Европ тооллын 1921 оны 08 дугаар сарын 15, Олноо Өргөгдсөний 11 дүгээр оны 07 дугаар сарын 12-ны өдөр.
Нийслэл Хүрээний газар Монгол Ардын бүх цэргийн зөвлөлийн газар, Бүх цэргийн жанжин Сүхбаатар түшмэд нар хуралдан тогтоосон тавдугаар бичиг.
- Өвчтэй хүмүүсийн эмчлэх хороо байгуулах тухай хороо нь:
- Өвчтэй хүмүүсийг эмчлэх газрыг дэлгэрүүлж 210 хүний суух байр болгов.
- Энэхүү эмчлэх хороонд Советийн Орос ангийн цэргүүд Монгол ардын цэргүүд ба энгийн хүмүүст нэгэн адил тусламж үзүүлнэ.
- Аливаа өвчтэй хүн бүхнийг үнэгүй эмчлэх
- Энэхүү зөвлөн тогтоосон зүйлийг тэргүүн сайчуудын хуралд өргөн батлуулна. Бүх цэргийн жанжин Сүхбаатар түшмэд нар.
Уг тогтоолын дагуу Монгол улсад анхны хүн эмнэлэг Нийслэл хүрээнд байгуулагдсан өдрийг өдгөө Эрүүл мэндийн ажилтны өдөр болгон тэмдэглэгдэг билээ. Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг ЗХУ-аас салгаж ойлгох аргагүй юм. Орос ах нарын шууд оролцоотойгоор 1924 оны 4 дүгээр сард цэргийн гэх тодотголтой 4 өрөөнд 36 ортой эмнэлгийг байгуулжээ. Мөн онд хуралдсан улсын анхдугаар их хурлын шийдвэрийн дагуу 1925 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Дотоод яамны эрүүлийг хамгаалах “департмент”-ийг байгуулж мөн оныхоо 10 сард улсын төсвийн хөрөнгөөр үйлчилгээ үзүүлэх иргэний европ эмнэлгийн өнөөх цэргийн эмнэлгээ өргөтгөн байгуулсан нь одоогийн Улсын клиникийн I дүгээр эмнэлэг гэдэг.
1926-1929 онд Монголд ажилласан ЗХУ-ын РСФСР-ийн (Ариун цэврийн болон эмнэлгийн судалгаа, эрүүлжүүлэх экспедици) эмнэлгийн оросууд нийслэлийн ард иргэдэд эмнэлгийн үндсэн мэргэжлийн тусламжийг анхлан үзүүлж, үзлэг эмчилгээг гардан гүйцэтгэж өвчлөлийн анхны тоймыг гаргаж байв. Уг экспедици Улаанбаатар хот, аймгийн хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх, халдварт өвчний голомтыг судлах зэрэг чиглэлүүдээр ажиллаж монголчуудын өвчлөлийн онцлог, зонхилох өвчлөлийн тухай мэдээллийг багцлан гаргасан байдаг. Ингэснээр Монголын хүн амын эрүүл мэндийн байдлын тухай гадаадын жуулчид, Монголыг судлаачдын бичиж үлдээсэн бүтээлүүдээс л баримжаалдаг цаг дуусгавар болж албан ёсны тоо баримт бүхий тоймтой болсон нь маш том дэвшил болсон юм. Гадаадын аялагчид, жуулчдийн дийлэнх нь тухайн үеийн монголчуудын өвчлөлийг өөрсдийнхөөрөө дүгнэж биологийн хувьд устан мөхөж буй үндэстэн хэмээн дүгнэж байв. Энэ дүгнэлт ч оргүй хоосон зүйл байгаагүй гэдэг.Тухайн үед өвчинд шаналсан монголчуудын зорьдог хүмүүс нь эмчийн ёсыг эрхлэгч хэмээн өөрсдийгөө нэрлэсэн сүм хийдэд лам санваартнууд л байв. Харамсалтай нь тэд хүмүүсийн өвчин шаналлыг бут чөтгөрийн хорлол, урд насны үйлийн үр хэмээн бурхны шашны номлолтой холбож тарни ном уншихаас хэтрэхгүй, ихдээ тан хүртээхээс илүү гардаггүй байснаас хүн амын төрөлт багасаж, хүн амын тоо эрчимтэй цөөрч байсан баримтуудаас тодорхойлж болно. Үнэхээр 1862-1918 оны хооронд Монголын хүн ам даруй 25 мянгаар хорогдсон гэх түүхэн баримт ч бий. Энэ цаг үед Хүрээнд сууж байсан Оросын худалдаа үйлдвэрийн яамны элч А.П.Болобан “Хошууны ардууд цөөрсөөр байна. Байгаа ардын ихэнх нь хөгширсөн. Монголын ард түмэн их л хорогдох төлөвтэй байгааг энэ байдал харуулж байна” гэж бичсэн байдаг.
Тэр цаг үед Зөвлөлтөөс монголчуудад өөрсдийн харсан өнцгөөс, Нийслэл Хүрээнд суусан элч төлөөлөгчдөөрөө дамжуулан авсан мэдээлэлдээ үндэслэж нэн хэрэгцээтэй гэсэн тусламжийг үзүүлж байсны нэг нь монголчуудад эрүүл мэндийн тусламж үзүүлж, цаашилбал монголын анагаах ухааныг лам нарын хуурамч уламжлалт эмчилгээнээс салган европ эмчилгээг нэвтрүүлсэн явдал юм. 1926-1950 оны Монголын анагаах ухааныг Зөвлөлтийн нөлөөлөл, өөрчлөлтийн үе гэж нэрлэхэд хилсдэхгүй. Үүнийг манай Засгийн газрын хүсэлтээр Монголд ажиллаж байсан зөвлөлтийн эмч нар хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэхийнхээ зэрэгцээгээр судалгаа, шинжилгээний ажил хийж байсан баримтууд нотолно. ЗСБНХОУ-ын Зрүүлийг хамгаалах ардын комиссариатаас 1926-1938 онд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хоёр, эмнэлэг-ариун цэврийн гурван удаагийн экспедицийн тайлан, Монголд ажиллаж байсан ЗСБНХОУ-ын мэргэжилтний байгууллагаас хэвлүүлсэн «Хозяйство Монголий» (1926-1937), «Современная Монголия» (1933-1942) сэтгүүл дэх өгүүллүүд нь XX зууны эхний хагас дахь монголчуудын эрүүл мэндийн байдал, эрүүл мэндийн албаны хөгжлийн тухай судалгааны материал болон үлджээ. 1932 онд зөвлөлтийн змч, судлаачдаас голлон бүрдсзн Ариун цэвзр-бактери шинжилгээний институт (АЦБШИ) байгуулсан нь манай анагаах ухааны эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн анхны байгууллага болж ЗХУ-аас уригдан ирж ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүд манай оронд түгээмэл тохиолдож байсан халдварт өвчнүүдийн тархвар зүй, нян судлал, эмнэл зүйн талаар судалгаа хийж, 1941 онд Ардын хувьсгалын 20 жилийн ойд зориулан эрдмийн ажлын эмхэтгэл хэвлүүлсэн нь Монгол улсын шинэ үеийн анагаах ухааны эрдэм шинжилгээний анхны бие даасан бүтээл хэмээн нэрлэгддэг.
Оросууд өөрсдөө дангаар эмчилгээ, судалгаа шинжилгээ хийхийн зэрэгцээ монгол залуучуудыг ЗХУ-д сургаж, улмаар 1942 онд онд байгуулагдсан МУИС-ийн хүн эмнэлгийн факультетаар эрүүл мэндийн шинэ үеийн боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн нь монголын анагаах ухаан боловсон хүчнээ өөрсдөө бэлтгэх эхлэл болжээ. Ингээд 1951 оноос манай эмч, мэргэжилтнүүд өөрсдөө бие даан судалгаа шинжилгээний ажил хийх болж, монголын анагаах ухаан Монголын шинжлэх ухааны бие даасан салбар болсон түүхтэй.
/ЗӨСҮТ-ийн захирал/ Н.Цогбадрах “Монгол улсын эрүүл мэндийн салбарт ЗХУ-ын тусламж дэмжлэггүйгээр хийгдсэн ажил гэж үгүй. Өнгөрсөн зуунд ялангуяа зоонозын өвчин судлалын маш чухал үүрэг гүйцэтгэсэн. 1921 оноос орос эмч нар Монголд ирж ажиллан тусламж үзүүлж ирсэн түүхтэй. Тухайн үеийн Монгол хүмүүс олон төрлийн халдварт өвчинд өртдөг байсан. Үүний дотроос “Хар тахал” гэж нэрлэгдсэн олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг гоц халдварт аюултай өвчин болох тарваган тахал элбэг тохиолдож байсан. Нас баралт өндөр байсан учраас манай оронд ЗХУ-ын эмч нарын баг ирж ажилласанаар монголын хүн амыг аварч, үнэтэй хувь нэмэр оруулсан” гэдгийг ч онцлон дурдсан нь бий.
Харин өдгөө бид монголын анагаах ухааны суурийг тавилцсан, монголчуудын эрүүл болоход чухал үүрэг гүйцэтгэсэн Орос улсын анагаах ухааныг үл тоодог, орос эм тариаг чанаргүй хэмээн дүгнэдэг, зөвхөн германых, эсвэл солонгосын анагаах ухааныг хэт шүтдэг болсон нь өрөөсгөл юм. ОХУ-ын шинжлэх ухаан дэлхийн шинжлэх ухааны аль ч салбартай зэрэгцэхүйц судалгаа шинжилгээтэй, практикт туршигдсан байдаг. Зарим салбар, тухайлбал ОХУ-ын вирус судлал, вакцин судлалаараа тэргүүлдэг. ОХУ-ын эрүүл мэндийн сайд В.И.Свкорцова “Оросын анагаах ухаан 10 жилийн өмнө дэлхийгээс 3 жилээр хоцорч явсан бол өнөөдөр ердө 1.5 жилээр хоцорч байна. Цаашид энэ эрчээрээ явсаар бид хоцрогдлоо арилгаад зогсохгүй тэргүүлэх боломжтой” хэмээн мэдэгдэж байлаа.
Оросын Эрүүл мэндийн яамны харьяа “Д.И.Ивановскийн нэрэмжит Нян судлалын эрдэм шинжилгээ, судалгааны төв” нь экологи, хүн болон амьтны тахал судлал, молекул биологийн вирусын судлалын салбарын эрдэм шинжилгээ судлагааны төвүүд дундаас дэлхийд алдартай, нэр хүндтэй. Тус төвөөс 2014 онд Эбола тахлын шинэ вакциныг гарган авч, клиник туршилт нь амжилттай болсон байдаг. Дэлхий даяар түгшүүр төрүүлсэн үхлийн аюултай Эбола тахлаас урьдчилан сэргийлэх вакцин гаргаж авсан нь ОХУ-ын анагаах ухааны дэвшил, тэр дундаа вирус судлал өндөр хөгжсөн гэдгийн баталгаа болсон.
Жил бүр 3-5 сая хүнд өвчлөлтийг авчирч 250-500 мянган үхэл дагуулдаг улирлын томуу өвчний эсрэг өндөр үр дүнтэй вакцинийг Н.Ф.Гамалеин нэрэмжит Тахал судлал ба микробиологийн хүрээлэн бүтээсэн гэдгээ зарлаж байв. Энэ хосгүй вакцин нь А томууны вирусын бүх өвчний эсрэг молекулын дохиогоор дамжин үйлчилдэг төдийгүй улирлын томуунд багтаадаггүй өвчинд ч үйлчилдэг гэдгийг онцолсон байдаг.Энэ вакцин нь мөн шувууны томуугийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг ОХУ-ын эрүүл мэндийн сайд В.И.Скворцова тайлбарлажээ. Дэлхий нийтэд аюулын харанга дэлдсэн шувууны томууны эсрэг үйлчилгээтэй вакцинийг тус улсаас өөр газар хараахан бүтээгээгүй гэхээр вакцин судлалаар ОХУ яалт ч үгүй тэргүүлж байгаагийн илрэл юм.
НҮБ-ийн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн гол агентлаг болох ДЭМБ-ийн тэргүүнээр ОХУ-ын Эрүүл мэндийн сайд В. И.Скворцова сонгогдоод буй. 2017 оны тавдугаар сард Женев хотноо болсон ДЭМБ-ийн Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган дээр Дэлхийн 176 орны төлөөлөгчид оролцсон (манай монгол улс ч багтаж буй) хурлаар түүнийг ДЭМБ-ийн тэргүүнээр сонгосон нь ОХУ-ын анагаах ухааны салбарыг хүлээн зөвшөөрсөн явдал болсон гэхэд ч хилсдэхгүй.
Өнөөдөр шинжлэх ухааны хөгжил дэвшингүй болж 1944-46 оны дунд үед гарсан шиг тарваган тахлын нас баралт багассан хэдий ч байгалийн голомтод халдварын эрсдэл хэвээрээ байгаа. ОХУ, Сибирь алс дорнодын хүрээлэнгээс 2018 оны эхээр Горный алтай, Баян-Өлгийн аймгийн Улаан хус, Цагаан нуур сумдад хамтарсан тандалт судалгаа хийхэд тахлын 9 өсгөвөр 100 эерэг сорьц илэрсэн. Мөн Дорнод аймагт хамтарсан судалгаа явуулахад 7-8 өсгөвөр илэрсэн гэхчилэн ОХУ-Монгол хоёр орны хил дагуу тахлын эрсдэл өндөр байна гэсэн үг.
Өнөөдөр бид шинжлэх ухааны дэвшилээр өвчлөлийн голомтыг илрүүлээд хүн амыг хамгаалж чадаж байгаа ч анхаарал хэзээ ч илүүдэхгүй. Тарваган тахал монголчуудыг үй олноор нь авч одож байсан тэр үед Тарасова, Димидова, Смирноф зэрэг ЗХУ-ын эрдэмтэн эмч нар тахлын голомтод ажиллаж, тарвага, махчин шувууг мөн судалж хэрхэн дамждагийг судалсан нь нэг талаараа хил залгаа хоёр орны хамтын ажиллагаа ямар чухал болохыг харуулсан. Хил залгаа улсуудын хувьд, нэн ялангуяа Монгол-Орос улс цаг уурын нөхцөл байдлаасаа шалтгаалан аливаа өвчлөл дэгдэлт ижил байдаг учир хэрэглэх эм, бэлдмэл тарилга, вакцин нь ч нөлөөлөл, үр дүн нь ойролцоо байдаг онцлогтой гэхчилэн харилцан хамтын ажиллагаагаа анагаах ухааны салбарт ч хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага нь хэвээр байгаа юм. Монголчуудын эрүүл мэндийн байдал нилэнхүйдээ тааруу, түүнийгээ дагасан амьдралын чанар муудсан энэ үед хуучин анд, сайн ах Оросуудын анагаах ухааны салбарын хөгжил дэвшлийн талаар чих тавин, суралцахдаа суралцаж авах гээхийн ухаанаар хандахад буруудах зүйлгүй мэт.
Сэтгэгдэл