу малтай ноцолдож өссөн адуунд дуртай Хөгжилт адууныхаа ашиг шимийг боловсруулахыг бодолдоо манан яваад 2004 онд хот бараадаж, хот газрын зах зээл, боломж үлэмж байдаг хэмээн Хөххотыг зорин, Тохой байшин хэмээх газарт хашаа саравч түрээслэн, арван хэдэн гүүгээ аваачиж цэгээ исгэн борлуулах ажлаа эхлүүлжээ. Гэвч тэр үед цэгээний тухай хүмүүсийн ойлголт гүн бус, цэгээний зах зээлийн үнэ ханш муу (тухайн үед 500 гр нь 2 юань байжээ), аваачсан гүүнүүдэд нь тухайн газрын өвс, ус тохирохгүй зэрэг шалтгаанаас болж, Хөгжилт жил гаруйн болоод л нутаг буцах замаа өлгөсөн байлаа. Энэ хугацаанд гурван гүү нь үхэж адуунд хайртай Хөгжилтөд маш их сэтгэлийн шаналал, харамсал авч ирсэн төдийгүй нэлээд их эдийн засгийн хохирол учирчээ. Ингээд монгол адуу маань усны тунгалаг, өвсний соргогийг хадгалсан хөдөө нутагтаа л зохино гэдгийг яахын аргагүй ухаарч, арилжаа худалдааг хөдөө нутагтаа эрхэлж болно гэдгийг ч мэдэрчээ.
Хөгжилт энэхүү ялагдалд зориг мохсонгүй. Адууны ашиг шим алс хэтийн ирээдүйтэй гэдэгт тэрээр итгэсээр сүвэгчилсээр байв. 2009 он түүний хувьд эргэлтийн нэг жил байлаа. Нутгийнхаа найман өрхтэй нийлэн “Толой хан” үзэмчин адуун соёлын тусгай хоршоог байгуулан, зам харилцааны таатай нөхцөлийг түшин таван монгол гэр барьж, малчин айлын жуулчны бааз байгуулан жуулчдыг татаж, цэгээ боловсруулан борлуулах, цэгээ амсах, морь унах, зураг авахуулах зэрэг үйлчилгээ үзүүлж, адуун соёлыг аялал жуулчлалтай уялдуулж эхэлжээ.
- Нутагтаа сууж, нугалуураа иднэ гэж ахмадууд ярьдаг. Хүн гэдэг биеэрээ туулж өнгөрүүлэхгүй бол хэрэг явдлын үнэн зөв, алдаа оноог ойлгоход хүнд байдаг юм байна. Нутгийн мал маань нутагтаа л зохино. Ялангуяа сүүлийн хэдэн жил оролдлого сүвэгчлэн энэ бүхнийг ухаарсан хэмээн Хөгжилт ярьж байв.
Сүүлийн жилүүдэд монгол нутагт маань аялах зугаалах хүмүүс олон болж, малчин хүний амьдрал ахуй, адуу мал, эдэлж хэрэглэх зүйлс, идэж уух зэрэг олон зүйлийг сонирхож аялал жуулчлал их хөгжих боллоо. Хөгжилт орон нутгийн өвөрмөц онцлогтоо суурилж, зам харилцааны нөхцөлийг түшиглэн хөдөөний бор амьдралаа аялал жуулчлалтай уялдуулснаар зорьж очих хүн өдрөөс өдөрт нэмэгдэж байлаа. Тэрчлэн Хөгжилт цэгээний тухай ном зохиолыг үргэлж уншиж судалдаг төдийгүй цэгээ исгэж боловсруулах их анхаарч дээр үеийн уламжлалт аргыг баримталж, найрлагын талд хичээсээр иржээ. Тэрээр аялж зугаалахаар ирсэн хүн бүрд цэгээний ач тус, эмчилгээг нь ойлгуулж, танилцуулдаг. Ийнхүү гүүний сүүний орлого түүний эдийн засгийн орлогын гол эх үүсвэр болж, ашиг орлого нь жилээс жилд нэмэгдэж, 2015 онд 1.4 сая юанийн хөрөнгө оруулж, хөдөө нутагтаа 360 м.кв талбайтай хоёр давхар байшин барьж, жуулчдыг хүлээн авах өрөө, хоолны өрөө, найрлан цэнгэх өрөө, хоногийн өрөө зэргийг бүрдүүлэн, тоног төхөөрөмжөө сайжруулж, жуулчдад тохилог орчин нөхцөл, шилдэг үйлчилгээг үзүүлэх болсон байна.
Долоо хоногийн сүүл болоход Хөгжилтийн гадаа аялахаар ирсэн хүмүүс мэдэгдэм нэмэгддэг. Амьдралын айзам хурдтай болж, ажлын ачаалал хүндэрсэн өнөөгийн цагт тэд цаг заваараа хөдөө гадаа салхинд гарч, сэтгэлээ сэргээх нь олон болжээ. Энэ нь мөн Хөгжилтийн жуулчны бааз хөл хөдөлгөөнтэй байх бас нэг шалтгаан болж, энэ жил аяллын орлого нь 250 мянган юанийг давсан байдаг.
Жил бүрийн 06-р сараас 09-р сар хүртэл гүүгээ сааж, цэгээ исгэдэг бөгөөд 500 м.кв талбайтай гүү хаших, саах, унага хаших зэрэг иж бүрэн бүтээн байгуулалтыг хийж, хөдөлмөр хүчийг их хэмнэх болжээ. Жилдээ 100 гаруй гүү уяж, өдөр болгон 350-400 кг сүү саадаг нь Хөгжилтийнх. Энэ жил мөн л 120 гүү сааж, богинохон гурван сарын хугацаанд 20000 кг цэгээ боловсруулан борлуулж, цэгээ борлуулсан жилийн ерөнхий орлого 550 мянган юанийг давсан байлаа. Аялан зугаалахаар ирэх хүмүүсийн ихэнх нь тэдний исгэсэн цэгээг амсаад гардаг. Зарим нь хэдэн килограмм, хэдэн арван килограммаар аваад явдаг байна.
- Сайн исгэсэн цэгээ амтлахад л мэдэгддэг. Эхлээд амтлахад хүчтэй юм шиг.Дахин сайхан шимээд уухад чихэрлэг амттай төдийгүй хэл цоргиж байдаг. Унд тайлах үйлчилгээтэй, эмчилгээнд ордог болохоор хот хөдөөнийхөн их таашааж уудаг болжээ хэмээн Хөгжилт цэгээний тухай сайхан тайлбар хийлээ.
Цэгээ исгэх ажил маш нарийн хөдөлмөр ордог учир Хөгжилт жил бүр гурваас дөрвөн айл хөлслөн гүү саалгаж, адуу хариулдаг айлд сарын 10 мянган юанийн цалин хөлс өгдөг. Унага уяхаас эхлэн гүү саах, цэгээ барих хүртэл маш нарийн явцтай бөгөөд сав суулгатай саамаа 4-5 удаа дахин дахин шүүж, ариун цэврийн байдлыг онцгой анхаардаг. Хөгжилтийнх цэгээ исгэх тусгай цэвэр тохилог байшинтай, цэгээ барихаас бусад хүмүүсийг оруулдаггүй. Хөгжилтийн хэлж буйгаар цэгээ исгэхэд эр бүстэй хүн ба эмэгтэй хүний гарын эрдэм, цэгээний үнэр амт нь бүр өөр байдаг гэнэ.
Тэднийх ийнхүү цэгээ исгэх ажлыг маш дүрэмтэй хийж, исгэсэн цэгээ нь эмчилгээнд хэрэглэх стандартад нийцэж, Баруун Үзэмчин хошууны Монгол эмнэлэг, Шилийнгол аймгийн монгол эмнэлэг нь Хөгжилтийн исгэсэн цэгээг үргэлж захиалан авдаг байна. Энэ жилийн хувьд Хөгжилтийнд бас нэг баярлууштай явдал болсон нь Өвөр Монголын Шычи Шинжилгээ мэргэжлийн ХХК-тай гурван жилийн хамтран ажиллах гэрээ байгуулж, зуны гурван сард нэг өдөрт 400-500 килограмм цэгээ нийлүүлэхээр болжээ.
Хөгжилтийнх ам бүл тавуул. Гэргий Уранчимэг нь ханийнхаа ажил үйлсийг их дэмждэг бөгөөд ажил хөдөлмөрт шуурхай, айл гэрээ сайн додомдож, хошуу сумнаас олон удаа хөдөлмөрийн жишээчийн яруу алдрыг хүртэж явсан хөдөөний бор бүсгүй. Том охин нь их сургуулиа төгсөөд хошууныхаа хүүхдийн цэцэрлэгт багшилж, хоёрдугаар охин нь их сургуулиа аялал жуулчлалын чиглэлээр дүүргэж, жуулчны бааздаа ажиллаж байна. Бага хүү нь энэ жил цэцэрлэгт орохоор бэлтгэж байгаа билээ.
Хөгжилт адуунд дуртайгаас гадна ном бичигтэй нөхөрлөх дуртай. Хоёр давхар байшингийн гадна номын өрөө гэх тусгай том монгол гэр бий. Номын өрөөний үүдээр нь ороход шаргал туяа татаж, модоор урлаж хийсэн гурван номын тавиурт нь дүүрэн ном өрөөстэй, бичиг соёлтой айл гэдэг нь харахад мэдэгдэнэ.
- Адуу гэдэг сайхан амьтны буянаар манай орлого жилээс жилд нэмэгдэж байна. Энэ жилийн ерөнхий орлого 1 сая юанийг давсан. Адуун соёлын нөөц баялгийн далд хүчийг бүрэн гүйцэд сайн уудлан хөгжүүлж чадвал маш их зах зээл байгаа юм байна хэмээн Хөгжилт баяр бахархалтай ярьж билээ.
Эх сурвалж: СОЛОНГО
Эх сурвалж http://www.info.mn
Сэтгэгдэл