Эрүүл мэндийн яамнаас иргэдийн гадаадад эмчлүүлэх урсгалыг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлын хүрээнд гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо оношилж, эмчилдэг болсон. 2018 онд Улсын төсвийн санхүүжилтээр 95 эмч, төсөл хөтөлбөрийн шугамаар 85 эмч, Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургалтад хамруулаад байна. Энэ жил мөн тооны эмч нарыг гадаадад сургах бөгөөд эхний ээлжийн найман эмчийг Япон улсад нэг сарын хугацаанд сургахаар болжээ. Мэргэжил дээшлүүлэх эмч нарыг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа.
Эрүүл мэндийн яамнаас өнгөрөгч 2018 онд эмч, мэргэжилтнүүдийн сургалт, боловсролд зарцуулахаар 2.8 тэрбум төгрөг төсөвт суулгасны үр дүнд өнгөрсөн жил 95 эмч, мэргэжилтнүүдийг өндөр хөгжилтэй оронд сургалтад хамруулсан. Үүний үр дүнд эх орондоо эмчилдэггүй байсан 39 өвчний тоо өнөөдөр 25 болж буурсан юм. Үргэлжлүүлэн Япон Улсын “Жайка” олон улсын байгууллагатай хамтран 2017-2021 оны хугацаанд төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд өнгөрсөн жил бид Говь-Алтай, Өвөрхангай аймгийн 35 сумын эмч мэргэжилтнүүдийг Япон улсад эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр сургасан бол энэ удаад найман их эмч, эх барих эмэгтэйчүүдийн чиглэлийн мэргэжилтнүүдийг Япон улсад нэг сарын хугацаатай сургалтад хамруулах гэж байна.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбар өнгөрсөн онд өмнөө таван зорилт тавьсан. Таван зорилт маань амжилттай хэрэгжиж, 90 гаруй хувийн биелэлтэд хүрсэн гэж үзэж байгаа. Үүний нэг нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чухал зорилт байсан. Хатуухан хэлэхэд өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн ажилтнуудын сургалт, боловсролын ажлууд тогтсон системээр бус гадны төсөл, хөтөлбөрүүдийн “хаялганд” олон жил явж ирсэн. Сүүлийн жилүүдэд төр засаг эрүүл мэндийн ажилтнуудынхаа сургалтын ажилд онцгойлон анхаарч улсын төсөвт зөвхөн сургалтад зориулж мөнгө суулгадаг болсон. 2019 онд гадагшаа явж эмчлүүлдэг, валют гадагшаа урсдаг явдлыг зогсоох, хамгийн чухал нь Монголчууд маань байдгаа барж, байшин саваа зарж гадаадад эмчилгээ авдаг нөхцөл байдлыг засах том зорилго тавиад байгаа. Энэ зорилт зөвхөн хүний нөөцөөр хязгаарлагдахгүй, тоног төхөөрөмж, эмнэлгийн хүртээмж зэрэг олон цогцоос бүрддэг. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын сургалт тасралтгүй явагдаж байх ёстой. Анагаахын шинжлэх ухаан зогсолтгүй хөгжиж байдаг тул хөл нийлүүлж алхахгүй бол хоцрогдож байдаг онцлогтой салбар. Тийм учраас Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас улсын төсвөөс болон түнш орнууд, гадаадын ижил төстэй байгууллагатай хамтран гадаадын өндөр хөгжилтэй оронд эмч мэргэжилтнүүдээ сургаж байгаа үйл явдал өрнөж байгааг онцоллоо.
Мөн Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Н.Солонго “Энэ боломжийг олгосон Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлье. Энэ сургалтад хамрагдсанаар алс баруун хязгаар Увс аймгийнхаа эрүүл мэндийн салбарт шинэ туршлагыг нэвтрүүлэхийг хүсч байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмч, мэргэжилтнүүдэд хандан “Та нар маань сурсан мэдсэн зүйлээ ирсэн хойноо байгууллагын ажилтнууддаа түгээх үүрэгтэй. Мөн давхар үндэсний сургагч багшийн түвшинд бэлтгэгдэж байгаа гэдгээ гүнээ ухамсарлах хэрэгтэй. Хүний нутаг нэр хүндээ бодож, бие биенээ дэмжиж суралцаарай” хэмээн зөвлөв.
Сэтгэгдэл