Гурвантэс суманд 14 булаг, шанд ширгэжээ


Гурвантэс суманд 14 булаг, шанд ширгэжээ

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тосон бумбын нурууны Хөвд, Хуршуутын баян бүрдэд ашигт малтмал олборлож буй “Сауд гоби коал транс” ХХК-ийн лицензийг хууль бус хэмээн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд мэдэгдэв.

Тус байгалийн цогцолбор газрын нийт 889 мянган га талбайг иргэдийн хүсэлтийн дагуу, 2016 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалтад авахыг Засгийн газарт үүрэг болгожээ. Харин 2017 оны 3 дугаар сард Засгийн газар 730 мянган га талбайг нь авсан байна. Гэтэл тусгай хамгаалалтанд ороогүй талбай нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшдэг “Сауд гоби коал транс” ХХК-ийн газар байгааг Гурвантэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид хэллээ.

 

Тэрбээр, “Энэ компани тусгай хамгаалалтад аваагүй 153 мянган га талбайн 43 мянган га-д ашигт малтмал олборлох лицензтэй ч, үүнийгээ хууль бусаар авсан. Тухайлбал, ашигт малтмал олборлохдоо “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г батладаг. Ингэхдээ тухайн нутгийн Иргэдийн хурлаас ашигт малтмал олборлохыг зөвшөөрсөн байх ёстой. Энэ дагуу тус компани Гурвантэс сумын ИТХ-ын даргын гарын үсгийг дуурайж, иргэдийн хурлын хуурамч тэмдэглэл үйлдсэн. Үүнийгээ Байгаль орчны газраар батлуулжээ. Энэ талаар Гурвантэс сумын цагдаагийн хэлтэст шалгуулах өргөдөл өгсөн ч хэргийг хаасан” хэмээв.

“Сүүлийн 18 жилийн хугацаанд уул уурхайн хайгуул, олборлолтын лиценз нэрийдлээр сумын байгаль орчныг сүйдэлж, баян бүрдийг Сахарын цөл шиг болголоо. Мөн 14 булаг, шанд ширгэж үгүй болсон төдийгүй уурхайнууд гүний усаар нүүрс угааж байгаа нь худгийн ус шавхагдахад хүргэсэн. Үндсэндээ манай сум ундны усгүй боллоо. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс эх орныхоо хормойг сүйтгэхгүй байхыг хүсэж байна” хэмээн нутгийн иргэд ярилаа.

Одоогоор тус суманд нүүрсний долоо, алтны нэг, хагас үнэт чулууны нэг үйлдвэр ажиллаж байна. Нутгийн иргэд 2006 оноос хойш ашигт малтмалын компаниудын лицензийг цуцлуулахаар тэмцэж байгаа аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.