Цөмийн салбарт олон улсын өмнө авсан үүрэг амлалтаа хянан үзэх асуудлыг Ираны эрх баригчид хэлэлцэж байна гэж Ойрх Дорнодод суугаа Kazinform агентлагийн тусгай сурвалжлагч мэдээлжээ.Ираны парламентын хэсэг депутатууд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай Гэрээнээс тус улсыг гаргах тухай хуулийн төслийг ням гарагт өргөн барьсан байна. Хуулийн төслийг маш яаралтай батлах горимоор батлахаар өргөсөн барьсан байна. Гэхдээ парламентын спикер Мохаммад Багер Галибафын зөвшөөрсний дараа нээлттэй хэлэлцүүлгийг явуулах ёстой.
Депутат Хосейн Али Хажиделигани ням гарагт болсон парламентын хуралдааны үеэр хэлэхдээ “уг гэрээнд цаашид оролцох нь цэргийн мөргөлдөөн, олон улсын шахалт дарамт өргөжиж буй энэ үед манай улсын эрх ашигт нийцэхгүй” гэжээ.
Дайсагнагч тал манай улсад хоёр удаа цохилт өгсөн энэ үед Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд оролцох нь бидэнд хохирлоос өөр юу авчрахгүй гэж тэрбээр хэллээ.Ираны тал хяналт шалгалтын журмыг мөрдөн сахихгүй байгаа тул Ираны цөмийн асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд шилжүүлэх тухай Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /ОУЦЭХА/Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан нь дээрх хуулийн төслийг санаачлах бас нэгэн шалтгаан болсон гэдгийг Хосейн Али Хажиделигани дурдсан байна.
Саяхан Ираны Үндэсний аюулгүй байдлын Дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резам мэдэгдэхдээ, дээрх гэрээнээс гарах асуудлыг тус улсын удирдлага хэлэлцэж байгааг баталсан юм.
Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ 1970 оноос хойш үйлчилж байгаа бөгөөд Ираны тал уг гэрээнд цөмийн зэвсэггүй улсын хувиар оролцдог. Тус улсын цөмийн бүх объект ОУЦЭХА-ийн баталгаа, хяналтад байдаг бөгөөд тус улсын цөмийн хөтөлбөр нь зөвхөн энхийн зорилготой гэдгийг Техраны эрх баригчид мэдэгдсээр ирсэн юм.Ираны цөмийн объектуудад 2025 оны зургаадугаар сард цохилт өгөхөөс өмнө Иранд 60 хувь хүртэл баяжуулсан 440 кг ураны нөөц байсан гэж ОУЦЭХА тооцоолжээ. Харин цохилтын дараа энэ нөөц хаана байгаа нь тодорхойгүй байна.
Б.Адъяахүү


Сэтгэгдэл