Дугаарын төгсгөлөөр бус түрийвчний хэмжээгээр зам ашиглана


Нийслэлийн замыг бүсчлэн хувааж, ирэх сарын 15-наас хэрэгжүүлэхээр болжээ. Иргэн та автомашины дугаарын төгсгөлийн тооныхоо дагуу 7 хоногт нэг удаа /зарим үед тэгш, сондгойгоор/ хөдөлгөөнд оролцдоггүй. Харин одоо хотын төв рүү нэвтрэх боломжгүй болох нь ээ. Гэхдээ жолоочийн хариуцлагын дагуу мэт харагдавч машины марк, амьжиргааны түвшнээрээ ялгарах нь. Хэдэн жилийн өмнө АСЕМ болохын өмнө царайлгууд хотдоо үлдэж улсынхаа нүүр царай болж, бусад нь хүний нүднээс далд хөдөө, гадаа байжбай гэх шоглоом үг л биелэлээ олчих гээд байх шиг байгаа юм.

Өчигдөр нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгахын тулд цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Тиймээс нийслэлийн замын хөдөлгөөнийг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваах төлөвлөгөөтэйгөөр бэлтгэлээ ханган ажиллаж байна. Ингэхдээ хотын А, В бүсчлэлд зохицуулалтыг хийж, бүх авто зогсоолыг төлбөртэй болгоно. Харин С бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилдгээрээ үйлчилнэ...

Хотын “А” бүсчлэлд автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор нь хязгаарлан оруулах бол “В” бүсчлэлд гарагийн хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцохоос гадна татвараа төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй, үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй  автомашиныг “А”, “В” бүсчлэлд нэвтрүүлэхгүй байхаар тусгасан” гэв.

За ингээд нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваахдаа:

“А” бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл, Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл, С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсгийг хамрах юм.

Үүнийгээ хотын “А” бүс дэх автомашины хөдөлгөөн 50 хүртэл хувиар буурна гэж онцлоод, “Том зургаар нь харвал иргэд автомашины зөв хэрэглээ рүү орж байгаа юм” гэж байлаа.

Ердөө баян, ядуугийн хорооллыг ялгаж байна уу л гэхээс аргагүй болно. Хотын болоод улсын гэх тодотголтой хамаг байгууллагаа төвийн гудамжиндаа төвлөрүүлчихээд энгийн иргэдээ автомашинтайгаа очихыг нь хориглож байгаа нь ялгаварлан гадуурхалт гэхээс өөр юу байх билээ. Тэгснээ бас цагийн хязгаартай гэчихжээ. Гэгээн цагаан өдрөөр борчууд байтугай хөдөөнийхөн төвөө үзэгдэж болохгүй юу. Шөнө, оройн цагаар сүрхий солио тусчихаагүй хотын төвийг яах гэж зорино гэж.

Үнэхээр ингэж шийдэх гэж байгаа бол “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн хийх ажил өчнөөн бий, нийслэлд. Хорьж дийлэхгүй байгаа автомашинаа хилээр оруулж ирэхэд нь хяналтаа тавиад, шаардлагаа өөрчлөх боломж байна. Бизнес эрхлэгчдийн эсэргүүцэл, тэдний орлого, ашиг үгүй болно гэж үү. Үгүй дээ ёстой том зургаараа бол улсад төлөх татвар нь буурах байх. Ард иргэд аргаа олоод амьдардаг юм.

Ихэнх хүн автомашинаараа ганцаараа зорчдог. Нийтийн тээврээр яв гэнэ үү. Үгүй дээ. Нийтийн тээвэрт хулгай, хүмүүсийн хэрүүл, тэмцэл нүүрлэчихсэн. Дээр нь хүлээлгэ ихтэй, хүнд суртал дүүрэн. Ийм байхад иргэдийг л дээрэлхэх хэрэг үү.

Аа, тийм унадаг дугуйчин болгохын тулд замыг нь засч өгөх юм гэсэн. Үгүй дээ, гэрийнхээ үүдэнд тавьсан дугуй алга болчихно. Хотын гудамжинд түрээсээр унуулдаг дугуйнх нь ихэнх өнгөрсөн жил мөн л хулгайлагдаад олдоогүй. Тийм байхад дугуй унаад, түүнийгээ хэрхэн хямгадаж яв гэж байгаа хэрэг вэ.

Улстөрчид олон нийтэд таалагдахын тулд тодорхой үүрэг өгдөг ч цаагуураа өөрсдөдөө ашигтай хууль баталж суудаг. Харин албан тушаалтнууд улстөрч, хөрөнгө зоорь ихтэй хүмүүст таалагдах дүрэм, журам гаргадаг болж байна уу.

Төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг энгийн иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө аливааг амжуулж чадаагүй бол алагчилж, амьдралын түвшнээр нь битгий ялга л даа. Энэ янзаараа бол хотынтөв рүү приус машинтай иргэн байтугай өсгий нь далийсан гуталтай хүн ч орохыг хориглох нь.

Журмаар хориглож, татвараар дээрэлхэж, торгуулиар эрхийг нь боомилоод байхаар нийслэлчүүд бид ардчилсан нийгэмд амьдарч байна гэж хэлэхээс ичих байтугай л асуудал үүсэх нь байна шүү.

Х.Маргад

Эх сурвалж: erennews.mn

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.