Францын ахлах сургуулийн сурагчдын эхлүүлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн эхлээд даруй хоёр сарын нүүр үзэж байгаа ч намжих янзгүй байна. Анги дүүргэлт, багшийн хомсдолын асуудлаас эхтэй жагсаал сүүлийн хэдэн 10 жилд байгаагүй өргөн цар хүрээг хамарч, хилийн чанад руу хүртэл халилаа.
Өнгөрсөн амралтын өдрөөр л гэхэд Франц даяар 146 мянган хүн жагсаалд оролцсоны дотор Парист 46 мянган хүн цугларсныг Дотоод хэргийн яам мэдээлжээ. Харин үйлдвэрчний эвлэлүүдийн мэдээлснээр нийт 250 мянган хүн, үүнээс 75 мянга нь Парист жагссан байна. Үүнээс хэдхэн хоногийн өмнө үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулсан жагсаалд ойролцоогоор 575 мянган хүн оролцсон аж.
Мөн Францын гурав дахь том хот болох Лионд хэдэн зуун хүн жагсаж, 70 мянга орчим аюулгүй байдлын алба хаагч дайчлагдсан байна.
Жагсагчдын тоо өмнөх долоо хоногуудтай харьцуулахад буурсан ч Парист цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, бороохой ашиглахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссээр байгаа бололтой.
Өнөөдрийн байдлаар эсэргүүцлийн жагсаалууд хөрш орнуудад өргөжин тэлж, сэдэв агуулга нь томорсоор шатахууны үнэ, цалин хөлс, орон сууц зэрэг олон асуудлыг хамарч байна. "Al Jazeera" агентлаг Европын аль аль улсад жагсаал өрнөж буйг газрын зурагт үзүүлжээ.

Зэвсэгт мөргөлдөөн, үйл явдлын мэдээллийн сан буюу "ACLED"-ийн мэдээлэлд хийсэн дүн шинжилгээг харцгаая.
Франц даяар есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 30-ны хооронд боловсрол, төрийн үйлчилгээ болон амьжиргааны өртөгтэй холбоотой 100-аас дээш хүнийг хамарсан 1200 гаруй жагсаал, үймээн болсон байна. Дээр дурдсанчлан, энэ хөдөлгөөн есдүгээр сарын дундуур ахлах сургуулиудад эхэлсэн бөгөөд сурагчид анги танхимын хэт ачаалал, багшийн хүрэлцээ муу, сургуулийн барилгууд муудсан талаар гомдол гаргаж байв. Улмаар энэ нь амьжиргааны өртөг өсч буйг эсэргүүцсэн өргөн хүрээний жагсаал болж, үйлдвэрчний эвлэлүүд болон "Шар хантаазтнууд"-ын хөдөлгөөн нэгдсэн бөгөөд зарим газарт үймээн, дээрэм тонуул дагалдсан байна.
"ACLED"-ийн бүртгэлээс харвал сүүлийн таван жилийн хугацаанд Францад өдөрт дунджаар 20.5 жагсаал болдог байжээ. Энэ нь заавал олон хүнийг хамарсан байх албагүй, ямар нэг хэмжээгээр хүмүүс цугласан, жагссан, эсэргүүцсэн, хөдөлгөөн өрнүүлсэн болгоныг тоолж байгаа юм. Гэтэл яг одоо энэ үзүүлэлт бараг өдөрт 66 болж өсөөд байгаа нь ердийн үеэс гурав дахин их тоо юм.
Мөн эсэргүүцлийн хөдөлгөөнүүд ихэвчлэн 20 орчим хоног, томоохон хөдөлгөөнүүдийнх 36 орчим хоног үргэлжилдэг. Энэ удаад 45 хоног үргэлжилж байгаа бөгөөд одоо ч дуусаагүй байна.
Дээрх тоон үзүүлэлтээс илүү анхаарал татаж байгаа зүйл нь мөргөлдөөний түвшин юм. Өнөөдрийн байдлаар Францад өрнөж буй жагсаал, цуглаан, хөдөлгөөнүүдийн бараг дөрөвний нэг буюу 24.2 хувийг үймээн самуун гэж ангилсан нь өмнөх мөчлөгүүдийн дундаж үзүүлэлт болох 1.9 хувиас хавьгүй өндөр тоо байгаа юм.
2023 онд 17 настай Наэль Мерзук хүү цагдаа нарт буудуулж амиа алдсаны дараа эмх замбараагүй байдал үүсэхэд л үймээн самууны хувь үүнээс өндөр байжээ.
Эмх замбараагүй байдал гаарахын хэрээр цагдаа нарын хариу арга хэмжээ ч шүүмжлэл дагуулаад буй. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс томилогдсон шинжээчид Францын эрх баригчид сурагчдын жагсаалыг тараахдаа хэт их хүч хэрэглэж байгаад түгшиж буйгаа өнгөрсөн сарын 28-нд илэрхийлжээ. Жагсагчдын олонх нь насанд хүрээгүй хүмүүс байгаа тул тэднийг баривчилж, саатуулах нь хэтрүүлсэн арга хэмжээ мэт харагдаж байгаа аж. Мөн энэ нь хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсах эрхэд халдаж байна гэж шинжээчдийн мэдэгдэлд дурджээ.
ЕВРОП ДАЯАРХ ЖАГСААЛУУД
Өмнө хэлсэнчлэн дан ганц Францад л эсэргүүцлийн жагсаал өрнөөд байгаа юм биш. Европын 30 оронд есдүгээр сарын дунд үеэс хойш амьжиргааны өртөг, цалин, төрийн үйлчилгээний хүртээмжгүй байдлыг эсэргүүцсэн жагсаалууд гарсан байна.
"ACLED"-ийн мэдээлэлд хийсэн дүн шинжилгээг харвал, есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 30-ны хооронд Европ даяар 100-аас дээш хүнийг хамарсан 1700 гаруй жагсаал, үймээн болсон байна.
Бусад орнуудын жагсаал Францын хэмжээнд хүрээгүй ч бухимдал бусад улс руу тархаж буйн дохио байж магадгүй гэж Европын холбооны эрх зүй, бодлогын профессор Альберто Алеманно хэлжээ. Тэрбээр "Франц бол энэ хөдөлгөөний гол төв нь. Одоо энэ хөдөлгөөн Францаас хальж тархаж эхэлж байгааг илтгэх шинж тэмдэг ажиглагдаж байна" гэжээ.
Тэгвэл аль улсад хамгийн олон жагсаал болсон бэ?
Франц жагсаалын тоогоор тэргүүлж байна. "ACLED"-ийн мэдээллээс харвал, есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 30-ны хооронд Францад 1200 гаруй жагсаал, үймээн бүртгэгдсэн. Үүний дараа Испанид 173, Италид 160, Германд 70, Португалд 33 жагсаал болжээ.
Испанийн парламент өнгөрсөн сард орон сууцны асуудлыг шийдвэрлэх хоёр яаралтай тогтоолыг батлахаас татгалзсан учир олон мянган хүн эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Энэ нь ерөнхий сайд Педро Санчесын цөөнхийн засгийн газарт томоохон цохилт болсон юм.
Италид амьжиргааны өртгийн хямрал болон боломжийн үнэтэй орон сууцны хомсдолыг эсэргүүцэн иргэд жагсчээ. Түүнчлэн Португалд амьжиргааны өртгийн хямрал, бага цалин, томоохон хотуудад орон сууцтай болох боломжгүй байгааг эсэргүүцэн хэдэн арван мянган хүн жагссан байна.


Сэтгэгдэл