Тос тосон бумбын нуруу орчмыг талхлан сүйтгэж байна гэв


Тост, Тосон Бумбын нуруу орчимд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль экологи, хүн ам, амьтан ургамалд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөнтэй хамтран мэдээлэл хийлээ.

Тостын нуруунд уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосноос таван тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, гурван ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээ байна. Үүнд ашиглалтын 43153.96 га талбайг “Саусгоби коэл транс” ХХК, үлдсэн ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл бүхий 16361,72 га талбай болон хайгуулын тусгай зөвшөөрлийн 8010,74 га талбайн хамт нийт 24372 га талбайг Солонгосын хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК, харин хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд нүүрсний хайгуулын 10 талбайн 112681,08 га талбайг долоон ААН, алтны хайгуулын гурван тусгай зөвшөөрлийн 6511,71 га талбайг гурван ААН, ховор металлын нэг тусгай зөвшөөрлийн 19,35 га талбайг нэг ААН тус тус эзэмшиж байна.

Дээрх уул уурхайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа талбайд 75 өрхийн 22847 толгой мал, 20 гаруй булаг шанд байна. Мөн Гурвантэс сумын есөн гайхамшигт ордог “Хүрэн ханын хэц” нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар ч энд багтдаг. Тостын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог аж. Тостын нуруунд тусгай зөвшөөрөл эзэмшиж буй ААН-үүдээс хамгийн их, түүний дотор хамгийн том ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэмшиж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби коэл транс” ХХК Тост, Тосон бумбын нуруу орчимд амьд хүн бүү хэл барагтай амьтан тогтож сууж, ургамал төрөл зүйлийг нүдэнд харагдаж гарт баригдах юмгүй болтол нь талхлан сүйтгэсэн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.