Хун шувуун гарваль /домог/


Хоридай мэргэн Байгаль нуурын эрэгт явж байгаад нэгэн сонин зүйл харав гэнэ. Тэнгэрээс нисч ирсэн хун шувууд нуурын эрэгт буухдаа үзэсгэлэн төгөлдөр охид болж, далавч нь гоёмсог нөмрөг болон хувирч байв гэнэ. Охид нөмрөгөө тайлан Байгаль нуурын усанд сэлж зугаацан, өдөржин наадсны эцэст гоёмсог нөмрөгүүдээ өмсөнгүүт хун болон хувирч тэнгэртээ дүүлэн буцаж байхыг Хоридай мэргэн нуурын эрэг дээрх зэгсэн дунд нуугдаж сэм ажиглаж мэджээ.

Нэгэн өдөр Хоридай мэргэн хамгийн ихээр таалагдсан нэгэн бүсгүйн нөмрөгийг авч нуугаад хөөрхий хун шувууг далавчгүй болгочихжээ.

Ийнхүү тэнгэрийн бүсгүй газрын хүний гэргий болон амьдарч олон хүүхэд төрүүлэв гэнэ. Хун ба хүн хоёр хамт амьдарсаар олон жил сарыг үдэж хамтдаа өтөлж гэнэ.

Нэгэн өдөр хун эхнэр нь сархад нэрэхээр тогоондоо бүрхээр тавьж, Хоридай мэргэн тогоо бүрхээр хоёроо балингаар шавж байтал эхнэр нь “миний нөмрөгийг үзүүлээч” гэжээ. “Олон хүүхэдтэй, өтөл насандаа ирсэн энэ маань яав л гэж” хэмээн бодоод хав дарж хадгалсан нөмрөгийг нь гаргаад өгчээ. Эхнэр нь нөмрөгөө нөмөрч сууснаа гэнэт хун болон хувирч тоонон дээрээ гарч “ган гун” гэсээр дээш нисэхэд Хоридай мэргэн шаваас хийж байсан халтар гараараа хөлөөс нь зууран авсан боловч тогтоож чадалгүй алджээ. Хун шувууны хөл хар байдаг нь үүнтэй холбоотой аж.

Харин Хоридай мэргэн гурван эхнэртэй байсны аль нь “хун” гарваль байсан нь тодорхойгүй үлджээ.

Буриад гэдэг нэрний тухайд судлаачид янз бүрээр тэмдэглэсэн байдаг. Буриадуудын угийн бичиг бүр Барга баатрын домгоор эхэлдэг ба “Баргут” хэмээх үгнээс “буриад” нэр үүссэн байхыг үгүйсгэхгүй.

Түрэгийн ноёрхлын үед чоно шүтээнтэй Монгол болон буриад аймгуудыг “бурет” хэмээн нэрлэж байснаас “буриад” нэр үүссэн. Ойн иргэдийн бүрэлдэхүүнд багтаж явсан “бургасныхан” овгоос “бураад” буюу “буриад” үүссэн. Сибирийн бүсэд Оросын хаан “харь үндэстнүүдээс татвар авах”-аар тогтоож татвар төлснийг нь “брат” гэж нэрлэснээс “бурят” үүссэн гэх.

Эдүгээ Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Дашбалбар суманд ОХУ-ын Ага, Онон, Борзя нутгаас гаралтай ёс заншил, хэл аялгуугаа хадгалсан буриад ард түмэн амьдардаг.

Эх сурвалж: Ч.Буянбадрах.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.