Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.08.19-22-ны өдөр нийт 1191 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 795 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 25 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна.
Энэ 7 хоногт зам тээврийн ослын улмаас 9 хүүхэд гэмтэж бэртэж, 1 хүүхдийн амь нас хохирсон байна. Гэмтсэний хүүхдүүд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд оржээ
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2019.08.19-ний өдрийн 15 цагийн орчимд Дундговь аймгийн Өлзийт сум “Хашаатын бууц” гэх газар /аймгийн төвөөс зүүн урагш 90 км/ шороон замд “Хаожүе” маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй Б нас барсан.
2019.08.19-2019.08-20-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Богд сумын 5-р баг “Хондлой” гэх газар /Сумын төвөөс баруун урагшаа 70 км/ шороон замд О жолоочтой Мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож жолооч 39 настай, эмэгтэй О нас барсан.
2019.08.20-ны өдрийн 15.45 цагт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р баг “Цахиуртын ар” гэх газар /Сумын төвөөс хойшоо 16 км/ асфальтан Toyota Prius автомашины жолооч А нь Toyota Prius А жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 50 настай, эрэгтэй Г нас барсан
2019.08.19-ний өдөр 23:55 минутын орчимд БЗД-ийн 4 дүгээр хороо Доржийн гудамж, “Их засаг их сургууль” зүүн урд замд Toyota Prius автомашины жолооч Г нь явган зорчигч 43 настай, эрэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироосон.
2019.08.22-ны өдрийн 15.00 цагийн орчим Архангай аймгийн Тариат сум “Тэрхийн гүүр” гэх газарт /Сумын төвөөс баруун хойш 30км/ шороон замд Toyota Prius автомашины жолооч Б нь явган зорчигч 1 нас 8 сартай, эмэгтэй, Г-г мөргөж амь насыг нь хохироосон
Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 16, мөргөлдөх хэлбэрээр 2, онхолдох хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 132 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7.4 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 7.7 хувиар, гэмтсэн хүний тоо 13,6 хувиар өссөн бол зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 28,5 хувиар буурсан байна.
Сургууль, цэцэрлэгийн зуны амралт дуусаж нийслэл хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул эцэг, эх та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтаа сайжруулж, 10 хүртэл насны хүүхдийг замын хөдөлгөөнд бие даан оролцуулахгүй байхыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Сэтгэгдэл