Үзэсгэлэнтэй, авъяастай, хүчтэй, нэр төртэй эмэгтэй. Гэвч өнөөдөр тэр цуцжээ. Ш.Чимэдцээеэ бол зүгээр ч нэг дуучин биш. Ардын болон уртын хэдэн зуун дууг сэргээн дуулж, хөг данг нь нотжуулан, ухаарал уянга шингээн амилуулсан нэгэн. Зөвхөн өөрөө дуулан тайзан дээр гялалзах нь түүнд сонин байгаагүй. Урлагийн залуу үеийнхэнд зааж сургах үйлсэд зүтгэж яваа. Олны танил, урлагийн хүнд эрхэмлэж явах нэр төр, инээж туулдаг зовлон гэж бий. Амьдрал нь тараад унаж байсан ч, хамгийн хайртай хүнээ алдчихаад байхдаа ч тайзан дээр урлагийн тэнгэр мэт инээмсэглэн гарах учиртай цаг мөчүүд олон. Сайхан дуу сонсох гэж ирсэн ард түмнийхээ өмнө ар нуруундаа мянга мянган зовлон үүрчихээд нүдэндээ нулимстай эгшиглэж чаддаг эмтэршгүй сэтгэл тэднийх л байдаг. Тиймээс ч эгэл бор амьдралаа ихэмсэг урлагийн тайзтай хольж хутгахыг хүсдэггүй. Чимэдцээеэ эгчтэй уулзах, тааралдах болгондоо бас л үүнийг мэдэрдэг. Гэтэл нугардаггүй сэтгэл нугарахыг үзэв. Нууж унагадаг нулимсаа залгихыг харав. Ханиа хэмээн итгэж явсан тэр эр "Бид салах үед энэ бүх хөрөнгөний тал нь минийх шдээ" гэж хэдэн жилийн турш хэлж байгаад дээрэмдэж байна. Хуучин булган шуба, угаалгын машин, бүр телевизор, тоглолтын дээл, мөнгөн аяга... нөгөө л эмэгтэй хүний хайрласан сэтгэлээр " Тэр маань шуудхан ярьдаг, манай Түвшинжаргал..." гээд л Чимэдцээеэ эгч буруутгаж чадахгүй л сууна. Өнөө зөвхөн зах зухаас нь л дэлгэв. Мэдээж, түүнд эрхэмлэх юм гэж байгаа. Урлагийнхны дунд яригддаг, гэр бүлийн нууцад хамаарч болох ч, ард түмний хайртай дуучны хувьд хамаатуулан дуугарч болох өөр олон олон аймшгийг энэ удаа дуучин маань залгиад өнгөрлөө. Олон ч жил үгээ залгиж, нулимсаа залгиж яваа хүн. Энэ бүхнийг илчилж мэдээлсэн Ч.Үл-Олдох сэтгүүлчийг дуучин Түвшинжаргал шүүх цагдаад өгч байх шиг байна. Сэтгүүлч хүн нохойд барьдаг мод уу? Үл-Олдох чухам л сэтгэлдээ хөтлөгдөн энэ мэдээллийг эхлэн түгээсэн. Сэтгүүлчийн сэтгэл зүрх ийм л байх учиртай. Үл-Олдохыг шүүхэд өгнө гэдэг нь энэ талаар дуугарсан, дуугарах гэж байгаа хүн бүрийг сүрдүүлэх гэсэн оролдлого ч байж болох талтай. Олны хайртай дуучныг, омог төгөлдөр хүний бүсгүй үрийг олныг нүднээс далд цөлмөх гээ юм болов уу? МУГЖ дуучин Т.Баясгалан ч илүү дутуу үггүй, маш оновчтой мэдэгдэл хийлээ. "Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй" гэсэн Баясгалангийн ганц үг өдөржин түүнийг буруутган хадуурч давхисан олон хүнд оновчтой хариулт болно. Чухам хэлсэндээ байж чадсан уу, үгүй юу, 10-аад жил үргэлжилж байгаа энэ дайнд дажин нэмсэн үү гэдгийг мэдэх нэг нь мэдэх биз ээ. Ямартай ч Түвшинжаргал гэж энэ дуучны хувийн амьдралын хуудуутай явдлаас шалтгаалан лав хэд хэдэн эмэгтэйн нулимс хацар исгэн урсдаг гэдгийг өнөөдөр нийгэм харав. Аавыгаа өөр айлд алдсан хүүгийн хагацал үүрсэн үг ч сонсогдож байна. Шүүх засаглалынхны шүүрхий ажиллагаа ч илчлэгдлээ.Нэг л зүйл үнэн. Бид бүгдээрээ дэргэдэх хүнийхээ зүрх сэтгэл дээр амьдардаг. Тэр сэтгэлийг гэмтээх эрхгүй. Харин энэ хязгаарыг тэр эр давжээ. Дарьгангын дууч шувуухай, Алтан-Овооны охин...Монгол Улсын Ардын жүжигчин...ямар ч нэр төрийн ард эмэгтэй хүний эгэл оршихуй байдаг. Эгэл оршихуйгаа дэлгэж, энэ биедээ үүрч яваа зовлон, энгэр нэвт нулимсаа тэр ард түмнийхээ өмнө асгалаа. Аргагүй л тэвчээрийн чагтага алдуурчээ. Түвшинжаргалын нэхэмжилсэн 200 саяын 70 орчим сая төгрөгийг барагдуулж, тэтгэврээ хураалгаж, дансаа хаалгачихаад сууж байна. Ямар үнэтэй хань байгаа вэ, яасан үнэтэй биеэ үнэлэлт вэ? Нугарашгүй бардам сэтгэл нугарахын цагт нулимс өөрөө ивлэдэг. Одоо жаахан л тэс, дахиад жаахан л тэвч....дуучиндаа хайртай ард түмэн дугарааг өөрт чинь авчрах биз ээ. Бүх мэдээллийг цаг алдалгүй хүргэж, явцыг нь мэдээлж байхыг харин эрхэм сэтгүүлчид мэднэм зээ. Учир явдлын гаргалгааг мэдэх хуульч өмгөөлөгчид ухаан, сэтгэл гарган туслах шаардлага бас бий. Нэг гэр бүлийн хэрэг явдал мэт боловч нийгмийн сэдэв бол энэ. Хэлж ярихгүй л байгаа болохоос дэр хуваалцсан эрдээ хамаг байдгаа сэгсрүүлээд, дэрс шиг нүцгэн үлдсэн эмэгтэйчүүд цөөнгүй. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэж "Шадар гурван цэрэг"-ийн алдарт уриаг хэлмээр байна. Эрхэмсэг дуучны маань эвлүүлж ядан хэлсэн үнэн, гутамшиг доромжлолыг гэтлэн байж нээсэн сэтгэлийн үгс үр дүнгээ авчрах болтугай!.
Нугардаггүй сэтгэл нугарахын цагт нулимс өөрөө ивлэдэг...
2019/05/09 14:05
Сэтгэгдэл