АНУ-д жил тутам 36 сая мод үгүй болж байна


Модод зуны улиралд агаарын температурыг Цельсийн 0.3 хэмээр бага байлгадаг болохыг АНУ-ын Висконсин муж улсын их сургуулийн судлаачид тогтоожээ. Харин АНУ-ын хотуудын ногоон байгууламж улам багассаар байна.

АНУ-ын Ойн сангийн асуудалд хариуцсан газрын өнгөрсөн оны судалгаанд дурдсанаар, АНУ-ын хот болон орон нутгийн мод сүүлийн таван жилийн хугацаанд жил тутам 36 саяар буурсан ажээ.

"Цаашид энэ хэвээр үргэлжилсэр байвал хотууд улам халуун, бохирдол ихтэй болохын зэрэгцээ оршин суугчдын эрүүл мэнд улам их эрсдэлд орно” гэж АНУ-ын Ойн сангийн асуудалд хариуцсан газрын мэргэжилтэн Дэвид Новак ярьсан байна. Түүний хэлснээр, ногоон байгууламжийн хэмжээ буурч байгаад хар салхи, гал түймэр, хортон шавж зэрэг олон хүчин зүйл нөлөөтэй боловч хүний буруутай ажиллагаа ихээхэн нөлөөлдөг ажээ.

Д.Новак моддын нийгэмд өгөөжтэй 10 ашиг тусыг нэрлэжээ.

Агаарын температурыг бууруулдаг. Модод байшингууд, оффисын барилгууд, цэцэрлэгт хүрээлэнгүүд болон замуудыг сүүдэрлэснээр гадаргуугийн температурыг бууруулдаг.

Агаарын бохирдлыг бууруулдаг. Модод нүүрстөрөгч болон агаар дахь бохируулагчдыг өөртөө шингээн авдаг.

Эрчим хүчний зардлыг бууруулдаг. Д.Новакийн судалгаанд дурдсанаар, модод эрчим хүчний зардлыг жилд 4 тэрбум ам.доллараар бууруулдаг ажээ. Модод байшин барилгуудыг сүүдэрлэснээр агааржуулагчийн зардлыг хэмнэдэг. Хэрэв модод байхгүй бол барилгуудын дотор улам халуун болж, агааржуулагчийг ихээр ажиллуулж, цахилгаан станцууд илүү их нүүрс шатаах болно.

Усны чанарыг сайжруулдаг. Модод усыг цэвэршүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гадаргуугийн бохир уснаас азот болон фосфорыг хөрс рүү шингээдэг.

Үерийн аюулыг бууруулдаг. Модод усыг шингээснээр үерийн аюулыг багасгадаг.

Дуу чимээг багасгадаг. Модод дуу чимээг сарниулдаг. Моддоор хүрээлүүлсэн хурдны зам болон хот тосгодын дундах замын ялгаанаас үүнийг мэдэж болно. Мөн шувуудын жиргээ, навчны сэрчигнээн зэрэг бие махбодод ашиг тустай чимээг сонсох нөхцөлийг бүрдүүлдэг.

Нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Модод хэт ягаан туяаны 96 хувийг өөртөө шингээдэг гэж Д.Новак ярьжээ.

Үзэмжийг сайжруулдаг. Модод харагдах байдлыг сайжруулж, хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлдэг эсэхийг ямар ч үл хөдлөх хөрөнгө зуучлагч, архитектор, хот төлөвлөгчөөс асууж болно.

Ан амьтдын амьдрах орчныг бүрдүүлдэг. Шувууд модонд үүрээ засан амьдардаг бөгөөд дэлхий даяар олон төрлийн зэрлэг ан амьтан ой модонд амьдарч байна.

Эрүүл мэндэд тустай. Байгальд ойр байх нь хүний оюун санаа болон бие махбодын эрүүл мэндэд ихээхэн тустай болохыг олон судалгаагаар тогтоосон байдаг. Уг судалгаануудын дагуу зарим эмнэлэг ногоон байгууламж байгуулж, байгалийн зургуудыг өлгөсөн байдаг ажээ.

Э.Хулан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.